Улаанбаатарын утаа "гамшиг" болсныг хүн болгон мэдэж байгаа. Нийслэлийн утааг багасгах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, Агаарын бохирдлыг бууруулах ажилд хяналт тавих Үндэсний хороо, Агаарын чанарын алба, “Цэвэр агаар” сан шинээр байгуулагдаж, хөрөнгө төсвөө нэмж, утааны эсрэг ихээхэн хөрөнгө хүч хаясаар, хэдэн тэрбумаар нь зарцуулсаар гэх тайлбарыг өгөөд байгаа. Бид ч энэ тухай улиг болтлоо сонсож, уншиж, бичсээр л... Гэвч утаа буураагүй юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотын жагсаалтын хоёрдугаарт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг нэрлэсэн байна. Олон нийтийн эрүүл мэндийн институтын судалгаагаар Улаанбаатарт агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчлөл 2004 оноос 2008 оны хооронд 45 хувиар нэмэгдсэн аж.

Харин Иран улсын Ахваз хот агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийн бусад хотуудыг тэргүүлжээ. Түүнчлэн агаарын бохирдол өндөртэй хотуудад Индонезийн нийслэл Жакарта, Энэтхэгийн Канпур, Ираны Тегеран, Пакистаны Кветта, Хятадын Шанхай тус тус нэрлэгдсэн байна.

Дэлхий дээр өдөр бүр таван сая хүн агаарын бохирдлоор хордож байна. Хөгжиж буй орнуудын нас баралтын шалтгааны 25 хувь нь байгаль орчны хүчин зүйлтэй холбоотой байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдээд байсан билээ.

Тэгвэл Монгол улсын Нийслэлийн араас Хөвсгөл аймгийн Мөрөн сумынхан жагсах боллоо. Учир нь Мөрөн суманд сүүлийн жилүүдэд агаарын бохирдол нэмэгдсээр азотын давхар исэл агаарт зөвшөөрөгдөх хэмжээнээс даруй 0,0001-0,0006 млграмм шоо метр давж бохирдол үүссэн байгаа гэдгийг аймгийн МХГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч н.Даваасүрэн хэллээ.

Агаарын бохирдлыг үүсгэж байгаа гол эх үүсвэр нь Мөрөн сумыг халааж байгаа Зургаан  уурын  зуух бөгөөд өнөөдөр эдгээр зуухны янданд утааг шүүх төхөөрөмж суулгуулаагүй барилга байгууламжийн хаалга цонх дээврийг засварлаагүйгээс зуухнаас гарч байгаа утаа тортог  шууд барилга байгууламжийн онгорхой хэсгээр гарч хөрс, агаарыг бохирдуулж байгаа гэнэ.

Агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн учраас УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Цэвэр агаар санд хандаж Мөрөн сумын агаарын бохирдлыг бууруулахад 100 сая төгрөгийг шийдвэрлүүлсэн аж.

Ийнхүү Нийслэл дэлхийд хоёрдугаарт бичигдсэн бол Улаанбаатар араасаа  Мөрөн сумыг дагууллаа.

Аль газраас ирсэн амьтан бэ? Чи гэдэг шиг “Утаа” гэгч зүйл Монголчуудын толгойн өвчин болоод байна гэхэд хилсдэхгүй. Амтай болгон өглөө оройдоо энэ утааг гээ гэж уулаг алдаж буй. Үүнийг ялтай ч билээ дээ.  

Х.Даваа