Чингэлтэй дүүргийн 1-р хороо буюу Хангарьд ордоны хажууд Ерөнхий сайд асан Ц.Жигжиджавын амьдарч байсан модон байшин байдаг. Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байрлах уг байшинг нураах сонирхол зарим нэгэнд нь байдаг бололтой. Уг байшинг тойруулж багана босгоод дээр нь барилга барихаар төлөвлөн нүх ухаад эхэлжээ.

1930 оны дөрөвдүгээр сарын 27-нд Ц.Жигжиджав Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож байв. Улмаар 1932-1933 онд Худалдаа зам тээвэр, харилцан нэвтрэлцэх яамны сайдаар ажиллаж байсан бөгөөд тэрээр Монголын түүхийн нэг хэсэг юм.

http://mass.mn/ckeditor_assets/pictures/48741/content_img_3062.jpg

Энэ түүхэн хүний нэрээр нэрлэгдсэн гудамж Сүхбаатарын талбайн орчим байдаг. Сүхбаатарын талбайн урд тал Монгол улсын найм дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ц.Жигжиджавын амьдарч байсан байшин байдаг учраас тэр хавийг Жигжиджавын гудамж хэмээн нэрлэдэг. Тэгвэл Ц.Жигжиджавын амьдарч байсан байшинг өнөөдөр худалдаа үйлчилгээний чиглэлээр түрээслүүлдэг байна. Уг байшингийн ойр орчмыг хэд хоногийн өмнөөс цэгцэлэж эхэлсэн байна. Улмаар хажуугийн өргөтгөл хэсгийг нурааж, дээврийг намсгажээ.

 

Энэ талаар тус байшинд түрээсийн үйл ажиллагаа явуулдаг хүнээс тодруулахад хариуцсан хүн нь алга, мэдэхгүй, хэзээ ирэхийг нь мэдэхгүй гэв. Харин эх сурвалжийн хэлж байгаагаар уг байшинг тойруулан өндөр баганууд босгож байгаад дээр нь байшин барихаар төлөвлөөд байгаа ажээ. Улмаар нүх ухаад эхэлсэн байлаа. Тодруулбал байшингийн ард талд нь ижил хэмжээтэй 2м гүн гурван нүх ухсан байв.

Энэ талаар нийслэлийн хот төлөвлөлтийн газраас тодруулахад мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Харин албаны эх сурвалж барилга барихаар яригдаж байгаа. Яг батлагдаад, эцэслээд шийдэгдсэн зүйл байхгүй гэв. Эцсийн байдлаар батлагдаагүй байхад өнөөдөр хэн нэгэн нь уг байшинг тойруулж таван давхар барилга барихаар архететорын даалгавар батлуулаад “гүйж” байна. Монголын түүхийн нэг хэсэг болсон энэ байшинг нураахгүй ч гэсэн дээр нь барилга барих гэсэн хэн нэгний эрх ашгийн төлөө уг байшингийн дээврийг намсгалаа, өргөтгөлийг нь нураалаа.

Уг байшингийн дээр барилга барих боломж энгийн нүдээр харахад боломжгүй харагдаж байв. Учир нь байшингийн урд нь байгаа байрны нарны гэрлийг хаана. Хоёр хажуу талдаа хамгийн багадаа 10м-ийн зайтай бол барилга байгууламж байх ёстой. Гэтэл уг байшингийн хоёр талд ядаж ганц метр хүрэхгүй орчин байна. Ийм байхад барилга хэрвээ барих юм бол хөрсний нуралт үүсэх, хажуу талын барилгад суулт өгөх, цуурах зэрэг сөрөг талтай. Цууралтын улмаас нурах эрсдэл нэмэгдэх бөгөөд хүний амь нас, эд хөрөнгийн хохирол учирч болзошгүй байна. Тиймээс болзошгүй эрдслээс сэргийлэх үүднээс энэ барилгын ажлыг болиулах шаардлагатай бизээ. Хэн нэгний эрх ашгийн төлөө хотын А зэрэглэлд бусдыг эрсдэлд оруулах нь зөв үү гэдгийг бодох л асуудал.

А.Баярмаа