УИХын намрын чуулганаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. нийгэмд, ялангуяа багш нарын дунд хүлээлт үүсгээд байгаа уг хуулийн төслийг өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн ч гишүүдээс зарчмын зөрүүтэй олон санал гарсан тул хойшлуулсан юм. Хуулийн төсөл санаачлагчдын зүгээс намрын чуулганаар гишүүдийн тавьсан санал, зөвлөмжийг нэмж тусган, хэлэлцүүлэхээр төлөвлөсөн.

Монгол Улсад 2016 оны байдлаар 48577 орчим багш ажиллаж байгаагаас ерөнхий боловсролын сургуульд 28490, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 12966, их, дээд сургууль, коллежид 7121 багш тус тус ажиллаж байна. Боловсролын салбарын байгууллагад нийт 100 мянга гаруй иргэн ажиллаж байна гэсэн тоон мэдээлэл бий. Тиймээс монгол Улсын хөгжлийг түүчээлэх багш нарт зориулсан тусгайлсан хуулийн зохицуулалт байдаггүй тул энэхүү төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийн гол үзэл баримтлал нь багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих, нэр хүндийг өсгөх, хөдөлмөрийг бодитой үнэлэх, нийгмийн асуудалд анхаарахад оршиж буй гэдгийг төсөл санаачлагч, УИХын гишүүн Ж.Энхбаяр тайлбарладаг. Хуулийн төслийн гол зүйл заалтуудаас дурдвал, боловсролын салбарт туршлагатай ажиллаж байгаа багшийг урамшуулах, чадавхижуулах зорилгоор 5, 10, 15 дахь жилдээ ажиллаж байгаа багшийг улсын, хувийнх гэдгээс үл харгалзан мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах зардлыг төсвөөс хариуцах, Засгийн газрын нэрэмжит тэтгэлгээр гадаадад суралцах боломж олгох, боловсролын байгууллага бүрийг Багшийн хөгжлийн төвтэй болгох, олон хүүхэдтэй нэг, хоёрдугаар ангид туслах багш нэмж ажиллуулах зэрэг анхаарал татсан заалтууд тусгажээ.

Тэрчлэн багш өөрөө зүтгэлтэй байж, хөгжих хүсэл тэмүүлэлтэй бол магистр, докторын өдрийн ангид суралцахад нь амьжиргааны баталгаажих түвшинтэй тэнцэх хэмжээний тэтгэлэг олгож болно гэж заасан нь багш тасралтгүй хөгжих хөшүүрэг болж байна. сүүлийн үед багш мэргэжлийг эзэмших сонирхолтой залуусын тоо буурч байгаатай холбогдуулан зах зээл дэх багшийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан энэ мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад тэтгэлэг олгох талаар ч тусгасан байна.

ЕбС-ийн нэг, хоёрдугаар ангид туслах багш ажиллуулна

Багш нарын эрүүл мэнд, нийгмийн чиглэлд ч анхаарал хандуулсан зүйл заалтыг тусган оруулсан байна. Тодруулбал, хөдөө орон нутагт тав болон түүнээс дээш жил тогтвортой ажиллаж байгаа багшид 30 хүртэлх сая төгрөгтэй тэнцэх орон сууцны дэмжлэг үзүүлэх, багш өөрөө болон түүний эхнэр, эсвэл нөхөр гурван сараас дээш хугацаанд хүнд өвчний улмаас эмчлүүлж байгаа бол зургаа хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг нэг удаа олгоно гэжээ. мөн шавь нар нь сурлагын тодорхой амжилт үзүүлж, заах арга барил, өөрийгөө хөгжүүлэх идэвх өндөр байвал багшийн мэргэжлийн зэргийг хугацаанаас нь өмнө ахиулах боломж олгох юм байна.

АЖИЛДАА САЙН БАГШИД УРАМШУУЛАЛ ОЛГОНО

ажилласан таван жил тутамд нь зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгоно гэж заасан нь нийгмийн хамгааллын томоохон дэмжлэг бөгөөд ар гэртээ санаа чилээхгүй ажлаа хийх боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих, эрүүл мэндийн үзлэг оношилгоонд жилд нэг удаа үнэгүй хамрагдах, гурав сар хүртэлх хугацаанд цалинтай бүтээлийн чөлөө олгох зэрэг нэмэлт урамшууллыг ч энэ хуулийн төсөлд багтаасан нь багш нарын талархлыг хүлээж байна. 

Харин эдгээр урамшуулал нь багшийг хариуц лагатай байлгах томоохон тогтолцоо болох юм. Багш өөрийн хүлээсэн үүргээ үл ухамсарлаж, ёс зүйн болон сахилга хариуцлагын зөрчил гаргавал эхний ээлжинд сануулга өгөх, ажлын үр дүнгээс хамаарсан урамшууллыг хасах, удаа дараа зөрчил гаргасан багшийн эрхийг хасч, ажлын байрнаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах тухай хатуу хуульчлах аж. Ийн багшийн хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэснээр багш мэргэжлийн үнэ цэнэ нэмэгдэж, багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.

Б.Бямбасүрэн

Засгийн газрын мэдээ