Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг насаараа өндөр албан тушаал хаших ордод төрсөн гэж зарим нэгэн нь ярьдаг. Гэмт хэрэгт холбогдсон ч, эрүүл мэндийн шалтгаантай байсан ч Д.Сугар Үндсэн хуулийн цэцийн гишүүн болж “дэвшиж” байсан түүх саяхных. Тэгвэл яг энэ түүхийг Зам тээврийн сайд асан А.Гансүх давтахаар бэлтгэл ажлаа хийж байна.

Хэрвээ Үндсэн хуулийн цэцийн гишүүн болох юм бол  УИХ-ын гишүүн шиг “бүрэн эрх” эдэлдэг. Өөрөөр хэлбэл гэмт хэргээс сугараад гараад ирэх боломжтой. Үүгээр ч зогсохгүй хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь А.Гансүхийг ҮХЦ-ийн гишүүнээр ажиллаж байх хугацаанд дуусна. Ингэснээр  ҮХЦ-ийн гишүүнээс чөлөөлөгдөхөд холбогдож байсан гэмт хэрэг нь дахин сөхөгдөхгүй. Яг ийм гаргалгаа байгаа болохоор  Зам тээврийн сайд асан А.Гансүхийг, Д.Дорлигжавтай хамт  ҮХЦ рүү “чихэх” ажил хийгдээд эхэлсэн байна.  Ингэхдээ  А.Гансүхийг Д.Наранчимэг, Н.Жанцан, Т.Лхагва нарын хэн нэгнийх нь оронд томилох ажээ.

Гаргалгаа нь тун энгийн. Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй. Тэдний гурвыг нь Ерөнхийлөгч санал болгож УИХ-аар зургаан жилийн хугацаатай томилуулдаг. Цэцийн одоогийн гишүүдээс Д.Наранчимэг, Н.Жанцан, Т.Лхагваа нарыг Ерөнхийлөгч санал болгож томилуулжээ. Цэцийн орлогч дарга Н.Жанцан Үндсэн хуулийн цэц байгуулагдсан 1992 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Түүний дөрөв дэх бүрэн эрхийн хугацаа энэ онд буюу ердөө хэдхэн сарын дараа дуусч байна. Мөн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн бүрэн эрхийн хугацаа 2017 онд дуусах бол Т.Лхагваагийн бүрэн эрхийн хугацаа ирэх 2018 онд дуусах юм. Шинээр баталсан Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд зааснаар цэцийн гишүүнийг тэтгэврийн насанд хүрсэн тохиолдолд чөлөөлж болох заалт орсон. Энэ дагуу тэтгэврийн насанд хэдийнэ хүрсэн Д.Наранчимэг, Н.Жанцан, Т.Лхагваа нарыг чөлөөлж болох хэдий ч зургаан жилийн хугацаагаар томилогддог тул хугацаагаар нь чөлөөлөх юм.

Хэрвээ А.Гансүхийг одоо холбогдож байгаа гэмт хэргээс нь сугалчих юм бол хам хэрэгтэн байж болзошгүй Ерөнхийлөгч маань ч гэсэн бүрэн эрхийнхээ хугацаанд сэтгэл амар байх болно.  

Нэмэлт мэдээлэл өгөхөд өнөөдөр А.Гансүхийн  үйлдсэн байж болзошгүй Төмөр замын хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа.  Түүний холбогдсон хэрэг нь хэдэн тэрбумаар яригдах бөгөөд хэргийн талаар ЭНД ДАРЖ үзнэ үү.

Харин энэ хэргийн улмаас олон улсын хэмжээнд буюу Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан   Чулуунхүү овогтой Ганбат, Пүрэвдорж овогтой Бат-Эрдэнэ нарыг эрэн суралжлахыг болиулсан. Тэднийг залилан мэхлэх, мөнгө угаасан хэргээр Монгол улсын хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан.  Эрэн сурвалжлах хүсэлтийг Монгол улсын хууль хяналтын гаргаж байв. Гэвч тэднийг эрэн сурвалжлахаа больжээ. 

Энэ бүхнээс үзэхэд төмөр замын хэрэг замхарч улс хэдэн тэрбумаар хохирох магадлал өндөр байна. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.  

М.Мөнгөн