Энэ сарын 15наас эхлэн Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх замын хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ буюу баруун гар тийш эргэдэг болгож, зүүн гар тийш эргэх эргэлтийн хөдөлгөөнийг хязгаарласан билээ.

Хэдийгээр энэ шийдвэр хэрэгжээд долоо ч хоноогүй байгаа. Харин үүнд иргэд, жолооч нар тийм ч таатай бус байгаа юм. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, “Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн олон судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөөн дэх түгжрэлийг сааруулах зорилгоор зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх долоон уулзварын зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэж болно. Зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг үйлдэхдээ жолооч нар тойрог хэлбэр буюу блокын эргэлтэд шилжих шаардлагатай. Жолооч нар тойрог хэлбэрээр хөдөлгөөн хийхэд 600-800 метрийн тойрог хөдөлгөөн хийнэ. Хөдөлгөөний энэхүү хязгаарлалтыг дэлхийн ихэнх хотод баримталдаг. Бид  Азийн хөгжлийн банктай хамтарч төв замын “BRT” хурдан автобусны үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлнэ. Нийтийн тээврийн хөдөлгөөн энэ чиглэлд явах учраас бид хөдөлгөөний хязгаарлалтыг хийж эхэлж байна” гэж мэдэгдэж байсан.

Судалгаа шинжилгээнд тулгуурлан ийм шийдвэр гаргасан гэж байгаа ч жолооч нар тэдний энэ шинжилгээг эрс шүүмжилж, төв замаа бодсон, туслах замуудад хөдөлгөөний ачаалалыг нэмэгдүүллээ гэж ярих болжээ. 

Төв зам дагуух долоон уулзвар, Бөмбөгөрийн уулз­варыг зүүн гар тийш эр­гэхийг хориглосноор уулз­варуудын нэвтрүүлэх чадвар 20 хувиар дээшилж, гол замын хөдөлгөөн 400-500 автомашинаар буурна. Мөн Уулзварт тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацаа 30 секундээр буурч, тээврийн хэрэгслийн дундаж хурд одоо байгаагаас 30 хувиар дээшилнэ. Өөрөөр хэлбэл, хотын түгжрэл 40 хувиар буурна гэж хотын удирдлагуудын хийсэн мэдэгдэл үнэндээ биелэлээ олохгүй байгаа бололтой. 

Хичээлийн шинэ жил эхлэхэд хөдөлгөөний ачаалал улам л нэмэгдэнэ. Гэтэл хотын удирдлагуудын шинэ шийдвэр нь жирийн өдрийн түгжрэлийг эрс нэмж байгаагаас гадна орой хөдөлгөөн сийрэг үеийн түгжрэлийг ч нэмлээ гэж бухимдах болжээ.