​Мөнгөтэй л бол хүссэнээ авч болох болсон өнөө үед хүнсний сүлжээ дэлгүүрүүд ч манайд бишгүй болж энэ хэрээр иргэдэд худалдааны зарчим, бизнесийн өрсөлдөөн, чанар, үнийн олон талын сонголтыг бий болгож байна.

Сайны хажуугаар саар гэгчээр дэлгүүрүүд хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг иргэдэд худалдаалсаар байгаа юм. “Хүнсний сүлжээ дэлгүүрүүд хямдрал зарладаг ч хугацаа нь өнөө маргаашгүй дуусах шахам бараа бүтээгдэхүүнийг хямдралд оруулан зардаг байна. Угтаа бол хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг устгалд оруулах ёстой ч шунал нь хэтэрсэн хүнсний сүлжээ дэлгүүрүүд устгах бус хямдруулан худалдаалж байна. Энэ нь худалдан авагчдын эрүүл мэндэд аюултай бөгөөд хууль бус үйлдэл юм. Хяналт шалгалт хийгээд ч зөрчлөө арилгадаггүй зарим нэгэн хүнд сурталтай, шунал нь хэтэрсэн дэлгүүрүүд хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг иргэдэд худалдаалсаар. Мөн ихэнх бараа бүтээгдэхүүнийг урд хөршөөр импортлон оруулж ирж буй. Чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнүүд ч мөн тэнд байгаа юм. Үүнд: химийн хорт бодис ихтэй бараа бүтээгдэхүүн, чанарын шаардлага хангаагүй, тээвэрлэлтийн горим алдагдсан бараа бүтээгдэхүүнүүдийг ихээр оруулж ирж байна. Угтаа бол “Хүнсний аюулгүй байдал” гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг хэлдэг.

Гэвч энэхүү хүнсний аюулгүй байдлын горим алдагдаад удаж байна. Хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнээс болж эрүүл мэндээрээ хохирсон иргэд хэнтэй хариуцлага тооцох вэ?, хугацаа нь дууссан бараа зарж буй ААН-д хэн хариуцлага тооцох вэ? Гэдэг асуулт болоод байна. Хүнсний аюулгүй байдалд алдагдсан бараа бүтээгдэхүүн хэрэглэн хордлого авсан тохиолдолд эргэн өнөөх дэлгүүрт заргалдахад худалдагчид бид яаж мэдэх юм? өөрөө анхнаасаа сайн харж авахгүй яасан юм? Гэхчилэн загнидаг гэнэ. Ерөнхий дөө хугацаа нь дууссан бараа авсан үйлчлүүлэгчийн буруу мэтээр аашилж байдаг аж. Гэвч бодит байдал дээр Хүнсний сүлжээ дэлгүүрүүд хугацаа нь дууссан барааг худалдаалах бус устгалд оруулах учиртай, тэгж байж хүнсний аюулгүй байдлын горим мөрдөгдөнө. Өнөөдрийн байдлаар хүнсний аюулгүй байдал алдагдсан буюу хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн худалдаалж буй хүнсний сүлжээ дэлгүүрээс жишээ татвал. Цайз, Шархад явах зам дагуу байрлалтай “Home” плаза дэлгүүрт нилээд олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хямдрал зардлаад байгаа юм байна. Иргэд түүнийг нь мэдэхгүй хямдарсан гэж баярлан авч байгаа.

Гэвч хугацаа нь дуусч устгалд оруулах байсан бараагаа худалдаалж буй хэрэг юм. Мөн Галт-Ус, пиво, жүүс гэх мэтийн бараа бүтээгдэхүүндээ хямдрал зарласан бөгөөд ирэх нэгдүгээр сард хугацаа нь дуусах жүүснээс эхлээд хэзээ хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй пиво, ус хямдарсан байна. Бүр хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүн худалдаалж байгаа нь хууль бус үйлдэл юм. Энэхүү хүнсний аюулгүй байдал болоод хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж зөрчилтэй газруудыг зүгээр нэг торгоод өнгөрөх бус хатуу арга хэмжээ авч зөрчлөө арилгаагүй ААН-ийн хаалгыг нь барих шаардлагатай. Манай улсын наймааид баяр ёслолын болох дөххөөр урд хөршөөс болсон болоогүй бараа оруулж ирэн худалдаалдаг. Удахгүй шинэ жил болох гэж байгаатай холбоотойгоор хүүхдийн тоглоом, мөн чихэр жимсийг ихээр оруулж ирж буй. Гэвч тэдгээр бараа бүтээгдэхүүний чанарын шаардлага хангагдсан эсэх нь юу л бол. Хүүхдийн хэрэглэдэг зүйлсэд хамгийн их анхааралтай хандах учиртай. Тоглоом л гэхэд химийн хорт бодис ихтэй байдаг, харин чихэр жимс нь чанаргүй хүүхдийн өсөлт, биеийн дархлаа зэрэгт сөргөөр нөлөөлдөг зүйлс байдаг байна. Шунал нь хэтэрсэн наймаачдад хяналт шалгалт дутаад байгаа бололтой.

Өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалж алдагпалд орохгүй бол үйлчлүүлэгчид хамаагүй мэт ойлголттой наймаачдын хэрээс хэтэрсэн шуналт үйлдлийг зогсоох хэрэгтэй. Иргэдийн ойлголтоор бол хүнсний сүлжээ дэлгүүрүүд хамгийн найдвартай чанартай бараа бүтээгдэхүүний худалдаалдаг хэмээн боддог. Гэвч бодит байдал дээр хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг хамгийн ихээр зардаг нь хүнсний сүлжээ дэлгүүрүүд юм. Тэд хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүндээ зүгээр л хямдрал зарлаж орихдог. Их хэмжээний барааг зүгээр устгаж байсанаас хямралтай үнээр худалдаалж алдагдалаас зайлс хийж буй тэдний башир арга аж. Тиймээс иргэд ч мөн дор дороо анхааралтай байх шаардлагатай хямдрал зарласан бараа бүтээгдэхүүн авах гэж байгаа бол он сар, хаана үйлдвэрлэсэн гэх зүйлсийг судалж байж худалдан авах нь таны эрүүл мэнд болоод гэр бүлийн эрүүл хоол хүнс хэрэглэх боломж бүрдэх аж.

Мөн хяналт шалгалтынхан дээрх зөрчлүүдийг илрүүлж таслан зогсоох хэрэгтэй. Хүнсний аюулгүй байдлыг мөрдөж чаддаг ААН-ийн үйл ажиллагааг дэмжиж харин дүрэм журам, горимыг алдагдуулж буй ААН-ийн хаалгыг нь барих хэрэгтэй. Хяналтгүй, том толгойтой бизнесийн орчинд “Хэрэглэгч хаан” гэх зарчмыг үл тоомсорлодог хямдралыг хямрал болгодог байдлыг хянах хэрэгтэй.

Ч.Гэрэлтуяа