...Уг нь одоо байгаа бүтэц мөрдөх чиглэлд тийм ч дутагдалтай биш. Харин эдгээрийг зөв зохион байгуулж, эрх зүйн орчинг нь шинэчилж, сайжруулах, хараат бусаар удирдлагыг нь сонгож, дан ганц хуульд захирагдаж үйл ажиллагаа явуулах эрх үүргээр хангаад өгөхөд л хангалттай. Нөгөө талаар байгаа бүтцээ зөв зохион байгуулж ажиллах талд анхаарахгүй байж, шинэ байгууллага байгуулна гэдэг утгагүй зүйл юм...

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ байр хуулийнхнийг талцуулж эхэллээ. Барьж дуусаагүй байгаа барилгыг ХЗЯ авах уу, УЕПГ авах уу гэдгийг сонирхож буй хүн ч олон байна. Асуудлыг нэхэн санавал Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг татан буулгахдаа прокурорын газрыг оруулна гэсэн аман тохироог Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавтай хийсэн гэх “бор шувуу” жиргээд байгаа. Гэвч сайд ямар ч аман тохироо, хийгээгүй гэж хэлсэн. Хэрэв тохироо хийсэн гэдэг нь ор үндэслэлгүй мэдээлэл байсан бол прокурорынхон сайдын үгэнд гомдож, шүүх цагдаа дээрээ тулахгүй л байсан болов уу. Өөрөөр хэлбэл, Улсын ерөнхий прокурор Х.Тэмүүжин сайдыг Сүхбаатар дүүргийн шүүхэд өгчээ. Тэгэхээр сайд хэлсэн үгэндээ эзэн сууж чадаагүй ч байж болох талтай юм. Учир нь албан биш аман тохироо гэдэг барьцгүй зүйл. Ямартай ч хуулийнхний дунд ганц эмнэлгийн асуудал “хэрүүлийн алим“ болсон мэт харагдаад буй боловч цаана нь томоохон улстөржилт байгаа гэж сэрдэх хүн ч олон байна. Энэ сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүх уг хэргийг хэлэлцэх байсан ч баримт дутуу гэх шалтгаанаар хойшлуулаад байгаа ажээ. 
 
МАНАЙ УЛСАД МӨРДӨХ АЛБА ДУТАГДААГҮЙ 

Хууль зүйн сайд хэлсэндээ хүрч прокурорын байгууллагыг оруулж болох л байсан. Гэхдээ ийн няцхад хүрсэн гол шалтгаан нь одоо хэлэлцэж буй мөрдөх албаны тухай хуультай холбоотой юм. Уг хуулийг баталбал манай улсад мөрдөх чиг үүрэг бүхий тав дахь байгууллага бий болно. Хууль зүйн сайд эл албаа Төрийн тусгай албаны нэгдсэн эмнэлгийн суурин дээр сүндэрлэж байгаа шинэ байгууллагад оруулах гэсэн хэрэг л дээ. Үүнээс болж Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Х.Тэмүүжин нар бие бие рүүгээ нуруугаа харуулахад хүрсэн гэхэд болно. Энд сайдын шинээр байгуулах мөрдөх алба гэгч сонирхол татаад байгаа юм. Одоогоор манай улсад мөрдөх чиг үүргийг Цагдаа, тагнуул, АТГ мөн прокурорын дэргэдэх мөрдөх алба гүйцэтгэж байгаа. Хуульд зааснаар тагнуулын байгууллага 20 төрлийн гэмт хэрэгтэй, Авлигатай тэмцэх газар найм, цагдаагийн байгууллага 182 төрлийн гэмт хэрэгтэй тус тус тэмцэх чиг үүрэгтэй байдаг аж. Товчоор хэлэхэд хууль сахиулах байгууллагынхны тэмцдэг 200-гаад төрлийн гэмт хэргийн 91 хувь нь ил үйлдэгддэг, хохирогч нь тодорхой, богино хугацаанд шалгаж, шийдвэрлэх боломжтой, ахуйн шинжтэй гэмт хэрэг эзэлдэг байна. Харин үлдсэн хувь нь далд нууц хэлбэрээр үйлдэгддэг тул зайлшгүй мэргэшсэн албаны ажиллагаа шаардлагатай хэмээн үзэж буй. Тиймээс ч тусгай чиг үүрэгтэй мөрдөх алба гэсэн статустай шинэ бүтцийг хийх гэж байгаа аж. Уг нь одоо байгаа бүтэц мөрдөх чиглэлд тийм ч дутагдалтай биш. Харин эдгээрийг зөв зохион байгуулж, эрх зүйн орчинг нь шинэчилж, сайжруулах, хараат бусаар удирдлагыг нь сонгож, дан ганц хуульд захирагдаж үйл ажиллагаа явуулах эрх үүргээр хангаад өгөхөд л болно. Нөгөө талаар байгаа бүтцээ зөв зохион байгуулж ажиллах талд анхаарахгүй байж, шинэ байгууллага байгуулна гэдэг утгагүй зүйл юм. 
 
МӨРДӨХ АЛБАНЫ ДАРГЫН НЭРИЙГ САЙД ӨӨРӨӨ ДЭВШҮҮЛНЭ 

Мөрдөх албаны тухай хуулийг УИХ дэмжиж, өргөтгөсөн ажлыг хэсэг байгуулсан. Нэг ёсондоо хуулиа удахгүй өлгийдөж авах нөхцөл бүрдсэн гэсэн үг. Тэгэхээр шинээр мөрдөх алба байгуулах нь гарцаагүй болж буй. Харин учир мэдэх хүмүүс хуулийн зарим заалт, мөрдөх албаны талаар шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Хэрвээ тусгай чиг үүрэгтэй мөрдөх алба байгуулбал ХЗЯ-нд харьяалуулж, даргыг нь Хууль зүйн сайд санал болгож, Засгийн газар томилж чөлөөлөх юм байна. Өөрөөр хэлбэл сайд нь хууль боловсруулж, хуулийнхаа хүрээнд шинэ мөрдөх алба байгуулж, түүнийг удирдах даргын нэрийг өөрөө оруулна гэсэн үг. Эндээс тусгай чиг үүрэг бүхий мөрдөх алба нэг хүний хараат болох нь тодорхой харагдаж буй. Өөр нэг эргэлзээтэй зүйл нь хууль сахиулах бусад байгууллагад үүрэг, даалгавар өгөх эрхтэй гэжээ. Энэ нь тагнуул, АТГ-ын бүрэн эрх, хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцож, заавар, чиглэл өгнө гэсэн үг юм. Үнэхээр Х.Тэмүүжин сайд мөрдөх алба байгуулбал даргыг нь УИХ-аар хэлэлцүүлэн, томилж, чөлөөлдөг байх хэрэгтэй л дээ. Ингэж гэмээнэ хэн нэгэн дарга, эрх мэдэлтнээс хараат бусаар үйл ажиллагаа явуулж, жинхэнэ утгаараа халаасны биш үндэстэн дамнасан гэмт хэргтэй тэмцэж чадах биз. Гэхдээ л манай улсад мөрдөх алба дутагдаагүй гэдгийг дахин хэлье. Ямартай ч сайд шинээр байгуулах мөрдөх албанаасаа болж багагүй “банга” хүртээд байгаа аж. Ямар сайндаа байгуулаагүй албаныхаа байр, савыг бэлдэж шүүхдэлцэх дээр тулхав дээ. Хууль нь батлагдаад мөрдөх албаа байгуулчихвал прокурорынхон шинэ барилгад орно гэж горьдсоны ч хэрэггүй болох нь дээ.

С.ДУЛАМСҮРЭН