Монголчууд маань үр хүүхдээ боловсрол, мэргэжилтэй болгож, сайн сайхан амьдралд хүргэхийн төлөө байгаа бүхнээ зориулж байна. Манай их дээд сургуулиуд |цаашид ИДС|  эцэг эхийнх нь хэтэвчийг нь хоосолж, хотыг нь харлуулж байж төгсгөсний эцэст мэргэжлийн дипломтой ихэнх залуус маань ажилгүйчүүдийн эгнээнд шууд шилжих болжээ.

Төр засаг маань залуу боловсон хүчнээ ажлын байраар хангах талаар хэтийн бодлогогүй тул сайн даа л тэднийг өдөржин, шөнөжин гудамжинд дугаарлуулж байгаад гадаад оронд хар ажил хийлгэхээр явуулж байгаа. Бид асар өндөр үнээр бэлдсэн боловсон хүчнээ ингэж үрэн таран хийж байгаа юм. Энэ бол цаашид монгол төрийн амин сүнс болсон хүмүүнлэг, ардчилсан нийгмийн цогцлуулан байгуулах, төрийн бодлого, үйл ажиллагаанд шинэлэг залуу боловсон хүчнээ оролцуулах боломжгүй болгож тэдний эрх ашгийн үүднээс шийдвэр гаргахад муугаар нөлөөлж буй зүйл юм. Төр засаг энэ буруу үзэгдлийг харсаар, мэдсээр л байгаа. Эл байдал улсын эдийн засагт дарамт төдийгүй, ИДС-иуд дипломтой ядуусыг үйлдвэрлэх ажлыг дэмжсэн ажил болжээ

Өмнөд Солонгост ажилчин авахаар бүртгэж эхлэхэд манай залуус гадаа гудамжинд өдөржин шөнөжин дугаарлан зогслоо шүү дээ. Тэд бүгд мэргэжил, боловсролтой манай бүтээн байгуулалтын гол хүчин байлаа. Шил дараалсан олон баяр, наадам өнгөрч одоо л эдийн засгийн хүндрэлээ давах бүтээн байгуулалтын цаг ирлээ гэтэл ийм юм болж байгаа юм.

 

Монголчууд бид дээд боловсролтнуудынхаа тоогоор |арван мянган хүнд ноогдох| дэлхийд тэргүүлдэг ч ажил олдохгүй, арай гэж ажил дээр гарахаараа шаардлага хангадаггүй юм байна. Уул нь боловсролтой болж, мэргэжил эзэмшинэ гэдэг бол ажилгүй суухын нэр биш, цаашид аж амьдралынх суурь болох асар үнэтэй зүйл л дээ. Ихэнх залуус маань дээд боловсрол эзэмшихээр маш өндөр үнэ төлөөд дараа нь ажлын байргүй болж байхад мэргэжлийн боловсролын эрэлт хэрэгцээ өндөр байгаа юм.  Үүнд л боловсролын байгууллага анхаарч залуусын  мэдлэг, мэдээлэл, ажиллах, бүтээх чадвар эрмэлзлэлийг шингээж байх учиртай юм. Өнөө цаг үеийн эрэлт хэрэгцээ ийм л байна.

 Манай бэлдсэн инженерүүд |ихэнх нь| дотоод, гадаадад хаана ч очоод бие даан мэргэжлээрээ ажиллах чадвар дутмаг тул дахин суралцах эсвэл хар ажил хийх шаардлагатай болдог.  Дээр нь үйлдвэр барилгын салбар маань хаалгаа барьж буй өнөө үед  төр засаг ажилгүй боловсон хүчнээ яах юм. НҮБ-ын хүний хөгжлийн индексээр монголын залуу үеийнхний дунд ажилгүйдэл, нас баралт их байгаа тухай дурдсан байдаг. Үүнээс гарах талаар сэтгэх хэтийн бодлого төр засагт маань байгаа гэхэд эргэлзмээр. Иймээс ИДС-иуд оюутнаас авч буй сургалтын төлбөртөө дүйцэхүйц чанарын мэргэжил олгох нь хариуцлага, ёс зүйд нь нийцэх буй заа.

Нөгөө талаас бол ИДС-иуд эрэлт хэрэгцээ буй мэргэжлээр сургалт явуулж энэ чиглэлийнхээ дагуу мэргэжилтэн бэлдэн төгсөгчиддөө ажил олгох талаар байнга анхаарч ажиллах нь чухал. Төлбөр авч диплом өгч төгсөгчдөө ажилгүй хаядаг өнөөгийн системийг өөрчлөх төрийн хөшүүрэг зайлшгүй хэрэгтэй болжээ.

 ИДС-иуд ажил олгогчдыг урьж оюутнуудаа танилцуулах уулзалт зохион байгуулан тэндээс ямар мэргэжлээр сургалт явуулах талаар мэдээлэлтэй болж эрэлт, захиалгагүй мэргэжлээр элсэлт авахгүй байх. Ажил олгогчид шаардлагатай мэргэжлээрээ оюуутнуудад тэтгэлэг, зээл олгох талаар эртнээс гэрээ хийж ихэнх оюутнууд ч сургалтын төлбөрөө олж, төгсөөд орох ажил нь бэлэн болсноор төлсөн сургалтын төлбөрийн үр ашиг энд гардаг байх учиртай юм. Үүнээс гадна мэдээж тусгай шалгуураар олгодог төрийн болон гадаад орны тусламж тэтгэлэгүүд бий. Манайд энэ бүхнээ улам өргөжүүлж хэрэглэвэл залуус маань дөнгөж дээд сургууль төгсөөд л ажилгүйчүүдийн  эгнээнд ордог явдал үгүй болох байх.Мөн суурь боловсролд анхаарах зүйл бас бий. Хүүхэд дунд сургууль төгсөх явцад сургалтын систем |засаг солигдох тутам| дор хаяж хоёроос гурван удаа өөрчлөгдөж тэр нь боловсролын агуулгадаа нийцэхгүй байж болох юм уу. Олон жил үргэлжлэх үр дүн багатай төслүүд болон монголын онцлогт үл нийцэх систем судалгаагүйгээр хуулбарлаж нэвтрүүлсэн зүйлээр бид өсвөр үеийнхээ толгойг байн байн эргүүлмээргүй байна. Энэ бүхнийг цэгцлэх асуудал монголын боловсролын байгууллагуудын үүрэгт багтаж байгаа юу?.. гэж асуумаар санагддаг юм.Эцэст нь орон нутаг өөрийнхөө зардлаар сум бүр нэг оюутан, аймаг бүр хоёр оюутанд мэргэжлийн боловсролын тэтгэлэг |орон нутагт ажиллах болзолтойгоор| олгож байх.  Мөн анх удаа мэргэжил эзэмшиж буй шинэ залуу боловсон хүчнээ төр ажлаар хангах, орон сууцны хөнгөлттөй зээлд хмруулах  үүрэг хүлээх тухай эдүгээ хэлэлцэж буй Үндсэн хуулийнхаа төсөлд нэмж оруулснаар иргэдийнхээ хөдөлмөрлөх эрхийг бүрэн хангах төрийн бодлого хэрэгжин залуус орон нутагтаа очоод өөрсдөдөө ажлын байр бий болгож амьдралд хөл тавих нөхцөл нь бүрэлдэх юм.

 

 

Найдансүрэнгийн Бадарч