Нэгэн цагт лам ч явсан, хар ч болж үзсэн Содномжаргал гэдэг ахимаг насны эр ерээд оны эхээр харамсалтайгаар хорвоог орхисон юм. Тийм сайн амьдралгүй байсан болохоор зуны дэлгэр цагт тарвага агнаж хүүхдүүдээ тэжээдэг байв. Гай газар дороос, гахай модон дотроос гэдэг. Содномжаргал үдийн халууныг өнгөрөөгөөд тарваганы оройн гараагаар ганц хоёр тарвага агнаж ирэхээр мордсон байна. Тэнгэр бүрхээд, бороо ч ормоор болж. Зуны адаг сар байсан болохоор манан ч татаж мэдэхээр болжээ. Нэг гэр рүүгээ буцах гэснээ больж, яаж хоосон явах вэ гэж бодоод цааш ганц нэг жалга өнгийн явтал нэг тарвага нүхний аман дээр хэвтэж байсан байна. Тэгэхээр нь Содномжаргал морио тушиж орхиод ойртон очиж даллаад үзтэл юу юугүй босоод хошгирч гарчээ. 

Сэм мөлхсөөр овоо ойртож очтол өнөөх тарвага нь ганцхан ухасхийгээд нүх рүүгээ бараг орох шахан зөвхөн толгойгоо цухуйлгаад орох ч биш хоёрын хооронд болчихож. Дахин босч хошгорохгүй нь мэдээж гэж ойлгосон Содномжаргал нүхнийх нь амтай цагаан шанааг нь зэрэгцүүлэн байж байгаад буудсан байна. Онох нь онолоо гээд гүйгээд очтол тарвага нүх рүүгээ ихэнх биеэ хийчихсэн зөвхөн сүүл нь л харагдаж байсан байна. Яаран татах санаатай тонгойтол өнөөх тарваганы сүүл дээш доош болон хөдлөхдөө хүний хэлээр ёолж гарчээ. Учиргүй айсан Содномжаргал тэр чигт нь хаячихаад морь руугаа харайлган очиж мордмогцоо л гэр рүүгээ давхижээ. Энэ үеэр гэнэт манан бүрхэж мань хүн зүг чигээ алджээ. Гэрээсээ нилээд хол явсныг хэлэх үү? Барагцаагаар шогшиж байтал гэнэт нэг явган хүн дайралджээ. Зэвхий саарал орос хувцастай, үзээрийн муухай царайтай, яг л шоронгийн оргодол шиг. Тэгээд болоогүй, салбайсан үүргэвч үүрчихсэн байсан байна. 

Тэр хүнтэй Содномжаргал мэнд мэдээд газрын баримжаа асуутал өөдөөс нь, 
-Би ч бас төөрчихөөд явж байна гэжээ. Таарсан хоёр бол гэж дотроо үглээд Содномжаргал цааш шошгин дахин нэг гүвээ давсан байна. Энэ үеэр гэнэт татсан манан овоо онгойж эхэлжээ. Жаахан байтал бүр арилсан байна. Манан арилмагц сая Содномжаргал газраа таньжээ. Ганц гүвээ даваад л гэртээ орно. Тэднийх ганц гэр байсан байна. Мориндоо мордоод хөдөлтөл түрүүний таардаг нөхөр хажууханд нь байсан жалганаас гараад ирэв. Энэ амьтан хот л орох гэж яваа байх. Уул нь ч төв зам холгүй л юмсан. Заагаад өгье дөө гэж бодож явжээ. Тэр зэвхий царайлсан амьтныг хүрээд ирэхээр нь, 
- За, хүү минь. Би гэрээ оллоо. Манайх ердөө энэ гүвээний энгэр дээр байгаа. Чи хаа хүрэх вэ гэхэд, 
- Манайх ч энэ гүвээний энгэр дээр байгаа гэжээ. 

Содномжаргал гайхаад гэр рүүгээ нэг хараад "Манайхаас өөр..." гээд эргээд хартал нөгөө нөхөр нь ул мөргүй алга болсон байжээ. Чөтгөр шулмастай таарснаа сая ухаарсан Содномжаргал ухаан мадаггүй гэр рүүгээ давхижээ. Гэртээ ирээд болсон үйл явдлыг гэрийнхэндээ наана цаана нь оруулан ярьж байснаа унтаад өгсөн аж. Гэрийнхэн нь юу болсныг ч сайн ойлголгүй сэрэхээр нь лавлая гээд унтацгаасан байна. Харин маргааш нь тэрбээр гэрийнхэнтэйгээ юу ч ярилгүй өнжжээ. Эхнэр нь ч багагүй санаа зовж, лам хард үзүүлэх үү гэж асууж хүртэл үзжээ. Ингээд орой ч болж бүгд хонь мал хаших, сүү саалины ажлаа дуусгаад эхнэр, хүүхдүүд нь саахалтын айлдаа нэг үе Монголын үзэгчдийг байлдан дагуулж байсан “Халтар царайт” киног үзэхээр явцгаажээ. Содномжаргал гэртээ ганцаараа үлдсэн байна. Гэтэл эхнэр, хүүхдүүд нь саахалтынхаас эргэж ирэхэд Содномжаргал дүүрэн галтай байсан зуухаа тэвэрч унаад өрөөсөн талынхаа махыг болтол шарагдаж нас барсан байжээ. 

Талийгаачийн ажил явдлыг өнгөрөөгөөд эхнэр нь Хөвсгөлөөс ирсэн Дашзэвэг гэдэг бөөгийнд очиж, яг юу болсныг үзүүлж, аргалах юм байвал аргалаад өгөөч гэж гуйсан байна. Дашзэвэг төлөг буулгаж үзээд,
- Энэ хойд хайрханы эзэн мал ч болдог, тарвага ч болдог, хүн ч болдог ид шидтэй аж. Түүнийг тарвага болоод байхад нь танай талийгаач буудаж шархдуулсан байна. Аргалах юм их байна. Даан ч бид хүчрэхгүй юм байна гэж айлджээ. 

Содномжаргалын авгай уйлан хайлан байж аргалаад өгөөч гэж сөхрөн гуйжээ. Дашзэвэг их л дурамчхан,
- За, яахав. Би зав чөлөөтэй үедээ танайд нэг очъё. Тэнд чинь л аргалахгүй бол болохгүй юм. Хариад байж бай гэсэн байна. Талийгаачийн эхнэр Дашзэвэг бөөг ирнэ гэж хориод хоног харжээ. Нэг удаа нутгийн айлынх нь хүү нилээд согтуу тэднийхээр бууж, 
- Дашзэвэг зайрангийнхаар буугаад ирлээ. Таны гуйсан гуйлтыг нэг л болж өгөхгүй байна гэж ярьж сууна. Бодвол намайг хэлэг гэсэн юм байлгүй дээ гээд хэд зогьсож байснаа гараад явчихаж. Содномжаргалын том хүү, 
- Лам мундсан биш, би сум ороод лам залаад ирье гэхэд ээж нь “Хэрэггүй. Аливаа юм жам ёсоороо байх учиртай. Аав чинь бурхан болоод хэд хонолоо. Одоо гайгүй биз. Маргааш харин 49 хоног нь болно. Өнөөдөр цагаалаг хийгээд хоноё. Маргааш хүүхдүүд цайлна гээд араг үүрэн аргалд яваад өгчээ. 

Сүрэн авгай урьд урьдынхаасаа арай л зөөлөн ааштай болсон нь хүүхдүүдэд нь мэдрэгдэж байжээ. Орой Сүрэн хүүхдүүддээ хамгийн идэх дуртай цуйванг нь хийж өгчээ. Өглөө хүүхдүүд нь хонинд явах нь явж, үхэр туух нь тууж, аргалд явдаг хэсэг нь бүгд л өөр өөрсдийн хийж хэвшсэн ажилдаа гарцгаасан байна. Сүрэн авгай сүүгээ хөөрүүлэхээр гэртээ үлдсэн аж. Дараа нь хоол унд хийж хүмүүсийг цайлах байж. Том хүү нь үхрээ услаад ирэхэд ээж нь зуухан дээрх тогоотой сүүн дээрээ тэгнэн унаад түлэгдэж амьсгал хураасан байжээ. Өнгөрсөн борооны араас цув нөмрөх гэгчээр Дашзэвэг бөө иржээ. Тэр “Би дийлэхгүй байсан юм. Одоо хойдхийг хийж өгье. Эндээс та нар хурдан нүүгээрэй” гэж захиснаар тэднийх холдож аюулаас салсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn