Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд өвлийн улиралд нийслэлийн агаарын бохирдлын үзүүлэлт зохих хэмжээнээс хэтэрч, агаарын чанарын хувьд аюултай түвшинд хүрэх болсон. Үүний улмаас хүн амын эрүүл мэндэд ихээхэн хор хохирол, сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа нь олон улсын болон үндэсний эрүүл мэндийн байгууллага, судлаачдын хийсэн судалгааны үр дүнгээс харагддаг.

2008 оноос хойш байгаль орчны мэргэжлийн байгууллага, судлаачдын хийсэн судалгаа, шинжилгээний үр дүнгээр агаарын бохирдолт нь олон төрлийн үүсгэгчээс үүсч байна. Тухайлбал, Дэлхийн банкнаас эрхлэн 2009-2011 онуудад хийсэн Улаанбаатар хотын агаарын бохирдолтын талаарх судалгаанд нийслэлийн агаарын бохирдлын үүсгэгчдийг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Гэр хорооллын 190,0 гаруй мянган өрхийн мод, нүүрсээр галлаж байгаа ердийн галлагаатай зуухнаас ялгарч байгаа утаа, үнс тортог;

-  Нийслэлд бүртгэгдсэн, автозамын хөдөлгөөнд өдөр тутамд оролцож байгаа 400,0 гаруй мянган автомашин, үүний дотор олон жилийн эдэлгээтэй 100,0 орчим мянган хуучин автомашинуудаас ялгарч байгаа утаа болон хорт бодисууд;

- Үйл ажиллагаа явуулж байгаа дулааны цахилгаан станцууд болон алслагдсан дүүргийн 3,0 мянга гаруй уурын зуухны галлагаанаас ялгарч байгаа утаа, үнс тортог;

- Нийслэлийн нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа хатуу хучилтгүй, ердийн хөрсөн замаас үүсч байгаа тоосжилт;

-  Гэр хорооллын хог хаягдлын ил задгай овоолго.

Нийслэлийн агаарын бохирдлын томоохон хүчин зүйл болж байгаа халаалтын зуухны талаарх зарим тоо мэдээлэл байдаг.

Автотээврийн хэрэгсэл:

Улаанбаатар хотод 2015 онд нийт 439,1 мянган тээврийн хэрэгсэл тоологдож өмнөх жилийнхээс 17 мянган автомашинаар нэмэгдсэн байна. Нийт автомашины 50 хувь нь 15-аас дээш жилийн насжилттай хуучин автомашин байгаа бол 10 орчим хувь нь 6 хүртэл жил ашиглаж байгаа шинэ ба шинэвтэр автомашин байна.

Орон нутагт 2015 онд нийт 281,1 мянган тээврийн хэрэгсэл тоологдож өмнөх жилийнхээс 16 мянган автомашинаар нэмэгджээ.

2015 онд өмнөх онуудын адил суудлын автомашин зонхилон өссөн бөгөөд нийт импортлогдсон автомашины 50 орчим хувийг 15-аас дээш жилийн насжилттай автомашин эзэлж байгаа нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэх нэгэн сөрөг нөлөөлөл болж байна.

 

Сайжруулсан түлш:

Нийслэлийн гэр хорооллын түүхий нүүрсний жилийн хэрэглээ ойролцоогоор 480 мянга орчим тонн гэсэн судалгааны дүн гарсан. Сайжруулсан түлш хэрэглэснээр өрхийн түлшний хэрэглээ 3 тонн болж буурах бөгөөд гэр хорооллын нийт өрхийн өвлийн улирлын түлшний хэрэгцээг хангахад 360,0 мянган тонн сайжруулсан түлш шаардахаар байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээий талаар

Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 120 дугаар захирамжаар байгуулсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо 2016 оны 11 дүгээр сард хуралдаж цаашид хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар ажлын төлөвлөгөөг батлан гаргаж, холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг, даалгавар өгсөн.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн өртгөтгөсөн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах арга замыг Засгийн газар болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдын хуралд цаашид авч хэрэгжүүлвэл зохих арга хэмжээний талаар зөвлөмж хүргүүлсэн.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Засгийн газарт өгсөн дээрх зөвлөмжийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд холбогдох асуудлыг судалж, хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2017 оны 5 дугаар захирамжаар байгуулсан.

Нийслэлийн Засаг дарга 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр захирамж гарган Нийслэл хотод агаарын бохирдлыг бууруулах бүсчлэлийг тогтоосон бөгөөд цаашид агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг эдгээр бүс тус бүрт тохирсон, ялгавартай бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах болно. Мөн Нийслэлийн Засаг даргын “Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” захирамжаар эмнэлэгт эмчлүүлэхээс бусад тохиолдолд хөдөө орон нутгаас нийслэлд шилжин ирэх шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэсэн.

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр богино болон дунд хугацаанд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

1. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, агаарын бохирдол ихтэй аймгуудын агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулан гаргах;

2. Аймаг, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, бохирдуулагч эх үүсвэрийн тооллогын цэг, мэдээлэл түгээх самбарын тоог нэмэгдүүлэх;

3. Агаарын бохирдлын төлбөрийг зориулалтын дагуу зарцуулахад шаардлагатай эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

4. Автомашины түлш, шатахууны чанарт хяналт, шинжилгээ хийж, Евро-5 жишигт нийцсэн үндэсний хэмжээний стандартын төслийг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх;

5. Авто тээврийн хэрэгслээс авах агаарын бохирдлын төлбөрийг тээврийн хэрэгслийн насжилт, бохирдлын хэмжээтэй уялдуулан ялгавартай тогтоох, үзлэг, оношлогооны чанарыг сайжруулах аргачлалыг боловсруулан гаргаж мөрдүүлэх;

6. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын хүрээнд “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн, боловсруулан батлах;

7. Нийслэлийн нутаг дэвсгэрт 5 дугаар цахилгааны станцыг барих ажпыг эрчимжүүлэх, эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой санал боловсруулж, хэрэгжүүлэх;

8. Техникийн нөхцөл шаардлага бүрдсэн, галын аюулгүй байдлыг хангасан айл өрхүүд халаалтын улиралд, шөнийн цагаар цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжих, цахилгааны тарифыг тэглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэх, гэр хорооллын цахилгаан дамжуулах шугамын хүчин чадлыг сайжруулах арга хэмжээг өргөжүүлэх;

9. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа аж ахуй нэгж, иргэдэд урамшуулал олгох;

10. Нийслэлийн ногоон байгууламжийн эзлэх талбайг нэмэгдүүлэх, дүүрэг, хороо бүрт бага гэлтгүй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод тарихыг урамшуулах арга хэмжээ авах;

11. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Японы ЖАЙКА, Дэлхийн банк, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн газар болон бусад олон улсын байгууллагууд, түншлэгчидтэй хамтарч ажиллах;

12. Нийслэлийн төвлөрлийг бууруулах арга хэмжээг авах, үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулиудыг өөр байршилд шилжүүлэн байрлуулах арга хэмжээг үе шаттайгаар авах;

13. Орон сууцжуулах бодлогыг үргэлжлүүлж, үүний дотор өртөг багатай, иргэдийн худалдан авах чадварт нийцсэн 50-аас доош метр квадрат талбай бүхий орон сууцыг түлхүү барих, зах зээлд нийлүүлэх бодлогыг хэрэгжүүлэх;

Нийслэлийн агаарын бохирдлыг эрс бууруулж, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхэд багагүй цаг хугацаа, ихээхэн хүч хөрөнгө, ажлын зөв зохион байгуулалт, хүчин чармайлт шаардагдахаар байгаа тул төр, засгийн зүгээс зөв бодлого гаргаж, тууштай хэрэгжүүлэхийн зэрэгцээ нийслэлд ажиллаж, амьдарч байгаа нийт ард, иргэдийн оролцоо, бусдын эрүүл аюулгүй амьдралыг хангах үүрэг хариуцлагаа ухамсарлаж, иргэн бүр тодорхой хэмжээгээр агаарын бохирдолыг бууруулах талаарх төрийн бодлогыг дэмжсэн хүчин чармайлт гаргах шаардлагатай байна.

Мэдээллийн эхэнд дурдсан агаарын бохирдлыг бий болгож байгаа үндсэн бохирдуулагчдыг бууруулах, арилгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр, засгийн бүх төвшинд болон ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж чадсанаар бид хүн ардын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орчинг бүрдүүлж чадна гэж үзэж байгаа аж.