Амиа хорлох, өөрийгөө гэмтээхээс урьдчилсан сэргийлэхэд зориулагдсан тусгай баг фэйсбүүкт ажиллаж байна

Өсвөр насны хүүхэд фэйсбүүкээр live буюу шууд бичлэг хийж байгаад амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ нь дэлхий нийтийн анхаарлыг татаж цаашид ийм маягаар амиа хорлогчид шууд бичлэг хийж, гэрээслэлээ хэлдэг болчихвол яах юм бэ гэсэн болгоомжлол үүссэн. Үүнд фэйсбүүкийн эзэн Марк Цукерберг ч эмзэглэж буйгаа илэрхийлж “Хиймэл оюун ухаан тухайн хэрэглэгчийн сэтгэл санааны байдлыг урьдчилан тооцоолж, ямар нэгэн аргаар тусалдаг болно” гэж ярьж байсан нь эхнээсээ ажил хэрэг болж байна.

Хиймэл оюун ухаан нь сэжигтэй хэрэглэгчийн оруулж байгаа пост, сэтгэгдэл, өөр дээрээ цуглуулж байгаа материал болон сонирхон орж байгаа хуудсууд, голчлон үзэж байгаа киноны төрөл зэрэгт нь нарийн дүн шинжилгээ хийж бусад хэрэглэгчидтэй харилцаж байгаа байдал, бусдын зүгээс ирж байгаа хариу үйлдэл зэрэгт нь дүгнэлт хийдэг юм байна.

Энэхүү тагнуулын программ нь фэйсбүүкийн хоёр тэрбум хэрэглэгчээс сэжигтэй пост, бичлэгүүдийг илрүүлэх чадвартай бөгөөд амиа хорлож болзошгүй нөхцөл байдалд орчихоод байгаа хэрэглэгчдийг эрт илрүүлж амиа хорлохоос аврах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа аж.

Хиймэл оюун ухаан тухайн хэрэглэгчийн сүүлийн саруудад оруулсан бүхий л санал сэтгэгдэл, зочилсон хуудас зэрэг түүхийг нь сөхөж задаргаа хийж түүнээс нь дүгнэлт гаргаж амиа хорлох сэдэлтэй, болзошгүй, амиа хорлоход ойртчихсон байна гэдгийг тооцоолно. Ингээд фэйсбүүкийн хиймэл оюун ухаан амиа хорлож болзошгүй хэрэглэгч рүү “Та зүгээр үү”, “Би тусалж чадах уу”, “Танд хэн нэгний тусламж хэрэгтэй юм шиг байна” гэх мэт анхаарал тавьсан асуулт ирүүлнэ. Хэрвээ та тэр агшинд хэн нэгэнтэй ярих, аль нэг хүн рүү видеогоо явуулах хүсэлтэй байвал хиймэл оюун ухаан шууд л дуудлага хийхэд нь тусалж “Та түр хүлээгээрэй. Хоёулаа өөр сэдвээр ярилцъя” гэж аль болох тайвшруулж, бодол санааг нь эргүүлэх тал дээр ажилладаг юм байна. Бүр шаардлагатай үед хиймэл оюун ухаан тухайн хэрэглэгчийн байршлыг тогтоогоод амьдран байгаа газрынх нь харьяа цагдаагийн газар руу мэдээлэл өгдөг юм байна.

АНУ-д уг хиймэл оюун ухааны тусламжтайгаар сэтгэл санаа нь таагүй байгаа хэрэглэгчдийг илрүүлж чаджээ. Тус улс туршилтын журмаар уг программыг ашиглаж үзээд ихэд үнэлсэн бол Европын холбоо болоод бусад орнууд уг программыг тагнуулын зорилготой байж магадгүй хэмээн үл итгэсэн байр сууринаас хандаж байгаа юм байна.

Мөн түүнчлэн хүчирхийлэл, аллага, гэмт хэргийн шинжтэй бичлэгүүдийг хиймэл оюун ухаан “Хүний амь насанд аюултай байж магад” гэж ялган тусгай алба руугаа явуулах бөгөөд нэмэлтээр ажиллаж байгаа 3000 гаруй ажилчид энэ мэт видеог үзэж аюултай эсэхийг нь нягталдаг ажээ. Хэрвээ эцэг нь согтуу орж ирээд гэрийнхэндээ агсам тавьж биед нь халдахаар давшлахад хүүхэд нь тэр хооронд бичлэг хийгээд фэйсбүүктээ оруулчихлаа гэж бодъё. Тэр дор нь хүмүүс бичлэгийг үзээд уурласан, уйлсан эможуудыг дараад олон хүн зэрэг шейрлээд эхэлбэл хиймэл оюун ухаан ажиллаж уг бичлэгээ тусгай ажилчид руугаа илгээнэ. Тусгай ажилчин уг бичлэг бодит, яг одоо үйлдэгдэж байгаа учраас байршлыг нь тогтоогоод харьяа цагдаагийн газарт нь мэдээлнэ.

Марк Цукерберг “Манай багийн хүмүүс чадварлаг ч гэлээ бүх бичлэгийг нягталж амжихгүй байх магадлалтай. Тийм зүйл тохиолдвол биднийг буруутгах гэж битгий яараарай” гэсэн байна.

Хиймэл оюун ухаан хүүхэд оролцсон порно зураг, бичлэг зэрэг зохисгүй бичлэгийг хэдхэн секундэд илрүүлэх бөгөөд амиа хорлох тухай пост оруулахад тухайн постын дор хамгийн эхэлж сэтгэгдэл бичсэн хүн рүү нөхцөл байдлыг танилцуулсан зурвас илгээх бөгөөд “Таны найзад хүнд асуудал тулгарсан юм шиг байна. Та аль болох өөдрөг зүйл бичиж, хийх гэж буй алхмаас нь холдуулах хэрэгтэй” гэсэн зөвлөмж явуулдаг бөгөөд тэр даруйд нь гэр бүл ойр дотны найзууд руу нь хиймэл оюун ухаан зурвас илгээх замаар амиа хорлохоос нь сэргийлэх арга хэмжээ хурдан шуурхай авдаг юм байна.

Амиа хорлох, өөрийгөө гэмтээхээс урьдчилан сэргийлэхэд зориулагдсан фэйсбүүкийн дээрх тусгай багийнхан дэлхий даяар тархан байршсан бөгөөд 24/7 буюу 24 цагаар амралтгүйгээр ажиллаж эхэлжээ. Уг багийнхан өнгөрсөн есдүгээр сард Энэтхэгт амиа хорлох гэж live хийж байсан хүнийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар яаралтай илрүүлж зохих арга хэмжээг авахад нь тусалсан байна.

Фэйсбүүкийн хиймэл оюун ухааныг бүтээгчид “Энэ бол терминатор биш. Хиймэл оюун ухаан бол хүний оюун ухаанаар алгоритмчлагдсан ухаалаг систем. Нэг үгээр зохиомол тархи” гэжээ.

София нэртэй роботод Саудын Араб улс иргэншил олгож шуугиан дэгдээсэн билээ. Уг роботыг асрамжийн газарт хөгшчүүлтэй ярилцах, тэдэнтэй харилцах үүрэгтэйгээр анх бүтээсэн байдаг. София асрамжийн газрын хэн нэгэн настан дээр очоод “Өнөөдөр тэнгэр цэлмэг байна шүү. Хэд хоногоос цас орох мэдээ дуулдсан” гэж энгийнээр яриа өдөж харилцагчаа яриандаа татах тактикаар анхаарлыг нь татдаг. Үр хүүхэд нь эргэж ирэхээ больсон, ганцаардсан ахмад настанд София таатай сэтгэгдэл төрүүлж чаддаг бөгөөд яриандаа хөгжилтэй зүйл оруулж заримдаа онигоо ярьдаг аж.

Дэлхий хувьсан өөрчлөгдөж, улс орнууд өдөр ирэх бүр хурдацтай хөгжиж байгаа энэ үед хүн хүнтэйгээ харилцах, нэгнээ сонсох нь багассан учир София роботоос эхлүүлээд фэйсбүүкийн хиймэл оюун ухаан нь хүнтэй харилцаж, бүр амь насыг нь хамгаалж эхэллээ. Хиймэл оюун ухаантай роботууд асрамжийн газрын асрагч, хүүхэд асрагч, үүдний угтагч, экспо яармаг худалдааны танилцуулагч зэрэг хүний хийх ёстой, хүн хүнтэйгээ харилцах ёстой болдог чухал ажлын байрууд дээр очоод байна. Роботууд хүний орон зайг булаагаад байгаа юм биш. Харин бидний үлдээчихээд байгаа хоосон орон зайг бөглөж байгаа нь энэ л дээ.

Японы эрдэмтэд “Хиймэл оюун ухаан хэдийгээр хүнийг орлох боломжгүй ч хүн төрөлхтөн энэ зарчмаар ийм байдлаар цааш явбал сүүлдээ хүнтэй харьцахаас илүү роботтой харьцах нь амар хялбар гэдэг хандлага руу орох нь л хамгийн том аюул байж мэднэ” гэсэн нь нэгийг бодогдуулна.