Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн одоогоос 38 жилийн өмнө кино "Хүний амь" нэртэй киног найруулж олны хүртээл болгож байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Тэгвэл Монголын нэрт найруулагч маань уг дэлгэцийн бүтээлийнхээ хоёрдугаар ангиа туурвихаар болсон байна.

Тус киноны хоёрдугаар ангийг "Миний амь" нэртэй өнөөгийн нийгэмтэй уялдуулан бүтээсэн гэнэ. Энэ талаар, кино найруулагч Г.Жигжидсүрэн: "Нийгмийн хар талыг харуулалгүй нуудаг, сайн сайхныг сурталчилдаг байсан үед хийсэн болохоор олон саад бэрхшээлтэй тулгарч байж дэлгэцнээ гарсан. Эргээд харахад жүжигчдийн тоглолт, зураг авалт, зохиомж давгүй болсон шиг санагддаг. Киноны ноён нуруу болсон жүжигчид Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, ардын жүжигчин П.Цэрэндагва, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар амьд сэрүүн, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн алдартнууд болжээ. Тиймээс киноныхоо үргэлжлэлийг хийж, 30-аад жилийн дараа нийгмийн гурван давхаргын дүрүүд хэн болж хувирав гэдгийг харуулахаар шийдсэн" гэлээ.

Мөн энэ шинэ зуунд нийгэм, хүн, амьдралын өнгө, хүүхдүүдийн эцэг эхтэйгээ харилцах нь хүртэл тэс өөр болсон. Жүжигчдийнхээ онцлог, ур чадвар дээр тулгуурлан хүний дотоод ертөнц, сэтгэл рүү өнгийсөн сэтгэлзүйн драм хийх юм. Мэдээж 38 жилийн өмнөх арга барилаасаа огт өөрөөр хийхгүй бол болохгүй хэмээн онцлон ярьсан юм.

Түүний шинэ уран бүтээл ирэх намар үзэгчдийн хүртээл болох бөгөөд арван ангитай кино байх аж.

Д.Ана