Сайн байна уу. Би 38 настай эгэл жирийн л гэрийн эзэгтэй хүн байна. Гурван хөөрхөн охины ээж, сайхан ханийнхаа эхнэр нь. Сүүлийн үед залуус маань хамтын амьдрал, гэрлэлтэндээ арай л хөнгөн хандах гээд байх шиг санагдаад байх юм. Тиймээс залуу хүмүүст өөрийнхөө туршлагаас хуваалцаж жаахан ч гэсэн урам өгөхийг хүссэн юм.

Амьдрал гэдэг чинь бэлдээд тавьчихсан боодол савтай хоол унд, байр сав биш шүү дээ. Хөрөнгө бэлтэй хүмүүс нь гэрлэж байгаа хүүхдүүддээ байр, машиныг нь бэлдээд өгчихдөг байх. Гэхдээ миний бодлоор ийм амьдралаас илүүтэй өөрсдийнхөө хүчээр тэмцэж босгосон амьдрал сайхан санагддаг. Дараа нь эргэж харахад урамтай. Ийм амьдралыг бүтээж яваа хүмүүс хоорондоо ам мурийх нь ч ховор байдаг. Яагаад гэвэл хоёул хоёулаа яаж тэмцэж байж амьдралаа босгож байгаа билээ гэдгээ мэдэж байгаа болохоор тэр шүү дээ. Миний хувьд нөхөртэйгөө 25 настайдаа танилцаад үерхсээр ханилсан. Бидний амьдрал ёстой л ээж аавын хэлдгээр чемодантай хувцаснаас л эхэлсэн юм шүү. Бид хоёр хоёр талаасаа юу ч үгүй л ханилсан. Үерхэж байхдаа байрны хажуу өрөө хөлсөлдөг байлаа. Дараа нь овоо гайгүй болоод нэг өрөө байр хөлсөлдөг болсон. Сүүлд нь хоёулаа яаж ийж байгаад өөрийн гэсэн орон гэртэй болъё гэж шийдээд би хадмындаа хоёр жил амьдарч, энэ хооронд цалингаа хадгалсан. Мэдээж, айлд амьдрах амаргүй байсан. Ам мурийчихмаар үе зөндөө гарсан ч бид хоёр тэр дундуур хэрүүлгүй туулж гарч ирсэн юм шүү. Хүн хичээгээд илүүдэл зардал гаргахгүй мөнгөө хадгалаад, хоёр хүн нэг сэтгэлээр хөдөлбөл хүрэхгүй зүйл гэж байдаггүй юм байна лээ. Бид хоёр гэртээ хоолоо хийж ажил руугаа авч явдаг байсан. Эмэгтэй хүн л юм хойно янз бүрийн хувцас авмаар санагдсан ч нүцгэн гүйж байгаа биш гээд л өнгөрөөдөг байлаа. Энэ бүхнээс анзаарахад бид байгаа юмандаа ханаж цадахгүй шинэ юм аваад өөрсдөдөө өр нэмээд байдаг юм байна лээ. Нөхөр бид хоёр овойж оцойтол олдог улс биш ээ. Нөхөр маань хувийн компанид менежер хийдэг, харин би төсвийн байгууллагад нягтлан ажилтай. Хоёр талын аав ээж маань орон байртай болоход маань нэг нэг сая төгрөг өгч байсан. Харин үлдсэнийг нь бид хоёр өөрсдөө цуглуулж чадсан. Хүн хичээх л ёстой юм байна лээ. Тэгвэл бүтэхгүй зүйл гэж байдаггүй юм шүү. Одоо бид тохилог сайхан байранд, гурван хөөрхөн үр минь шулганан хөөцөлдөн тоглож байна. Харин хань маань миний хийсэн хоолыг идээд зурагт үзээд сууж байна. Энэ амьдралаа эргээд харахаар болохгүй бүтэхгүй байна гээд суугаад байсан бол өдийд бид тав бас л түрээсээс түрээсийн хооронд л нүүж явах байсан байх даа. 

Залуус маань өөрсдөдөө үнэнч байж, хоёр хүн нэг сэтгэлээр чин үнэнээсээ зорилго тэмүүллийнхээ төлөө зүт гэж байгаасай. Шалтаг шалтгаан мундахгүй их л дээ. Гэхдээ тэр болгоныг өлгөж аваад ач холбогдол өгөөд байвал бидэнд гишгэх газар олдохгүй шүү дээ. Тиймээс уншигч охиддоо гэж захихад, нөхрөө урамшлуулж, нэг баг болж, нөхөртэйгөө хамт урагш зүтгэж байгаарай. Эмэгтэйчүүд бид үрэлгэн зангаасаа болж гэр бүлийн хуримтлал ч үүсгэж чаддаггүй юм байна гэдгийг би түрээсийн байранд амьдарч байхдаа мэдэрсэн юм шүү. Нөхөртөө өдөр бүр урмын үг хэлж, хоёулаа ийм амжилтад хүрлээ, одоо тийм юм хийе. Хань нь ингэж хичээе. Чи минь намайг дэмжээрэй гээд итгэл, урам зориг өгөөд байвал эр хүн хамгийн сайн нөхөр болж чадна гэж би боддог. Юу гэх гээд байна гэхээр эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэйчүүд бидний гарт л байдаг гэж хэлмээр санагдаад байгаа юм. Зөндөө их юм биччихлээ. Та бүхэн маань хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь орхиорой. Жаахан ч гэсэн урам өгч чадвал захидал бичсэний маань зорилго тэр юм шүү.