Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр буюу ипотекийн зээлээр байр худалдан авах иргэдийн эрэлт их байгаа ч тэднээс шаардах банкны шаардлага хэт өндөр байна гэж ярьсаар олон жилийг ардаа үлджээ. 

Орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгааг Улаанбаатар хотын 152 хооронд явуулахад 252 мянган өрх ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй явдгаа илэрхийлжээ. Гэвч арилжааны банкны шалгуурыг хангаж ипотекийн зээл авах боломжтой өрхийн тоо ердөө 13 мянга.

Улаанбаатар хотын хэмжээнд борлуулалт нь зогссон, эзнээ хүлээж буй 33 мянга 566 айлын орон сууц бий. Дээрх орон сууцнуудын 19 мянга 565 нь бүрэн ашиглалтад орсон. 14 мянга нь барилгын ажил нь хийгдэж буй орон сууц юм. Борлуулалт нь зогссон орон сууцнуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэдээ орон сууцжуулахын тулд ипотекийн зээлийн журмыг өөрчлөх асуудал өнгөрсөн жилээс яригдсан. Тэгвэл ойрын хугацаанд орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 25 хувь, зээлийн хүүг 7 хувь болгон бууруулах шийдвэрийг Засгийн газраас гаргахаар төлөвлөжээ.

Ингэхдээ хотын захын бүс буюу гэр хорооллын дахин төлөвлөлт хэсгээс байр авч байгаа иргэд жилийн долоон хувийн хүүтэй, 25 хувийн урьдчилгаа төлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Харин хотын төвийн бүсийн орон сууцад хөнгөлөлт олгохгүй гэнэ. Түүнчлэн орон сууцны зээлд хамрагдсан хүнд давтан зээл олгохгүй байхаар журамлажээ. Учир нь найман хувийн хүүтэй зээлээр хоёр, гурван байр авсан тохиолдол цөөнгүй гарсан аж.  

Барилга хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 15, 20, 30 хувь гэсэн гурван шатлалтай болгох саналыг арилжааны банкуудад тавьсан ч эрсдэлтэй гэж үзээд дэмжээгүй байна. Нөгөө талаас урьдчилгаа төлбөрийг бууруулахаар иргэдийн сард төлөх зээлийн хэмжээ нэмэгдэж хүүгийн дарамтад орох эрсдэл үүснэ гэж үзэн ипотекийн зээлийн урьдчилгааг таван хувиар бууруулж 25 хувь болгохоор болжээ. 

2018 оны улсын төсөвт ипотекийн зээлийг санхүүжүүлэх зорилгоор 120 тэрбум төгрөг суулгасан. Үүнээс гадна өмнө нь орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн эргэн төлөлтөөр 220 тэрбум төгрөг улсад төвлөрнө. Өөрөөр хэлбэл 2018 онд ипотекийн зээлийн эх үүсвэрт 340 тэрбум төгрөг байна гэсэн үг. Энэ хэмжээний мөнгөөр таван мянга гаруй өрхөд ипотекийн зээл олгох боломжтой аж.