1994 оноос эхлэн худалдаа үйлчилгээ, түрээсийн салбар, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж ирсэн “Нар Мон” компани энэ жил 20 жилийн ойтойгоо золгож байна. Тус компанийн захирлыг яруу найрагч М.Хүрэлсүх гэдгийг хүмүүс андахгүй байх. Түүний хувьд өнгөрсөн зургадугаар сард “Буга шүтээн” нэртэй ном, хос цомгийнхоо нээлтийг хийсэн төдийгүй, хоёр жил дараалан түүний шүлгээр бүтсэн дуу “Морин хуур” наадмын Гран приг хүртсэн мундаг уран бүтээлч билээ. Тэгвэл уг эрхэм маань компанийхаа ойд зориулж маргааш буюу энэ сарын 15-ны билэгт сайн өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт 19:00 цагаас хүндэтгэлийн концертоо хийх гэж байна. Ингээд яруу найрагч М.Хүрэлсүхтэй тоглолтынх нь талаар товчхон ярилцлаа.

-Маргааш хүндэтгэлийн тоглолт хийх гэж байгаа талаар сонслоо. Энэ талаараа сонирхуулна уу?

-Уг тоглолтоо “Буга шүтээн” яруу найргийн ном, хос цомогтоо зориулж байна. Нөгөө талаар манай “Нар Мон” компанийн 20 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд ойгоо угтаж “Шөнийн зах”-ын дэргэд баригдсан “Шөнийн плаза” худалдааны төв ашиглалтад оруулж байгаа гээд олон үйл явдал давхцсан баяр болж байна. Миний хувьд компанийнхаа 20 жилийн ойд зориулж бөх барилдуулж, хурдан морь уралдуулах ч юмуу, өөр ямар нэгэн томоохон арга хэмжээ зохиож байхын оронд өөрийнхөө бүтээсэн уран бүтээлээр тоглолт хийж, бэлэг баръя гэж эртнээс бодож төлөвлөсөн юм. Хүндэтгэлийнх гэж тодотгож өгсний дээр дан урилгаар хүмүүст үзүүлж байгаа нь бас нэг онцлог юмуу даа. Манай компанийн зүгээс “Шөнийн плаза” гээд дороо худалдаа үйлчилгээний төвтэй орон сууцыг ашиглалтад оруулж өглөө. Хорин жилийн хугацаанд “Шөнийн зах”, “Бугын сангийн аж ахуй” зэрэг компаниуд үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирсэн.

-Тоглолтод ямар ямар уран бүтээлчид оролцох вэ?

-Ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Ц,Түвшинтөгс, Г.Ариунбаатар Ө.Уянга зэрэг дуучид ая дуугаа өргөхөөс гадна Төрийн шагналт урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын аялгуугаар бүтсэн миний шүлэг “Аминаас үнэтэй Монгол”, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн аялгуугаар бүтсэн дуунууд, хөгжмийн зохиогч Б.Мөнхжаргал, М.Туяа гээд надтай хамтарч олон сайхан уран бүтээл хийсэн бөгөөд уран бүтээлээс нь сорчилж шилдэг гэснээ оруулж байгаа. Тоглолтыг маань соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Батбаяр хөтлөж, зохион байгуулагчаар “Т Rekord s” студи ажиллаж байна.

-Та хос цомог, номоо өлгийдөж авснаас хойш шинэ уран бүтээл туурвисан уу?

 -Хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэгтэй хамтарч “Учрахын жаргал” нэртэй шинэ уран бүтээл хийсэн. Уг дууг “Сүлд” чуулгын дуучин Э.Нямхүү дуулсан бөгөөд тоглолт дээр анх удаа дуулж байгаа нь бас нэг сюрприз барина даа.

 

- Цаг гарган ярилцсан таньд баярлалаа.

 

А.Баярмаа