Өнөөдөр “Монгол ньюс”  мэдээллийн төвд “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл” ТББ”-аас  ЕБС-ийн сурагчдад туршилт хийж байна гэж ямар ч үндэслэлгүй мэдээлэл тараасан талаар “Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Уянга тэргүүтэй хүмүүс залруулга хийж үйл ажиллагаагаа танилцуулав.

Шинжлэх ухааны үндэслэлгүй, гүтгэлгийн чанартай мэдээллийг олон нийтэд түгээсэн талаар тус байгууллагын Гадаад харилцаа хэвлэл мэдээллийн төлөөлөгч И.Энхжаргал болон бусад холбогдох хүмүүс онцолж байв.  

Тухайлбал, Гүйцэтгэх захирал Б.Уянга “Манай байгууллага нь Харвардын анагаахын их сургуулийн эрдэм шинжилгээний нэгж байгууллага юм. 2004 оноос эхлэн Д /D/ витаминтай холбоотой нийтдээ  20  гаруй судалгааг олон улсын түвшинд хийсэн. Одоо хийж байгаа судалгаа бол  6-13 насны  9814 сурагчдыг  оролцуулаад Сүрьеэгийн далд халдвараас урьдчилан сэргийлэх  Д амин дэмийн нөлөө судалгааг Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хороо, АШУҮИС-ийн эрдмийн зөвлөл, Харвардын их сургуулийн ёс зүйн хорооны албан ёсны зөвшөөрөлтэй хийж эхэлсэн. 2015 оны тавдугаар сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн яамны яамны ёс зүйн хорооноос зөвшөөрөл авсан. Анх судалгааны ажлыг эхлүүлэхдээ бид судалгаанд хамрагдах хүүхдүүдийн  эцэг эхэд судалгааны талаар танилцуулж албан ёсоор зөвшөөрөл болон гарын  үсэг авч сайн дурын үндсэн  дээр эхлүүлсэн.  Хүний биеийн  дархлааг дэмждэг Д аминдэм нь амьсгалын замын  хурц халдварт өвчин болон сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлдэг тул сүрьеэтэй тэмцэх эдийн засгийн хувьд хэмнэлттэй, эрүүл мэндэд хор нөлөөгүй арга. Судалгаанд оролцогч хүүхдүүдэд Д аминдэмийг туршсан хэрэг огт биш. Д аминдэм нь сүрьеэгээс  сэргийлэх олон улсын туршлага нь Монгол хүүхдүүдэд ямар тун, ямар хэмжээгээр уувал тохиромжтойг судалж байна” гэв.