Гуравдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцэл 87.6 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх сараас 20 хувиар буурсан дүн болж байна. Төлбөрийн тэнцлийн үзүүлэлтийг задлаад харвал урсгал дансны тэнцэл 424 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Гуравдугаар сарын байдлаар түүхий эдийн экспорттой холбоотойгоор манай улсын нийт экспортын дүн импортоос өндөр байгаа учраас гадаад худалдааны тэнцэл 352 сая ам.долларын ашигтай гарчээ. Тиймээс барааны данс 260.9 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Өөрөөр хэлбэл төлбөрийн тэнцлийн гол үзүүлэлт болох урсгал дансанд хамаарах барааны данс ашигтай байсан бол үйлчилгээний данс 347.6 сая ам.долларын алдагдалтай гарсан нь гол үр дүнг тайлбарлаж байна. Үйлчилгээний дансанд Монгол Улсын хил хүртэлх тээвэртэй холбоотой орлого, зардлыг бүртгэдэг. Мөн гадаадын жуулчдын Монголд зарцуулсан орлого, Монголын жуулчдын гадаадад зарцуулсан аяллын орлогыг бүртгэж байгаа аж. Тиймээс эдгээр үйл ажиллагаатай холбоотой гадагш чиглэх валютын урсгал нэмэгдсэн нь нөлөөлж байна.

Мөн урсгал дансанд хамаарах ажиллагсдын цалинтай холбоотой болон хөрөнгө оруулалтын шинж чанартай орох гарах урсгал зэргийг бүртгэдэг анхдагч орлого дансны тэнцэл 386.4 сая ам.долларын алдагдалтай байна. Энэ нь энэ төрлийн гадагшаа чиглэсэн урсгал давамгайлсныг илтгэж байна.

Харин шууд болон багцын хөрөнгө оруулалтын орох, гарах урсгалыг нэгтгэн тооцдог санхүүгийн дансны тэнцэл 332.2 сая ам.долларын ашигтай гарчээ. Өөрөөр хэлбэл он гарсаар эхний гурван сарын байдлаар энэ хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрийг гадаадаас авсан байна. Хувийн хэвшлийнхэн оны эхний гурван сард өрийн хэрэгслүүдийг хамруулаад гадаадын шууд хөрөнгө оруулалт хэлбэрээр 552.9 сая ам.долларыг дотогш төвлөрүүлсэн байна.

Төлбөрийн тэнцлийн тайлангаар Монгол Улсын эдийн засгийн харьяатын гадаад харилцагчтай хийсэн худалдаа, үйлчилгээ, хөрөнгө, санхүүгийн болон бусад урсгалын орлого, зарлагын гүйлгээг системчлэн харах боломжийг бүрдүүлдэг.