Шалаар нэг хөглөрөх Хурандаа цол
2018/05/07
Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гэм буруутай нь шүүхээр тогтоогдож ял эдлэсэн гурван бэлтгэл офицерын генерал цолыг хураасан нь нийгэмд нилээд дуулиан тарьсан үйл явдал болсон.
Бултаараа нийгмээрээ дээрх гурван генералын цолыг хураасан нь зөв эсэх талаар марган мэтгэлцэж байгаад намжив.
Цэргийн хүн мөрөн дээрх цол энгэр дээрх одонгоо харж баясаж явдаг юм гэнэ лээ. Бас байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий ч гэдэг. Цэргийн цолны утга учир харамсалтай нь сүүлийн 20 гаруй жилд алдагдаж нэр хүнд үнэлэмж унахад хүрсэн. Тэр дундаа хурандаа цол бол ерундаа буюу хог болтлоо үнэ цэнээ алдсан. Одоо дээр нь нэмэгдээд генерал цол утгаа алдаж эхэлсэн.
Цэргийн цол нь тухайн цэргийн алба хаагчийн албан тушаал мэдлэг боловсрол ажлын туршлага амьдралын түүхэн замналын илэрхийлэл байдаг. Энэ тухай манай нэрт яруу найрагч Ч.Лхамсүрэн дээр үед “Хурандаа” найраглалдаа нүдэнд харагдтал яруу сайхнаар дүрслэн өгүүлсэн билээ.
Дэлхийн түүхэнд ч гэсэн хурандаа нарын гүйцэтгэсэн үүрэг роль их байдаг. 1944 онд фашистын Германд Гитлерийн эсрэг хуйвалдааныг хурандаа Штауфенберг эр зориг гарган толгойлсон. 1967 онд Грект хурандаа нар төрийг эргүүлж “Хар хурандаа нарын” дэглэмийг тогтоосон. 1969-2011 онд Ливид хурандаа Муамер Каддафи, 1952 онд Египетэд дэд хурандаа Гамаль Абдель Насэрийн засаглал оршин тогтнож байсан гээд сайн муугийн үлгэр жишээ олныг дурдаж болно.
Манай улсад ч гэсэн 1930-1940-өөд оны үед хэдийгээр БНМАУ-ын эрх мэдэл нь хязгаарлагдмал, билэгдлийн шинжтэй төрийн тэргүүн байсан ч ард олондоо “Бум хурандаа” нэрээрээ хайрлагдсан Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн дарга Ц.Бумцэнд хэмээх буянтай нэгэн буурал байсан.
Өмнөх тогтолцооны жилүүдэд хурандаа бол генерал цолны дараа орох алдар хүндийн илэрхийлэл болж хүссэн бүхэн зүүгээд байдаггүй цол байлаа. 1990 оноос өмнө хурандаа цолыг жилд зөвхөн цэргийн баяраар л цөөхөн хүнд маш хатуу шалгуураар олгодог байжээ.
Өнөө цагийн хурандаа нар дэгсдүүлж хэлэхэд дэслэгчээсээ олон болсон гэхэд хилсдэхгүй л болов уу. Зүй нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан Цэргийн цол олгох журманд “хурандаа” цолыг олгохдоо цэргийн боловсрол, цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа, цэргийн нэгтгэл, ангид ажилласан байдал албан тушаалын цолны зэрэглэл, мэргэжилдээ дадлагажсан байдал, ажлын үзүүлэлт, тухайн албан тушаалд тэнцэж буй эсэх, офицерийн ёс зүй зэрэг шалгуурыг үндэслэл болгохыг заасан байх юм.
Гэвч сүүлийн 28 жилд УИХ-ын сонгууль бүрийн дараа байгуулагдсан Засгийн газруудын ажилласан батлан хамгаалахын болон хууль зүйн сайд нар, тэдний харьяа агентлагуудын дарга нар энэхүү журмыг санаатайгаар зөрчиж өөрийн хамаатан садан эсвэл нэг нам, сургууль, курсийн нөхдийг гудамжнаас авчирч төсөв хөрөнгө, тендер, хүний нөөц хариуцсан албан тушаалуудад томилж шууд хурандаа болгодог гажуудал гаарсан. Үүнээс үүдэн цэргийнхний дунд Эрхэм хурандаа, Хүүш хурандаа, Төлгөн хурандаа нарын тухай шог яриа гарсан.
Эрхэм хурандаа гэдэг нь хал үзэж доль цохисон олон жил анги байгууллага, газар хэлтсийн даргаар ажилласан, хоёр яамд жанжин штаб, ерөнхий газрууддаа танил тал нөлөө ихтэй аль ч үеийн дарга нартаа тал алддаггүй ахин дэвшихгүй ч гандан буурахгүй, аливаа шалгалт хяналтыг аргалаад сурчихсан архаг офицерууд байдаг бол Хүүш хурандаа гэж сонгуулиар гарч ирсэн хэн нэгэн сайд даргын татаасаар гэрлийн хурдаар гэнэт хурандаа болсон, сурсан эрдэм ажилласан туршлагаар тааруу хэрнээ ашиг завшаан хайж задарсанд долигонож ядарсанд дээрэлхдэг амьтад байдаг. Тиймээс тэднийг “хүүш, тэр хурандаа болчихож” гэж уулга алдан хэлдэг болжээ.
Цэрэг, цагдаа зэрэг хүчний байгууллагуудыг хүнд хэцүү үед нь үүдээр гаран хаяж явсан иймэрхүү этгээдүүд сүүлийн жилүүдэд тооноор орж ирэн шууд хурандаа болж байгаа нь залуу насаа хөдөө хөрч, гадаа гандаж өнгөрөөсөн тангарагтаа үнэнч байж хааж явсан албаа төдийгөөс өдий хүртэл тасралтгүй авч ирсэн эгэл жирийн олон офицер ахлагч нарыг доромжилсон явдал мөн.
Зах зээлийн шилжилтийн үеийн эхний хүнд жилүүдэд олон зуун офицер ахлагч нар цэрэг, цагдаагийн албанаас халагдсан бас хаяж одсон. Цэрэг, цагдаагийн сургууль төгссөн олон залуу боловсон хүчнээ тогтвор суурьшилтай ажиллуулах албанд нь тогтоон торгоохын тулд албан тушаалын дагуу цол олгодог журам 1995 онд мөрдөгдөж эхлэсэн. Чухам тэр үеэс л цэргийн цолыг гэрлийн хурдаар авч ахисан зарим залуу офицеруудыг садан төрлийн холбоотой сайд дарга нар өөд нь татаж гадаад оронд сургууль дамжаанд явуулж хэлний мэдлэгийн давуу байдлаар нь ажиллагааны багийн даргаар томилдог болсоор удсан.Эргээд ирснийх нь дараа хурандаа болж албан тушаал дэвшсэн тэд хар залуугаас буруу сэхэж зан нь эвдэрсэн. Ингэж л шүд нь ургаагүй байтлаа зан нь эвдэрсэн төлгөн хурандаа нар сүүлийн үед олширсон.
Ийнхүү тэтгэвэрээ хүлээсэн идэвхи гаргадаггүй эрхэм хурандаа, үүдээр гараад олз ашиг хайсан тооноор орж ирсэн хүүш хурандаа, хар залуугаар биеэ тоосон шүд нь ургаагүй төлгөн хурандаа нар цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад багталцахгүй атлаа чихэлцэн сууцгаана.
Эрхэм Ерөнхийлөгч Ерөнхий командлагч аа, цэргийн цол олгох өнөөгийн журмынхаа хэрэгжилтэд хяналт тавьж, ашиг завшаан хайгчдын орох нүхийг хааж өгөх эсвэл зөрчсөн хурандаа цол олгох эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцон огцруулах арга хэмжээ авч, цэргийн албыг цөөн жил хааж бүх шатны албан тушаалыг шат дараалж дамжаагүй ажлын туршлагагүй, бас томилогдсон албан тушаалдаа дүйцэх цэргийн дээд боловсрол эзэмшээгүй /академи төгсөөгүй/ генерал хурандаа нарын цолыг хурааж хуулиа биелүүлэхийг эгэл жирийн олон зуун офицер ахлагч нар танаас шаардаж байгааг эцэст нь уламжлая. Хувь хүний нэр хүндийг бодоод хүүш болон төлгөн хурандаа нарын нэрийг дурдалгүй орхилоо. Дараагийн удаа генерал цол утгаа алдаад байгаа талаар бид мэдээлэх болно.
А.Баярмаа
zochin · 2018/05/08
hudlaa bichehee boimoor yum 30 emegtei hurandaa bhgui hudlaa bichej
Зочин · 2018/05/08
huuchin tsagiin tsoltonguuud mundag hvmvvs bj de
Зочин · 2018/05/08
Саяны 3 генегалын цолыг хураадаг буруу зүйл болсон. Энэ хүмүүс тухайлбал Амарболд генерал монголын цагдааг өнөөгийн түвшинд хүргэхэд онцгой гавъяа байгуулсан хүн цэрэг хүн тушаал биелүүлсэн, өөр яах юм. Би байсан бол дээрэм тонуул хийсэн, үнэдэснийхээ өв соёлруу лоом барин дайрсан, цагдаа нарыг хайр найргүй зодож гэмтээсэн хүний үнэргүй араатнуудыг бүгдийг нь буудах байсан. Мөн үүнийг өдөөн турхирсан хүмүүсийг ч гэсэн мөн л...Эдгээр араатан шинжээ олсон залуусын ихэнх нь сонгууль өгөөгүй улс орны хөгжилд иргэдийн оролцоог мэддэггүй хүмүүс байсан. Нэг хэсэг нь далимдуулж хулгай дээрэм хийх чин хүсэлтэй хүмүүс байсан.
зочин · 2018/05/07
Үнэн л юм бичиж. Цэрэг армид эмэгтэй хурандаа тун цөөхөн байсан. ЗХ-нд Саяхныг болтол ганц л эмэгтэй хурандаа цолтой байгаад тэтгэвэрт гарсан. Сүүлийн 2 жилд 4 эмэгтэй хурандаа цол авч, ингээд 5 эмэгтэй хурандаатай бол ШШГЕГ-т 30 гаруй эмэгтэй хурандаа байдаг гэнэ. Уул нь энэ салбарт саяхан болтол ганцхан Оюунбадам гэдэг эмэгтэйчүүдийн хорхих ангийн дарга л энэ цолтой байсан юм. Тэгэхээр цэргийн цол яаж үнэ хүндгүй болж байгаа нь ойлгомжтой.
Зочин · 2018/05/07
Чингэлтэй дүүргийн засаг дарга Эрдэнэбат шууд хурандаа. Энэ ариун явдал уу
Зочин · 2018/05/07
Иймэрхүү зүйлүүд нийгэм нэн олон. Тухайлбал, эрдэмтэн. Эрдмийн зэрэг хамгаалж судлаач болсон болохоос илүү эрдэмтэй нь юу л бол. Яг нарийн дээрээ яриад байхаар хамгийн тэнэг нөхөд түүнийгээ хаацайлахын тулд цол, зэрэг горьдоод байдаг юм. Тэд өөрөөс илүү оюунлаг хүнийг буланд шахах зорилгоор зэрэг хамгаалаад байгаа болохоос бараг гутлынхаа зөв бурууг ялгахгүй хүмүүс олон. Төрөлхийн авъяастай, чадварлаг, нөхөд эрдмийн зэрэгт төдийлөн ач холбогдол өгдөггүй. Ажлаасаа халагдлаа гэхэд хаана ч тэдний хийж чадах зүйл байдаг. Одоогийн эрдэмтэдийн 90 хувь нь дээрх болзолыг хангах байх. Ихэнхдээ биеэ үнэлэгч, архичин, бялдууч, чадалгүй нэгэн яаж ийгээд эрдэмтэн болно. 15% нэмэгдэл цалингийн төлөө хүн алахаас сийхгүй хүн ч байгаа. Эрдэмтэн гэсэн нэртэй хэрнээ гадаад хэлгүй, ганц олигтой патент ч байхгүй хүмүүс олон. Үүнийг зэгцэнд оруулахгүй бол хурандаагийн хэргээс дутуугүй нийгэмд уршигтай юм.
Зочин · 2018/05/07
Сүүл рүүгээ, ардчилалын жилүүдэд хурандаа биш хуйнаа болсон гэдэг биз дээ ...?
Иргэн · 2018/05/07
Бөхчүүд хурандаа нар болих хэрэгтэй. Цолны утгыг алдагдуулаад байна шүү . Цэрэг цагдаагиин цол бол морины уяачиин цолноос дор байгаад байна шүү . Цол хэргэмнии үнэ цэнииг нэмэгдүүлэх нь зүйтэй шүү.