Ашигтай талбай, газрын нөөц улам бүр хумигдаж байгаа нь нийслэлчүүдийн хувьд хөндүүр сэдвийн нэг болоод байна. Нийслэл хотын удирдлагууд хотын ашигтай талбайг нэмэгдүүлж, газар чөлөөлөх ажлыг шат дараалан хийж байгаа нь сайн хэрэг. Гэвч үнэлэгдэхүйц дорвитой ажлуудыг нь зарим нэг хувийн сонирхолтой дарга даамлууд баллуурдаж хаядаг гашуун туршлага Нийслэлийн Захирагчийн албанд давтагдах гэж байна.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт (2018.05.25) Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “1.4 сая хүн ам оршин сууж байгаа Улаанбаатар хотын гэр хороолол оршуулгын газартайгаа нийлсэн. Энэ байдал удаан үргэлжлэх юм бол нийслэл газаргүй болох эрсдэлтэй” хэмээн онцлон дурьдаад талийгаачийн шарилыг чандарлахыг дэмжиж байна гэж мэдэгдэв.

Энэхүү санаагаа улам бататган “Манайхтай адил буддын шашинтай Азийн орнуудын 80-90 хувь чандарлах зан үйл хийдэг. Өнөөгийн Улаанбаатар хотын нөхцөлд чандарлах нь хамгийн зөв шийдэл. 2014 оны НИТХ-ын тогтоолоор чандарлах үйл ажиллагааг эрх зүйн зарим журмаар зохицуулсан. Цаашдаа энэ чиглэлд эрх зүйн болон холбогдох зохицуулалтыг хийнэ гэж мэдэгдсэн юм.

Хотын Ерөнхий менежерийн санаачилсан “гоц” санааг ажил хэрэг болгох машин Хотын Захирагчийн албан дээр хэдийнэ ажиллаж эхэлжээ. Ажлын хэсэг ч томилогдсон бөгөөд энэхүү ажлын хэсэг эхний ээлжинд оршуулгын газруудын үйл ажиллагааг шалгах гэнэ.

Оршуулгын газар, талийгаачийг нутаглуулах зан үйлийг дагасан бизнес нийслэлд хэдийнэ цэцэглэсэн байгаа. Талийгаачийг нутаглуулах газрыг үнэтэй зарж үүнийгээ “багц үйлчилгээ” хэмээн нэрлэж, энэ зан үйлээр дамжуулан бизнес хийж гаршсан компани ч олон. Энэхүү багцын үйлчилгээ гэгчийн үнэ төлбөрийг амьжиргааны түвшин доогуур иргэд дийлэхгүй сөхөрч байгаа нь үнэн. Энэ талаас харвал Нийслэлийн Ерөнхий менежер Т.Гантөмөрийн санаачилга зөв зүйтэй мэт.

Гэхдээ асуудлыг нөгөө өнцгөөс нь харвал оршуулгын газрыг цэгцлэх Т.Гантөмөрийн мэргэн санаа, талийгаачтай салах ёс гүйцэтгэх зан үйлийн асуудлыг төрийн оролцоотойгоор шийднэ гэсэн мэдэгдлийн ард оршуулгын үйл ажиллагаа эрхлэгч монополь компанийг төрүүлэх, зөвхөн түүнийг дэмжиж бизнесийн ашиг хуримтлуулах гэсэн хувийн сонирхол нуугдах нь эвгүйцмээр.

Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр энэ мэдэгдлийг хийхдээ Нийслэлийн Захирагчийн ажлын алба, МУИС-ийн Түүхий тэнхим, Буяны зан үйлийн холбоо хамтран хэлэлцүүлэг өрнүүлсэн гэж байв. Энд нэр дурьдагдаж буй Буяны зан үйлийн холбоо гэгч ТББ нь “Улаанбаатар Буян” ХКК-ийн захирал Г.Идэрмаагийнх байх юм.

МАН-аас Нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдож байсан, МАН-ын Бага хурлын гишүүн, 2016 оны УИХ-ын сонгуулиар тус намаас эмэгтэйчүүдийн квотоор УИХ-д сонгогдохоор хүчтэй яригдаж байсан, МАН-ын хамгийн том санхүүжүүлэгчдийн нэг гэх Г.Идэрмаагийн мэдэлд Улаанбаатар хотын эргэн тойрны оршуулгын газруудын ихэнх хувь нь байдаг.

Г.Идэрмаа гэхээр “Улаанбаатар Буян” ХХК гэсэн нэр дуулддаг боловч түүнд оршуулгын газрын үйл ажиллагаа явуулах эрх бүхий “Улаанбаатар бодь буян” ХХК, “Нью Семетри” ХХК-иуд бий. Үүнээс гадна Иргэдийн буян, Налайх дахь Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, СХД-ийн 61-ийн гүүр орчимд байх Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн компаниуд, Эмээлт болон Гачуурт дахь оршуулгын зан үйл явуулдаг хоёр чандарлах газар ч бий.

“Багцын үйлчилгээ” нэртэй иргэдийг туйлдуулж буй оршуулгын зан үйлийг дагасан бизнесийг цэгцлэх цаг болсон уу гэвэл тийм. Энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэгч компаниудыг нэг удаа шалгаад чаддаг, чаддаггүйгээр нь ялгаж, зааглан эмх цэгцэнд оруулчихвал иргэдийн нуруунаас нэг дарамт хөнгөрөх юм. Ингэж чадвал Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт талархах ч багадна.

Харамсалтай нь нийслэлийн газар нутгийг цэгцэлж, талийгаачдийн 80-90 хувийг чандарлана хэмээн гүйж яваа Т.Гантөмөрийн мэргэн санааны ард зөвхөн “Улаанбаатар Буян”-гийн Г.Идэрмаагийн бизнесийг дэмжиж, тэдний компанид монополь эрх олгож, бусдыг шахах башир арга нуугдаад байна уу.

Т.Гантөмөр, Г.Идэрмаа хоёр хэрвээ монгол хүн мөн л юм бол талийгаач болсон бүхнийг шатааж, хайлуулаад байдаггүйг мэддэг байх учиртай. Гэвч Т.Гантөмөрийн санаачилгаар өндийж байгаа оршуулгын газруудыг цэгцлэх арга хэмжээний ард Т.Идэрмаагийн өрсөлдөгчдөө буланд шахах бизнесмэний заль мэх нуугдаад байна шүү.

Хэрвээ энэ салбарт монополь төрвөл одоо зөвхөн “Улаанбаатар Буян” компанийн 1.4 сая төгрөгөөс эхлэн 20 орчим саяд багтдаг талийгаачийг нутаглуулах болон чандарлах үйлчилгээ хэд болж өсөх вэ. Тэр хөрөнгийг амьжиргааны өртөгөө чадан ядан дийлж байгаа ард иргэд дийлэх үү. Үүнийг бодож үзсэн үү гэж Г.Идэрмаа, Т.Гантөмөр нараас асууя!

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: Шүгэл