Шөнийн 23:10 минут. Хотын хөдөлгөөн сийрэгжиж, өдрийн ажилдаа алжаасан хүмүүс гэрийн зүг яарна. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн шөнийн ээлжийнхний автобусны цуваа уурхай тийш “Эрдэнэтийн-Овоо”-г зорино. Үйлдвэрлэлийн бүсэд мэдээллийн биднийг ажиллахад ч хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрмийг чандлан, зөвшөөрөл хүсэж, хөтөч-инженер томилдог. Цаг “яс барьдаг” ГОК-ынхны зангаар биднийг дагуулан хөтөчлөх, Авто тээврийн байгууллагын ХАБЭА-н инженер Д.Амарсанаа болзсон цагтаа, тогтсон газартаа хүлээж байлаа.
     Шөнийн сурвалжлага бэлтгэх хамтрагч, гэрэл зурагчин Б.Баттөгс “Үйлдвэрийнхээ шөнийн зургийг хальсандаа буулгаж, сайхан зурагтай болно доо” хэмээн аппаратаа зэхэх зуур, зам харан бодол хөврөв. Хотоос үйлдвэр хүртэлх 12 км замаар үйлдвэрийн 40 жилийн түүхийг бүтээлцсэн уурхайчдын жим тасралтгүй хөвөрсөн юм. “Эрдэнэт”-ийн 40 жил гэдэг зөвхөн техник технологийн хөгжил, уурхайн насжилт, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, улсын татвар бус энэ бол хүний амьдралын дөчин жилийн дурсамж, аварга техникийг Монгол хүн эзэмшин, “Эрдэнэтийн - Овоо”-оос эрдэнэс олборлосон эгэл уурхайчны хөдөлмөрийн түүх билээ.  

     Автотээврийн байгууллагын Уулын технологийн тээврийн хэсгийн нэгдүгээр ээлжийн 30 жолооч ажлын даалгавар авах өрөөндөө цуглажээ. Ээлжийн дарга Д.Болор-Эрдэнэ “Питрам” мэдээллийн системээс өмнө хүлээх үйлдвэрлэлийн төлөвлөгөө, уулын цул, хөрс хуулалтын талаар мэдээлэл харж, жолоочдоо ажилд хуваарилан бичнэ. Энэхүү систем нь уул уурхайн компанид зориулан бүтээгдсэн, дэлхийд шигшигдсэн уулын ажлын хяналтын бүрэн автомат систем юм. Технологийн энэхүү шийдлийг “Эрдэнэт” үйлдвэрийн Хүдрийн ил уурхай, Авто тээврийн байгууллагад хоёр жилийн өмнө нэвтрүүлж, одоогоор бүрэн ашиглаж байна. Үйлдвэрлэлийн ерөнхий төлөвлөгөө, техникийн боломжийг харьцуулан автоматаар ажлын гүйцэтгэлийг тооцоолж, GPS-ээр хянадаг. GPS гэдэг нь товчдоо дэлхийгээс 7000 гаруй км зайд байрлах орбит замаар явах хиймэл дагуулын тусламжтайгаар хүлээн авагчтай хэрэглэгчийн байрлал тодорхойлох систем юм. “Питрам” уулын тээврийн “БелАЗ” машинтай үүгээр холбогдож байрлал тогтоохоос гадна уулын цул тээвэрлэлтийн зай, даац, хурд, сул зогсолт зэргийг бүртгэж хянадаг. Жолооч бүр тээвэрт явж байхдаа машиныхаа бүхээгт байрлах дэлгэцээр энэ талаар мэдээлэл авч, ажлаа төлөвлөнө. Үйлдвэрлэл гэдэг ийм л нарийн тооцоотой аж.

     Нэгдүгээр ээлжийнхэн шөнө тасралтгүй найман цаг уурхайгаас хүдэр тээвэрлэж, Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг найдвартай хангах үүрэгтэй. Сул зогсож, биеэ амраах, шантрах эрх тэдэнд байхгүй. Технологийн тээврийн ажил үйлсээс “Эрдэнэт” үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн болох зэс, молибдены баяжмалын өөрийн өртөг шалтгаалдаг. Тиймээс сахилга бат өндөр ажиллаж байж үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлдэг гэж ээлжийн дарга Д.Болор-Эрдэнэ ярив. Жолооч нар шөнийн ажлын даалгавраа авч, гарын үсэг зуран баталгаажуулан, эмчийн үзлэгтээ ороод, ажилдаа гарлаа. Биднийг талбайд очиход өөр жолооч нар ээлжээ хүлээлцэхээр зогсож байв. Хүчит техникүүдийн мотор шөнийн харанхуйг үргээн нүргэлнэ. Ээлж хүлээлцэж буй жолооч нар хоёр хоёроор уулзан, хэдхэн хормын дотор техникийнхээ өнөөдрийн “зан”, замын нөхцөл байдлын талаар дараагийн жолоочдоо хэлж өгч байна. Шөнийн ээлжнийхэн “БелАЗ” дээрээ очиход механик инженер нэг бүрчлэн тээврийн хэрэгслийн гэрэл, дуут дохио, хөдөлгүүрийн чимээ зэргийг чагнан хяналт тавьж ажилд нь гаргадаг юм байна.

     Ээлж хүлээлцэх зуур “Эрдэнэт” үйлдвэрт 25 дахь жилдээ ажиллаж буй Д.Мөнхжаргалтай ярилцав. “Нүсэр бараатай энэ машинаа бариад явах шиг бахархал үгүй. Уулын тээврийн жолооч хувийн сахилга бат өндөртэй, сайн унтаж амрах ёстой. “Эрдэнэт” үйлдвэр 1978 онд ашиглалтад орсноос хойш ажиллаж байсан анхдагчид одоо гавьяаны амралтандаа гарч, уурхайчдын хоёр дахь үе, залуус үйлдвэртээ ажиллаж байна. Дүү нартаа ч би сахилга баттай, сайн унтаж амарч байгаарай гэж хичээнгүйлэн захидаг” хэмээн хуучлав.

     Нэгдүгээр ээлжийн 30 жолооч, энэ шөнө 22 мянга 50 м3 уулын цул тээвэрлэх даалгавартай.  Технологийн тээвэрт 130 тоннын 30  “БелАЗ” ашигладаг бол гурван машин засвартай тул даалгаврыг 27 жолооч гүйцэтгэнэ. Үйлдвэрээс батлагдсан төлөвлөгөөг биелүүлэхийн тулд хүн бүр хичээн ажиллах ёстой. Хүчит техникүүд цуваанд орон, заагдсан овоолго  руугаа хөдөллөө. Ил уурхайн гүнд очиход Экскаваторын шөнийн ээлжийнхэн мөн хүлээж байлаа.  Энд техникийн хэлээр ярилцах аж. Дуут дохио өгөхөд машинаа байрлуулж, ачаалж дууссаны дараа мөн дохиогоор хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.

     Завгүй өрнөх их ажлын хажуугаар БелАЗ-ын жолооч Б.Гарам-Очиртой ажлын онцлогийн талаар ярилцаж амжив. Тэрээр 1995 оноос өнөөг хүртэл технологийн тээврийн жолоочоор ажиллаж байгаа юм. БелАЗ-ын жолооч нарыг 2000 он хүртэл шөнийн ээлжээс буухад нэгдсэн зохион байгуулалттайгаар “Эрдэнэт” сувилалд амрааж гаргадаг байсан гэнэ. Өндөр хариуцлагатай ажилд гарахад жолооч өөрийгөө бэлдэхийн тулд сайн амарч, сэтгэл төвшин байх учиртай. Олон жил нөхөрлөсөн техниктэйгээ “анд нөхөр” мэт ижилдэн дасдаг талаараа ч ярилаа.  БелАЗ-ын техникийн үзүүлэлтийн талаар сонирхоход, өгөгдлөөрөө 100 километрт 400-450 литр түлш зарцуулдаг бөгөөд 1600 морины хүчин чадалтай, өргөн нь 7 метр, урт нь 11 м, өндөр нь 5 м 720 см аж. Шөнийн ээлжийн найман цагт тасралтгүй тээвэр хийхэд 700-800 литр түлш зарцуулдгийг ч хэллээ. Нэг удаагийн тээвэрлэлт хийх зай 3,89 километр. Уулын нөхцөл хүндэрч, уурхай гүнзгийрч буй энэ үед тээвэрлэлтийн зай уртсаж байгаа нь бүтээгдэхүүний өөрийн өртөгт нөлөөлнө. “Тиймээс Хүдрийн ил уурхайд нэвтрүүлэхээр яригдаж буй мөчлөгт урсгалт технологийн тээвэр буюу конвейрийн төсөл хэрэгжвэл “Эрдэнэт” үйлдвэрийн маань ашиг, орлого нэмэгдэнэ дээ” гэж тэрээр ярьсан юм.

     Шөнийн ээлжийнхний моторын дуу өглөө хүртэл тасралтгүй хүржигнэсээр, Эрдэнэсийн тээвэрчид эх орныхоо төлөө махран зүтгэсээр үлдлээ. Тэд хүнд хэцүүгээс хойш суудаггүй, ариун цагаан хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж Эрдэнэт хотдоо аз жаргалтай, элбэг сайхан амьдарч яваа “Эрдэнэт” үйлдвэрийн эгэл уурхайчид билээ. Өмнөх үеийнхний, “Эрдэнэт” үйлдвэрийн анхдагч, илгээлтийн эздийн үлдээсэн ардын заншил мэт мөрдөгдөх уурхайчны “бичигдээгүй хууль” энд бий. Өдөр бүр аюулгүй ажиллаж, цагийг чанд баримталж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг ягштал биелүүлнэ. Бид “Эрдэнэт” үйлдвэрийн тухай зөвхөн цаг үеийн үйл явдлын болоод ашиг орлого, улсад төвлөрүүлсэн татварын тухай мэдээлэлд анхаарлаа хандуулж, заримдаа анзаарах ч үгүй өнгөрсөөр уджээ. Тэрбум тэрбумаар тоологдох орлогыг улсдаа тушаахад олон мянган уурхайчдын хөлс  хөдөлмөр, мятаршгүй зүтгэл шингэдгийг мэддэг бил үү! Улс эх орныхоо  зүрхэн тушаа  бүхий  л  эрч хүчээрээ цохилж яваа  “Эрдэнэт”  үйлдвэрийн ажилчид зогсолтгүй, цуцалтгүй ажиллаж, энэ их айлын түүхийг бичилцэж яваа юм.



 Сэтгүүлч У.ЦЭРЭНБАТ

Гэрэл зурагчин Б.БАТТӨГС