Өнөөдөр дэлхийн яруу найрагчдын баярын өдөр тохиож байна. Анх 1999 оноос хойш дэлхий нийтээрээ тэмдгэлсээр иржээ. Энэ өдрийг тохиолдуулан Монголын Зохиолчдын Эвлэлийн “Яруу Найргийн Үндэсний Төв”-өөс санаачлан зохиолчдын “Анхны номын үзэсгэлэн” зохион байгууллаа.

Тус арга хэмжээг ССАЖЯам санхүүжүүлж, Хүүхдийн номын ордон хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийт 321 анхны номыг дэлгэн тавихаар болсон байна. Энэ үеэр зохиолчдын анхны шүлгийг уншуулж, анхны зохиолынх нь талаар хүрэлцэн ирсэн хүмүүстэй нээлттэй ярилцах юм байна. Сонирхуулахад энэ үеэр зохиолчид өөрсдийн номоо дуудлага худалдаанд оруулах бөгөөд өөрсдийн номоо борлуулах юм байна. Тус үзэсгэлэн Хүүхдийн номын ордонд өнөөдөр 11 цагаас нээлтээ хийсэн бөгөөд өнөөдөр, маргааш гээд хоёр өдөр үргэлжлэх юм байна.




 

Ийнхүү анхны номын үзэсгэлэн гаргасанаар шинэ үеийн монголын уран зохиолын түүх, зохиолчдын анхны номыг хойч үеийн залууст танилцуулахаас гадна мэдээллийн томоохон сан бүрдүүлж байгаа хэрэг гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. “Анхны ном” уран бүтээлийн үзэсгэлэнд дэлгэгдсэн номуудын хамгийн ахмадууд нь орчин цагийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн “Зохиолын түүвэр”/1928/, нэрт соён гэгээрүүлэгч Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн”/1929/, утга зохиолын анхны бүлгэмийг үүсгэн байгуулагч С.Буяннэмэхийн эмхтгэсэн “Уран үгсийн чуулган”/1929/, жүжгийн зохиолын нэрт төлөөлөгч Ши.Аюушийн “Харц Дамдин хатан Долгор”/1933/, зохиолч Д.Сэнгээгийн “Одон тэмдэгт дугаар застав”/1933/ зэрэг номууд байсан юм. Мөн эдгээр номуудын анхны эхийг дахин хэвлэлтэнд оруулж, олон нийтэд түгээх нь Монголын утга зохиолд үнэлж баршгүй хувь нэмэр болох бөгөөд цаашдын судлаачдад томоохон түлхэц болно гэдгийг хүрэлцэн ирсэн олон зохиолчид хэлж байсан.







 

“Анхны номын үзэсгэлэн”-д шинэ цагийн утга зохиолыг үндэслэгчдийн бүтээлээс эхлээд өнөө цагт яруу найраг, зохиолоо туурвиж яваа залуу үеийнхэний номууд багтсан байсан нь үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүмүүсийн сэтгэлийг татаж чадсан юм. Дэлхийн яруу найрагчдын баярын өдрийг тохиолдуулан утга, уран зохиолд шимтэн дурлагч, зохиолч, яруу найрагчдад барьсан бэлэг болох “Анхны номын үзэсгэлэн” өнөөдөр, маргааш хоёр өдөр Хүүхдийн номын ордонд үргэлжлэх ажээ.