Сүүлийн хэдэн жил хорт хавдараар өвчилсөн хүний тоо манай улсад огцом өссөн. Өмнө нь тэр бүр сонсогдоод байдаггүй энэ өвчний талаар бараг л Солонгос олон ангит киноны үйл явдалаас л харж байсан гэхэд болно.

Солонгос кинонд л хорт хавдараар өөд болж буй үйл явдал их байдаг байсан бол орчин цагт энэ нь монголчуудын дунд бодит биелэлийг олж, олон хүний амийг авч буй хөнөөлт өвчний нэг болжээ. Энэ төрлийн өвчинтэй тэмцэх тэр бүр олон эмнэлэг Монголд байдаггүй. 

Хортой болон хоргүй хавдрыг оношилж, эмчилдэг улсын хэмжээнд ганц байдаг Хавдар судлалын үндэсний төв гамшгийн хэмжээнд хүрсэн гэхэд хилсдэхгүй. Хэвтэн эмчлүүлэгчдийн ачаалал хэтэрсэн, орон нутгаас ирсэн иргэдийн зарим нь бүүр эмнэлэгийн ойролцоох зочид буудал зэргээр байрлан эмчилгээгээ хийлгэдэг гэсэн яриа ч байна. Үүнээс гадна манай улсад хавдарт өвчний эмнэлэгийн тоног төхөөрөмж, аппаратын хүрэлцээ тун тааруу. Саяхан л гэхэд маммографи буюу хөхний рентген зураг авах шинжилгээ хийлгэхээр ХСҮТ-д хандсан олон хүн “Аппаратаа ажиллуулах боломжгүй” гэсэн хариу сонсох болж. Учир нь тус аппарат байрладаг улсын гэх тодотголтой эмнэлэгийн байранд борооны ус орж, усанд автсан гэнэ. 

Хөхний хортой, хоргүй хавдрыг оношилдог уг төхөөрөмжөөр өдөрт 20-25 хүн үйлчлүүлдэг аж. “Сул зогсолт” хийсэн энэ хугацаанд 600 орчим хүнд үйлчлэх байжээ. Гэтэл энэ мэт зүйлээс болж олон хүн хохирсоор. 

Монгол улсад хорт хавдраар жилд 5000 гаруй хүн өвдөж, 3000 гаруй хүн нас барж байна хэмээн өнгөрсөн оны сүүлээр гарсан тоо баримт бий. Хорт хавдраар өвдөж буй хүмүүсийн 70 гаруй хувь нь хожуу үедээ эмнэлэгт хандсанаас улбаалан амь нас хохирчээ. Өвчлөлийн дотор элэгний хорт хавдрын улмаас 45-50 насандаа амь нас алдах тохиолдол их байна. Нас баралт жилээс жилд нэмэгдэж байгаа энэхүү баримтаас харахад манай улсад энэ төрлийн өвчний эрт онош тогтоох явц тун муу байгааг харуулж байна. 

Түүнчлэн сүүлийн жилүүдэд иргэдийн дунд элдэв янзын хүнсний хэрэглээ болон амьдралын буруу хэв зуршил нь хорт хавдартай болох эрсдэлийг ихээхэн нэмэгдүүлж байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулжээ. 

Хорт хавдар хэдийгээр олон шалтгаан, хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсдэг ч Монголчуудын өвдөж буй хорт хавдрын 61.5 хувийг элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдар эзэлжээ. Өөрөөр хэлбэл хорт хавдраар өвдсөн Монголчуудын талаас илүү хувь нь шалтгаан нь тодорхой, сэргийлэх боломжтой өвчнөөр өвдөж байна гэсэн үг. Учир нь элэгний хорт хавдрын үндсэн шалтгаан нь цус, бэлгийн хавьтлаар дамжин халдварладаг элэгний В, С вирус, ходоодны хорт хавдрын үндсэн шалтгаан нь ходоодны хедихобактер, умайн хүзүүний хорт хавдрын үндсэн шалтгаан нь бэлгийн хавьтлаар дамжин халдварладаг хүний хөхөнцөр вирусын халдварууд юм. Гагцхүү эрт оношлуулж, эмчлүүлэх зайлшгүй шаардлага нийгэмд байгааг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.