Сар гаран хугацааны дараа 2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчит сургуулийн 1 дүгээр ангид элсэх 6 настнуудын бүртгэл эхлэх билээ. 

Энэ жилийн ЕБС-ийн 1 дүгээр ангийн элсэлтийн бүртгэл наймдугаар сард эхлэх бөгөөд хамран сургах тойргийн мэдээлэл 5 дугаар сарын 15-аас зарласан байна. Мөн шинээр ашиглалтад орсон барилга, орон сууцнаас хамаарч хамран сургах тойргийн хуваарьт өөрчлөлт орох аж.

Урьд жилүүдийн хувьд нэгдүгээр ангид орох багачуудыг хавар тавдугаар сард бүртгэж байсан ч энэ жилийн хувьд наймдугаар сард бүртгэхээр болсон. Энэ нь хүүхдээ аль сургуульд оруулах вэ гэсэн эцэг эхчүүдийн хувьд нэлээд тулгамдсан асуудал болоод байна. Учир юу гэвэл өмнөх жилүүдэд аль хавраас л хүүхдийнхээ сургуулийг сонгон намар гэхэд сургуулиа жин тан болгосон байдаг.  Уг нь бол харьяалалын дагуу бол хүүхдээ шууд л гэрийн ойр сургуульдаа бүртгүүлчихнэ. Гэтэл энэ тогтолцоо тэр бүр байхгүй болсон. Учир нь аль сайн сургуульд л хүүхдээ сургахыг илүүд үзэх болсон. Мэдээж хэрэг үр хүүхдээ эрдэм боловсролтой сайн хүн болгохыг хүн бүр л бодож байгаа.
Харин энэ байдалтай зэрэгцэн сүүлийн жилүүдэд ЕБС-д хүүхдээ оруулах нь хүртэл бизнесийн нэг хэлбэр болсон. Үүнийг хүн бүр мэддэг ч нүд нь балай, чих нь дүлий мэт л явсаар олон жилийг үдлээ. 

Хуучин цагт хүүхдүүд дунд сургуульд орно гэдэг нь огт “сонголт" биш байлаа. Учир нь бүгд л харьяаллынхаа дагуу “гэрийн ойрхон сургууль" гэдэг ганцхан сонголттой байсан юм. Өдгөө тэгвэл “гэрийн ойрхон сургууль” гэдэг нь бараг л хамгийн муу сургууль гэсэнтэй адил сонсогдох болжээ. Дунд сургуулиуд эцэг, эхчүүдэд гологдох болсон нь энэ салбарт сүүлийн хорь гаруй жилд шинэчлэл хийгдээгүйтэй холбоотой юм. Нэг үгээр бол “гэрийн ойрхон сургууль" эцэг эхчүүдэд, цаг үедээ гологдож байна гэсэн үг. Уг нь болдог бол бид хүүхдээ гэрийнхээ ойрхон сургуульд л хүүхдээ сургамаар байна. Өглөө, оройд хүүхэд зөөх гэж замын түгжээнд цаг гэлдрэхгүй, хүүхэд ядрахгүй, хотын зам бөглөрөхгүй гээд олон асуудал “гэрийн ойр сургууль”-ийг дагаад шийдэгдэж болмоор.

Үүнийг мэдсээр байж бүгдээрээ шахам хүүхдээ Нэгдүгээр сургуульд оруулах гэж ар өврийн хаалга, халаас хайж гүйдэг нь ямар учиртай юм бэ гэж үү?! Нэгдүгээр сургууль чухам юугаараа илүү юм бэ? Тэр хуучны байшин нь илүү гоё болохоор хүүхдээ тэнд сургах гэж хойноос хөөцөлддөг хэрэг үү? Энэ бүх асуултад та ганц л хариу олно. Тэр нь “сургалт нь сайн” учраас гэх. Энд Нэгдүгээр сургууль гэдгээр төлөөлүүлж хэлж буй болохоос бус чансаагаар улсдаа 10-т багтдаг Орос гурав, Сант, Хобби, Монгол-Турк, Орчлон, Олонлог, 11,24,23 гээд бусад эрэлт ихтэй сургуулийг нэг ойлголтод багтааж буй юм.

Улаанбаатарт сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ гэдэг асуудлыг л боловсролын салбарын хамгийн том асуудал мэтээр биш ярьж, ойлгоод заншив. Сургууль хүрэлцэхгүй байхад юун чанар гэх маягтай. Зүй нь эцэг эхчүүд гэрийн ойр сургуулиас зориуд зугтаж, шилдэг рүү тэмүүлсээр байгаа нь түүнээс ч том асуудал баймаар.

Японд хүүхдийн аюулгүй орчны стандарт дунд “гэр сургууль хоорондын замд хүүхэд 10 минут л зарцуулах ёстой” гэсэн мөрдлөг байдаг аж. Хүүхэд аюулгүй орчинд амьдрах нэг том баталгаа нь сургууль, гэр хоорондын зай гэсэн үг. Харин манайд эсрэгээрээ. Гэрийнхээ ойр сургуулиас зугтацгааж байна. Сургуулиас гэр, гэрээс сургууль хүрэх замд хүүхдүүд хэтэрхий их цагийг алдаж байна. Хэзээ нэг гэрийн ойр сургууль л хамгийн сайн сургууль гэсэн үнэлэмжтэй болох бол?!

Ямарваа нэг зүйл мэдээж хэрэг хоёр талтай бөгөөд энэ нь сайн ч талтай муу ч зүйлтэй. Тиймээс эцэг эхчүүдийн нэг ёсондоо дээрх эрэлт төрийн хамааралтай дунд сургуулиудыг хүртэл бизнес мөнгөний байгууллага болгож байна. Харин Боловсролын салбараас сургуулиудад дорвитой шинэчлэлт хийхгүй байгаагаас сургуулиудын сургалтын чанарт эрс тэрс ялгаа гарч байгааг анхааралдаа авах хэрэгтэй гэдгийг эндээс харж болно. 

С.Отгон