НИТХ, Нийслэлийн Захирагчийн ажлын албадаас "Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам"-ыг шинэчлэн боловсруулж батлуулах гэж байна.

Төсөлд иргэд, аж ахуй нэгж, худалдаа эрхлэгчдийн саналыг тусгах зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчид тогтоол гаргаж, энэ сарын 16-нд Нийслэлийн Иргэний  танхимд уг журмын төслийн хэлэлцүүлэг зохион байгуулна.

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбай, автобусны буудал дээр зөвшөөрөлгүй байршуулан үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ, гудамж талбайд ил задгай худалдаа эрхлэж байгаа иргэд, мөн стандартын шаардлага хангадаггүй дэн буудлууд, нийтийн эзэмшлийн газрыг бохирдуулдаг авто засварын үйлчилгээ нийслэлчүүдийн эрүүл  орчинд амьдрах эрхэнд сөрөг нөлөө үзүүлсээр ирсэн.

Иймд олон жил төр засгийн байгууллага, иргэд, худалдаачдын дунд зөрчил, маргаан үүсгэж ирсэн, өдгөө хүчин төгөлдөр журмыг шинэчилж, талуудын эрх ашиг, хуулийн хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдүүлэх шаардлагын улмаас хэлэлцүүлэг зохион байгуулна.

Мөн Нийслэлийн дүүргүүдэд энэ сарын 15-ны дотор хэлэлцүүлгийг зохион байгуулж, дүүрэг бүр нутаг дэвсгэрийн онцлогтоо таарсан саналуудыг нэгтгэж ирүүлэхийг үүрэг болгожээ. Саналаа урьдчилан ирүүлсэн хувь хүн, хуулийн этгээдийн хүрээнд Нийслэлийн иргэний танхимд нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт худалдаа эрхлэгчдээс гадна хууль хяналт, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэд хэрэглэгчдийн төлөөллийг оролцуулж, гаргасан саналыг нэгтгэн төсөлдөө тусгах юм.

Хэлэлцүүлгийн хүрээнд нийслэлчүүдийн саналыг авах зорилгоор олон нийтийн дунд http://www.zaluu.com/ сайт болон НИТХ-ын албаны пэйж хуудас, мөн citycouncilMN  хаягаар санал асуулгад оролцоорой. 

Мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсөн төвийн  Дүнжингарав, Драгон, Оргил салбарууд болон НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн Иргэний танхимд саналыг хүлээн авч байна. Та бүхэн эдгээр газруудад очиж, саналаа гаргаж болно. Журмын төсөлтэй ЭНД дарж танилцана уу.