Зэвсэгт хvчний Хурандаа Б.Хаш-эрдэнэ захирагчтай 084 ангийн шүхэрчин дайчид бас тамирчин ах дүү боксчид болох Х.Энхмандах, Х.Энх-Амар нар өнөөдөр рингэнд хүч үзлээ.

Тивийн олимпийн найм дахь өдөр боксын рингэнд Зэвсэгт хvчнийхаа нэрийг, аавынхаа алдрыг дуудуулсаар ах дүү боксчид ялалт байгууллаа.

Дүү нь болох 49 кг-д өрсөлдсөн Хархүүгийн Энхмандах өдгөө 21 настай тулаанч. Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн шүхэрчин залуу маань эхний тойрогт чанга сугалаа татаж БНСУ-ын боксчин, Азийн наадмын аварга ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ан Жон Шинийг 3:0-ээр илүүрхэв. Энэ эр 2011 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэхдээ хагас шигшээд П.Сэрдамбыг ялж байлаа. Харин ах нь болох Х.Энх-Амар 56 кг-д Японы тулаанч, залуучуудын дэлхийн аварга Хаято Цүцүмитэй тулалдаж, тун ойролцоогоор оноогоор буюу 3:2-оор яллаа.

Тулааны үеэр манай тамирчны хөмсөг задарч, байдал эвгүйтсэн ч төгсгөлөө гайхалтай хийж, өрсөлдөгчөө тоолуулснаар ялалт байгууллаа. Ийнхүү боксын дэвжээнд нэг өдөр ах дүү хоёр тулалдаж, Монголын боксоос Азийн наадмын анхны ялалтыг авчирлаа. Мөр зэрэгцээд медаль хүртэж, төрийнхөө далбааг мандуулах болтугай.