Гэмт хэрэг үйлдсэн хүнийг хүмүүжүүлэх үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан хариуцдаг.  Гэвч тэд ажлаа хийхгүй, ял эдлээд гарч ирсэн хүнийг нийгэм хүлээж аваагүйн улмаас шоронгоос гарч ирээд удаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдэж байна.

Өмнө нь хүчингийн хэрэг үйлдсэн этгээд дахин хүчингийн хэрэг хийж, хулгайч дахин хулгайгаа хийсээр байна.  Үүний нэгэн жишээг хүргэж байна.

Монгол улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй Э.О гэгч өмнө нь хүчингийн хэргээр ял сонсож байсан.  Тодруулбал,  2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын үүд дэх Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 06 жилийн хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07-р сарын 05-ны өдрийн 416 тоот шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт зааснаар 03 жил 02 сар 13 хоногийг ял болгон дүйцүүлэн хассан, 2018 оны 02 дугаар 05 ны өдөр 28 дугаартай шүүгчийн захирамжаар 01 жил 03 сар 08 хоног хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Өөрөөр хэлбэл шинэ эрүүгийн хуулийн ачаар ялаа хөнгөлүүлж, мөн тэнсэн харгалзах буюу хугацаанаасаа өмнө суллагдахаар болсон. Ингэснээр гэмт хэрэгтэн 6 жилийн ялаа нэг жил таван сард эдлээд гарч ирсэн байгаа юм. Энэ хугацаанд тэрбээр хүмүүжсэнгүй.  Харин ч хүнд гэмт хэрэг үйлдсэн.  Өмнө нь  хоёр гэмт хэрэг байсан бол энэ удаад гурван гэмт хэрэг.  Үүний нэг нь хүчин буюу өмнө нь үйлдэж байсан гэмт хэрэг.  

Тэрбээр шоронгоос гараад 14  хоноод л эхний гэмт хэргээ үйлдсэн. Тодруулбал, 2018 оны 02 дугаар сарын 17-ны орой 21 цагийн орчим Сэлэнгэ аймагт иргэн Н.Н-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг, Эрүүгийн хэрэгт шалгагдан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь цагдан хорих байранд хоригдож байхдаа 2018 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 02 цаг 31 минутад тус байрны 04 тоот өрөөний цонхны хамгаалалтын хаалт төмрийг сугалж цонхоор гарч оргон зайлах гэмт хэргийг, 2018 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймагт  иргэн С.Х-ийн цоожтой байсан гэрийн цоожийг эвдэн хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн байгаа юм.  

Түүний үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь шүүхээс ял оноосон.  Энэ удаад анхан шатны шүүхээс Э.О-ийн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн, оргон зайлсан, хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ял, эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял, эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг зааснаар 02 жилийн хорих ял тус тус оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 06 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоон, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор Э.О-т оногдуулсан 06 жилийн хугацаагаар хорих ял дээр Дорноговь аймгийн Замын үүд дэхь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 98 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар 08 хоногийн нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 07 жил 03 сар 08 хоногийн хугацаагаар тогтоож, ялыг хаалттай хорих эдлүүлж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Хэрвээ энэ хүн дахин хугацаанаасаа өмнө суллагдвал хүчингийн хэрэг хийхгүй гэх баталгаа байхгүй.  Өөрөөр хэлбэл өмнө нь хоёр ч хүний амьдралд арилшгүй хар толбо үлдээсэн энэ этгээд дахин нэг хүний амьдралд хар толбо үлдээх болно.  Гэтэл өнөөдөр Монголын хууль яагаад энэ мэт гэмт хэрэгтнүүдийн толгойг илээд байна вэ?  

Ядаж хүчингийн хуулийн хариуцлагыг  нь чангатгаад өгч болдоггүй юм уу? Хууль санаачлагчдаа!!!

А.Баярмаа