Уртхан сормуустай хархан нүд удаан ширтсэнээ хааяа цавчина. Хэсэг ширтсэнээ дахин цавчина. Дэндүү гэнэхэн харц юуг ч юм гайхах, нэхэх хосолсоор удаан гэгч нь намайг ээрлээ.

Хормой нь дэрвэгэр ягаан даашинз, хоншоорон дээрээ тууз хатгасан ягаан ботинктой бяцхан охин. Гайхширсан сониуч зантай, орчлонгийн юмсыг өөрийнхөөрөө танихаар урагшлан яваа гэгээн ертөнц. Нэгдүгээр ангид орсон эгчийгээ сургуулиас нь авахаар ийнхүү хүлээж суугаа нь энэ аж. Сандал дээр зэрэгцэн суух охины ээж тасралтгүй утсаар ярьсаар. Охин энэ жил цэцэрлэгт орж чадаагүй гэнэ. Тэгээд ээж нь түүнийг харангаа эгчийг нь сургуульд нь зөөдөг байна. Эгчийнх нь сургуулийн багш нар ажил хаяад тэр гурав гэртээ хэсэг “нам сууснаа” ээж нь утсаар хүүрнэнэ. Харин өнөөх нь том охинтой бөгөөд сурах бичиг нь дахин хэвлэгдэхгүйн улмаас олдохгүй байгаа талаар ярьж буй бололтой. Тэдний яриа хэдэн минутын турш хүүхдүүдийнхээ тухай өрнөлөө. Харин би тэдний ярианаас цааш ургуулан бодлоо.

Багш нарын цалингаа нэмүүлэх нэрийн дор явсан улстөржилтийн золиос нь хүүхдүүд болсон. Энэ шалтгаанаар тэдний сурах эрх тун ноцтой зөрчигдсөн. Өчигдөрхөн хэвлэлээр 1500-4000 мянган төгрөгөөр худалдаалах ном хомсдолоос  шалтгаалан 8000-15000 мянган төгрөгөөр худалдаж авдаг талаар мэдээлсэн. Сурах бичгийн агуулга тэдний нас, сэтгэхүйн онцлогт тохирдоггүй баримтыг бид сүүлийн үед цөөнгүй харах боллоо. Цэцэрлэгийн хүрэлцээгүйгээс болж сугалаанд оролцон азаа үздэг. Тэдний дуу хоолой, үзэл бодол нийгэмд нэгээхэн ч хүрдэггүйг мөн бид мэднэ. Угтаа бол манай улсын хүн амын гуравны нэгийг хүүхэд эзэлдэг. Монголын Улсын ирээдүй, тусгаар тогтнол тэдний гарт бий. Харин тэр “ирээдүйд” бид яаж хандаад байна вэ.  Ирээдүйн иргэнээ хэрхэн бэлтгэх талаар нэгдсэн бодлого бидэнд бий юү гэсэн асуулт нь тодорхойгүй хариулт л надад үлдээ.