Төрийн ажил сэтгэл хөдлөл дээр явчих гээд байдаг боллоо. Мөн олон нийтийн хандлагыг харж байгаад ажлаа эхэлдэг зуршил ч тогтох нь. Сүүлийн үед олны анхааралд орсон хэдэн жишээг аваад үзье.

Төрийн удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга төрийн албаны хэрэгцээний машинуудад наалт наах тухай ярьсан нь өчигдрөөс ажил хэрэг болжээ. Ердөө л өнгөрсөн баасан гарагт хэлсэн үг нь ингээд ажил болчихож байгаагаас харахад төр хурдтай, зоригтой ажиллаад байгаа мэт. Гэвч нөгөө талаар “Тэгвэл төрийн албаны машин унааг өмнө нь хувьдаа ашиглаж болдог байсан юм уу” гэх асуулт гарч байна. Болохгүй л дээ. Гэвч одоо бүр болдоггүй болгож байгаа бололтой. Хамгийн гол нь энэ шийдвэр олон асуулт дагууллаа.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Хэрвээ албаны хэрэгцээний машин баар, рестораны гадаа эсвэл аль нэг газар дүрэм, журам зөрчсөн үйлдэл гаргавал, сургуульд хүүхэд хүргээд ч юм уу хувийн байдлаар ашиглаж байвал иргэд холбогдох газарт утасдаад мэдэгдэнэ. Бүх машинд ЖПС хяналт  бий болгоно. Тухайн автомашиныг албан хэрэгцээнээс гадуур ашиглаж байгаа нь тогтоогдвол хариуцлага тооцно. Зөвхөн ажлын цагаар төрийн албаны машин үйлчлэх ёстой. Ажлын бус цагаар явж байвал заавал “Ийм ажилд явж байна” гээд бүртгэгдсэн байх ёстой” хэмээн тодотгосон. Өчигдрөөс Засгийн газрын авто баазын машинууд тэмдэглэгээгээ наасан байна. Зурагнаас нь харахад 97178008 утаст иргэд мэдээлэл өгөх аж.

Харин яг ямар шийтгэл оногдуулах тухайд мэдээлэл алга. Журам, стандарт нь ч гараагүй байгаа байх. Тэгвэл зарим хүн “Төрийн ажилд явж байгаа болохоор өглөө нь унаагаараа очиж болох юм байна. Харин оройтож буцвал юугаар хөл дүүжлэх юм бэ” гэсэн асуулт тавьж байна. Төрийн албанд дандаа эрт тардаг хүмүүс ажилладаг юм биш л дээ. Ажил дээрээ орой болтол суудаг зүтгэлтэй төрийн албан хаагч олон бий. Тэд албаны унаагаар шөнө харих хэрэг гарвал яах вэ. Яахав бүртгүүлдэг газар нь бүртгүүлээд явдаг юм гэхэд олон нийтийн зүгээс “Нэг дарга зугаалж явна” гэж харах нөхцөл бүрдчихэж байгаа юм. Эрх баригч хоёр нам өнгөрсөн хугацаанд нэг нэгнээ сонгуулиар унагаах, намнах гэхдээ өч төчнөөн үнэн худал нь мэдэгдэхгүй улсын хөрөнгө шамшигдуулсан, албан тушаал наймаалцсан тухай мэдээлэл цацсан. Түүнийгээ хөлсөлж авсан сошиалын багуудаа ашиглаад цахим орчинд зураг, эвлүүлэг хийгээд тарааж өгсөн дөө.

Энэ нь явсаар нийгмийн уур амьсгалыг бухимдалтай, хүмүүсийг төрдөө итгэх итгэлгүй болгосон нь үнэн. Одоо ийм хөрсөн дээр юу л гарна шууд дэлбэрнэ. Тийм ч болохоор төрийн албаны хэрэгцээний машин ажлын бус цагаар явж байвал олон хүн мэдээлэх байх. Мэдээллийнх нь мөрөөр арга хэмжээ авахгүй байвал бухимдана, харааж, зүхнэ. Ердөө л энэ. Үр дүнд нь төрийн нэр хүнд улам унах юм. Ингэх нь л гэж төсөөлөгдөж байна. Ер нь тэгээд Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон хүн амины харамсалтай хэргийн дараа орон даяар “шил хайх” нэгжлэг явуулсан нь ч дээрхийн адил л зүйл. Нэгжлэг үзлэгийг тусгай байгууллагын,  зөвшөөрөлтэй хүмүүс хийх ёстой. Хаанаас юуг нь харах гэж, хайх гэж яваа нь мэдэгдэхгүй хүмүүс төрийн албаны сэйфийг ухаад зогсож байх ч ёсгүй юм. Энэ чинь тусдаа хуультай, журамтай ажиллагаа л даа. Гэвч яахав олон нийтэд таалагдах гээд л баахан сүр бадраасан. Ер нь тэгээд төрийн албаны байр гэлтгүй нийтийн эзэмшлийн зам талбайд ч архи уух, зодолдох зэрэг хориотойг Зөрчил, Эрүүгийн хуулиндаа ч тодорхой заасан байдаг. Ингэж олон нийтэд таалагдах гэсэн үйлдлүүд эргээд сөрөг үр дүн авчрах магадлал их бий шүү.

Мөн дээр нь олон нийтийн хандлагыг харж байгаад ажлаа эхэлдэг зуршил ч тогтох нь гэж дээр дурдсан. Жишээ нь, “Шарилжгүй Улаанбаатар” аян  байна. Гурав дахь жилдээ тохижилт үйлчилгээний ажилтнуудаар гудамж талбай, Туулын хөндийн шарилжийг зулгаалгаж байгаа. Бас өдрийн хэдэн төгрөгөөр ажилгүй иргэдийг энэ үйл ажиллагаандаа хамруулдаг. Гэхдээ анзаараад байхад зургадугаар сард нэг эхэлсэн болж хаячихаад шарилж тоосоо хаяж, хүмүүсийн харшил эхэлдэг наймдугаар сарын эхээр жинхнээсээ зулгаах юм. Ерөөсөө л цахим орчинд хамар ам нь тагларсан, нүд ам нь улайсан хүмүүс шарилжийг зүхээд эхлэхээр л зулгаалах ажил эрчимжээд байгаа хэрэг. Түүнээс зун зулзаган байхад нь зулгаагаад байвал шарилжны харшилтай тэр олон хүн шаналахгүй л дээ. Бас харамсмаар нь ингэж хүний хүчээр, ид тоосонцорынх нь үед зулгаана гэдэг зулгааж буй хүмүүсээ ч харшилтай болгож байгаа явдал юм.

Манай улс жилийн ихэнх хугацаанд хүйтэн сэрүүн байдаг. Ялангуяа өвлийн улиралд Улаанбаатар хотын утаа аюулын харанга дэлддэг. Тэглээ гээд хариуцсан яам, агенлагууд нь зун утааны эсрэг хийж байгаа ажил алга. Утааг бууруулдаггүй юм гэхэд ядаж иргэдээ дулаан өвөлжүүлэх арга хайх ёстой биз дээ. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед нүүрс тарааж, Ж.Эрдэнэбатын Засгийн газар цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн юмдаг. Харин энэ өвөл яах талаар тоймтой мэдээлэл гарсангүй. Түүхий нүүрсийг ирэх жилээс хот руу оруулах байх гэсэн Засгийн газрын шийдвэрийн тухай хавар жаахан ярьсан байх. Удахгүй цас орохоор нийслэл утаан дундаа уусна. Тэр үеэр л баахан дарга, сайд нар гарч ирээд “Ингэж бууруулах боломж бий...” гээд ярьж эхлэх болов уу. Байгаль орчин, аялал жуулчлалын яам тухайлбал, өнгөрсөн зун МУИС-ийн арын цэцэрлэгт хэдэн зуух галлаж утаа гарч байгааг нь харснаас өөрөөр утааг бууруулахын тулд “Яг ийм ажил хийчихнэ” гэж олны нүдийг сортойлгосон юу хийв. Утааны хор уршгийн талаар хэвлэлүүд олон жил бичиж одоо дурсахаас дургүй хүрмээр сэдэв боллоо. Уг нь өнгөрсөн зун төрийн ордон эзгүй, төв зам түгжрэлгүй ажил амжуулья гэсэн яам, агентлагт хуралдаж цуглах, ярилцаж хөөрөхөд өчнөөн боломж байлаа. Гэтэл тэгсэнгүй.

Үүн дээр төв цэвэрлэх байгууламжийн үнэрийн асуудал байна. МАН 2016 онд үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрчихөөд байгаа. Тийм байтлаа зун төв цэвэрлэх байгууламжийн үнэр хотыг эзлэхтэй зэрэгцээд баахан маск зүүсэн дарга нар тус байгууламжид  очдог байдалтай хэвээрээ л байна. Өвөл утаа нь эхлэхээр цэвэрлэх байгууламжийн үнэр мартагдана. Хавар газар гэсэхээр дахиад баахан газар дээр нь очиж танилцаж байгаа хүмүүсийн цуваа эхлэх байх. Энэ мэтээр тоочоод байвал олон юм бий. Асуудал шийдэхээр газар дээр нь очиж байгааг буруу гээд байгаа юм биш. Хамгийн гол нь асуудал үүссэнийх нь дараа анхаарлын төвд оруулдаг нь буруу юм аа. Энэ олон тулгараад байгаа асуудал бол ээлжлэн эргэж төрийн удирдлагуудыг ярих юмтай байлгах сэдвүүд биш. Анхаарлын төвдөө оруулаад арилгах ёстой зүйлс нь юм. Төрийн залгамж халаа, төлөвлөлт, урт, богино хугацааны бодлого гэж байх ёстой биз дээ. Гэтэл цагийнхаа өнгийг дагаад сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргах эсвэл асуудал нүүрлэсэн үед нь ярьдаг байх чинь хэр зөв бэ.

Сүүлийн үеийн хэдэн жишээг авахад л ийм байна. Төрийн ажлын албан тушаал, эрх сүрээ ашиглаж улсыг хохироосон хэргүүдийг тоочихоо байя. Улс орны эдийн засаг энэ тэрийг ч дурсахаа азная. Харин жил бүр давтагдаад байгаа асуудлууддаа цаг үргэлж анхаардаг болмоор байна. Үйл ажиллагаа нь тасралтгүй явж байх ёстой төрийн албаны ажил нам нь ялагдахаар дагаад солигдох мянган мянган сэтгэлгүй албатуудынхаа гар дээр сүйрч байна шүү. Ер нь тэгээд ямар ч үед төрийн албанд хүн зүгээр сууна гэж байдаггүй юм. Тийм болохоор тэндээс цалин авч, шахаж шаардуулж ажил хийснээрээ гавьяа хүлээнэ гэж бодож байвал эндүүрэл. “Төрийн жинхэнэ түшээ”, “Жинхэнэ юм хийх хүн” гэх мэтээр л олон жил удирдлагад нь ажилласан хүмүүс даргыгаа магтаж харагддаг юм билээ. Өөрт нь шаардлага тавьж ямар нэгэн юм хийлгэж байсан болохоор тэгж санагддаг биз. Харин ажлаа олон нийтийн шахалтаар цагийг нь тулгаж биш санаачлагаараа хийхдээ гол нь гэдгийг ойлгож, төрийн ажлыг хийх цаг хэзээ вэ.

Үндэсний шуудан сонин