Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр өнөөдөр тохиож байна.

Билэгт сайн өдөр шинээр гэр бүл болох, хүүхдийн сэвлэг үргээх, шав тавих гэх мэт монголчуудын эртний сайхан уламжлал бий. Өнөөдөр Гэрлэх ёслолын ордон хөл хөдөлгөөн ихтэй байна. Хосуудын хайрын өргөө, насан туршийн хамтын амьдралыг нь баталгаажуулдаг  тус ордонд  60 хос гал голомтоо бадрааж байгаа бол өчигдөр 32 хос шинээр гэр бүл болжээ.

Хуримаа хийх хосууд хоёр сарын өмнө захиалгаа өгөх шаардлагатай бөгөөд хуримын ёслолын арга хэмжээ  50 минутаас 1 цагийн хооронд үргэлжлэхэд 759-803 мянган төгрөгийн үнэтэй аж. Зөвхөн залуу хосуудаас гадна он удаан жил ханилсан хосууд тус ордонд хурмын ёслолоо үйлддэг болсон. 60-аас дээш жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ"-ийн хурим хийдэг бол 45-50 жил “Алтан", 20-иос дээш жил ханилсан хосууд "Мөнгөн" хуримаа ёсолдог байна. Энэ жилийн хувьд олон жил ханилсан 9 хос алт, мөнгөн хуримаа хийсэн байна.

Гэрлэх ёслолын ордон үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар 41 дэх жилтэйгээ золгож байгаа бөгөөд 1976 оноос өнөөдрийг хүртэл нийт 36800 гаруй залуу гал голомтоо бадраан, хуримын ёслолоо үйлджээ.  

Ж.Болор

Монцамэ.мн