Шийдвэр гаргахад хүлээлт чухал үүрэгтэй байдгийг эрдэмтэд эртний судалж эхэлсэн бол өнөөдөр эдийн засгийн онолын салшгүй нэг хэсэг болгосон. Түүнийг ухаалаг хүлээлтийн онол (theory of rational expectations) гэнэ. Гэхдээ уг онол нь практик ач холбогдол багатай юм. Учир нь уг онолыг эдийн засгийн таамаг төлөвлөлтийг хийхэд л ихэвчллэн ашигладаг тул бизнес эрхэлж буй хүмүүст энэ онол нь төдийлэн хүртээлгүй юм. Ингэж хэлснээр бизнес эрхэлж буй хүмүүс аль эсвэл байгууллага удирдаж буй хүмүүсийн хувьд хүлээлт үйлчилдэггүй хэмээн ойлгож мэдээж болохгүй юм.

 Ухаалаг хүлээлтийн онол 

Үйл явдал бидний төсөөлж байснаас өөрөөр өрнөхөөр бид “Их санасан газар гурав хоног хоосон” гэж ердийн амьдралд ярьдаг. Энэ бол хүлээлт бодит нөхцөл байдалтай нийцээгүйг хэлж буйн жишээ.

Бодит амьдрал дээр хүлээлт өдөр тутмын шийдвэр гаргах явцад байнга нөлөөлөөд зогсохгүй нөлөө нь ихэвчлэн сөрөг байдаг.

Хүлээлт юунаас үүсдэг вэ гэвэл ихэнх эрдэмтдийн үзэж буйгаар бол ердөө харьцуулалттай холбоотой гэж үздэг. Учир нь хүн шийдвэрээ гаргахдаа ихэвчлэн ямар нэгэн юмтай харьцуулдаг байна. Нэг бол өөрт өмнө тохиолдож байсан туршлагатай харьцуулна аль эсвэл өөрийн хүсэл, дэвшүүлсэн таамагтай харьцуулсаний дараагаар шийдвэрээ гаргах нь цөөнгүй. Иймээс хувь хүний туршлага хэрхэн бүрдсэнээс шалтгаалан тухайн хүний хийх харьцуулалт, цаашлаад түүний гаргах шийдвэр зэрэг нь шалтгаалах нь тодорхой.

Америкийн нэрт сэтгэл зүйч Alex Michalos-ын тайлбарласнаар бол “Хүн өөрийн өмнөх туршлагын талаарх сэтгэл ханамжийн жишгийг тогтоохдоо дараах гурван gap (зөрүү, хоцрогдол)-ийг тулгуурлан хийдэг (Barry, 2004). Сэтгэл ханамжийн эдгээр жишиг нь хожим тухайн хүний шийдвэр гаргах явцад нэг бодлын баримжаа (benchmark) болдог үүрэгтэй.

Нэгдүгээрт: “Өөрт байгаа болон хүсч байгаа зүйлсийн хоорондох зөрүү” үүний энгийн жишээ бол Ланд Круизэр Прадо автомашинтай байсаар атал заавал Ланд Круизэр 200 болох хүсэл юм.

Хоёрдугаарт: “Өөрт байгаа зүйл болон түүний төсөөлж буйгаар өөртэй нь адил зиндааны хүмүүст байгаа зүйлийн хоорондох зөрүү” ... Хамт ажилд орсон нэг ангийн хоёр найзын нэгийг нь гурван жилийн дараа газрын дарга болгосон бол нөгөө найз нь албан тушаал дэвшсэн нэгэндээ атаархах явдал цөөнгүй байдаг нь нэг жишээ байж болох юм.
Гуравдугаарт: “Өөрт өмнө нь тулгарч байсан хамгийн сайн туршлага болон түүний одоо байгаа нөхцөл байдлын хоорондох зөрүү” ... Өмнө маш их загастай газар ирээд, их загас бариад явсан хүн жилийн дараа нөгөө газраа очоод дахиад их загас барина гэж бодоод ирсэн чинь огт загасгүй болсон тухай түүх цөөнгүй байдаг бол иймэрхүү тохиолдолд нь энэ нөхцлийн жишээ байж болох юм.

Alex Michalos-ын тайлбарлаж буйгаар бол “Хүний сэтгэл ханамжийн олон жишгийг дээрх гурван зөрүүгээр тайлбарлаж болдог” Харин хүлээлт нь эдгээр гурван gap-тай ямар байдлаар холбогддог вэ гэвэл тэр цаад тогтоод байгаа сэтгэл ханамжийн жишгийг хэрэгжүүлэхэд тус нэмэр болох боломжуудтай холбогдож үүсдэг байна.

Эдгээр бүгдийг дүгнэх юм бол дээр дурьдсан гурван gap-ийг “Арилгах” бодит боломж үүссэнтэй уялдан хүлээлт гэдэг зүйл бий болдгийг тайлбарлах гэсэн оролдлого байсан юм.

Хүлээлт өөрөө шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлдөг гэвэл бас бодит байдалд нийцэхгүй юм. Сөрөг нөлөө нь хүлээлтийн “хэмжээ”-нээс илүүтэй шалтгаалдаг гэвэл илүү зөв болох юм. Өмнө дурьдсан монгол хэлц үгийг ашиглаж тайлбарлавал хүн “их санахаар” л шийдвэр буруу гараад байх талтай гэсэн уг юм. Харин яагаад “их санаад” байдгийн гол шалтгаан нь ердөө харьцуулалт хийх явдал юм.

Жишээлбэл, өөрийгөө бусадтай харьцуулж илүү ихийг хүсэх эсвэл өөрийгээ ижил зиндааны хүмүүстэй харьцуулж тэдгээрт буй зүйлийг хүсэх (Атаархах) гэх зэрэг нь дээр дурьдсан гурван төрлийн gap-ийг арилгах хүний хүслийг үлэмж нэмэгдүүлж байдаг. Эрдэмтдийн хэлж байгаагаар хүлээлт яагаад “Өндөр” болдог вэ гэвэл сонголт их болсонтой холбоотой гэдэг.

Сонголт нэмэгдэнэ гэдэг нь харьцуулах хувилбарууд нэмэгдэж буй явдал юм. Үүний үр дүнд нөгөө gap л олон хэмжээсээр нэмэгдээд байгаа юм. Гэтэл олон арван жил хийсэн судалгаагаар бол сонголтын тоо нэмэгдэх хэрээр хүний гаргаж буй шийдвэрийн чанар ямагт доройтож байдаг гэдгийг эрдэмтэд тогтоосон байдаг

Мэдээж шийдвэр гаргахад хүлээлтийн нөлөөллийн талаарх тайлбар үүгээр хязгаарлагдахгүй юм. Тэгээд ч энэ сэдвээр тайлбарлаж чадахгүй байгаа асуудлын тоо тайлбарлаж байгаа гэх хэсгээсээ харьцуулшгүй их байдаг.

Өөрийгөө бусадтай бүү харьцуулж бай гэж Билл Гэйтс ч хэлсэн аж

Менежерүүдийн хувьд бизнесийг мэргэжлийн түвшинд авч явахын тулд өөрийн хүлээлтийг аль болохоор бага байлгаж сурах нь чухал байдаг бололтой. Энгийнээр бол хүлээлтийг ихээр үүсгэхгүй байх нь аливаа юманд “их санаад” байдгийг л багасгах нь чухал гэсэн үг юм. Харин аливаа юманд их санахгүй байхын үндсэн аргачлал нь даруй байх явдал юм. Иймээс л амжилтанд хүрсэн томоохон бизнесменүүд даруу байхыг (humility) асар чухалчилдаг байна. Даруухан байх нь бусдыг илүүтэй анхааран сонсох, ингэснээр олон байр суурийг сонсох чадвартай болгодог төдийгүй хамгийн гол нь олон төрлийн харьцуулалтаас ангид байхад ихээхэн тустай байдаг.

Ашигласан материалууд: 

Barry, S. (2004). The Paradox of Choice. Harper Perennial

Iyengar, S. (2010). The Art of Choosing. New York: Twelve

Эх сурвалж: all-about-management.org