Уг зургийг Голландын зураач Карел ван Савоен 1655 онд өөрийн урландаа бүтээж дуусгасан байдаг. Тус зурганд өндөг эсвэл төмс, өрөөсөн гартаа гал тогооны өрөөний хутга барьсан уг эрийн зураг чухам яагаад ийм алдартай болсон юм бэ? Учир нь уг зургийн ард маш том эр зориг хийгээд хүн бүхний нурууны шар үс босгох түүх оршиж байдаг юм. Зурагт дүрслэгдсэн эрийг Жан де Дот гэх бөгөөд зураач эрхэмтэй нэгэн адил Голланд нутгийн иргэн аж. Тэрээр 17-р зууны үед төмрийн дархан хийж уг чадвараараа эх орондоо нэлээдгүй нэр хүндтэй нэгэн болсон байлаа.

Гэвч нэгэн өдөр түүний төмсөг орчимд хүчтэй өвдөлт өгч эхэлжээ. Тэрээр орон нутгийн бүх эмч нарт хандаж үзсэн боловч түүнийг гурван төмсөгтэй болсон тухай эмч нар хэлж байжээ. Өвдөлт тэсэхийн аргагүй болсон тул эмч нараас өрөөсөн төмсгийг нв авч өгөхийг хүсэхэд хэн ч уг мэс заслыг хийж зүрхэлсэнгүй. Учир нь хэрэв мэс засал амжилтгүй болж өвчтөн эрүүл мэндээрээ хохирох юм бол хариуцлагыг нь мэс засал хийсэн эмч тухайн үеийн хуулиараа хүлээдэг байлаа. Иймд хэн ч урьд өмнө нь хийж үзээгүй мэс заслаа хийхийг хүссэнгүй.

Хэрэг явдал нэгэнт ийм байдалд хүрсэн тул мань эр өөрөө өөртөө зориулан жижиг хэмжээний хутга хийж уг хутгаа халуун галд халааж улмаар спиртэд дүрэн өөрийн төмсгөнд зүсэлт хийжээ. Тухайн үед өвчин намдаах эм байхгүй байсан тул уг аймшигтай өвдөлтийг тэсэхийн тулд амандаа даавуу хавчуулан өөрийгөө зүссэн байна. Өөрөө өөртөө хийсэн илүүдэл төмсөг авах мэс ажилбар 1 цаг орчим үргэлжлэн аймшигтай өвдөлт өгч байсан том зүйлийг аван оёдол хийсэн аж. Уг илүүдэл төмсөг нь үнэн хэрэгтээ төмсөгний хавдар байсан бөгөөд хэмжээгээрээ тахианы өндөг мэт хэмжээтэй байсан юм. Жан де Дот бол хүн төрөлхтний түүхэнд өөрөө өөртөө төмсөгний мэс засал хийсэн цор ганц хүн юм.