Монгол Улс баялгийн сантай болох нь зүйтэй гэдэг шийдэл гараад байгаа. Байгалийн баялгаас орж ирэх хөрөнгө, мөнгийг хуримтлуулж, ирээдүй хойчийн хөг­жилдөө зарцуулах, ард түмэндээ тэгш шударгаар хуваарилах зорилготой.

Энэ талаар Норвеги хам­гийн шилдэг туршлагатай бөгөөд Монгол Улс тус улсын туршлагыг судалж байгаа. Гэхдээ баялгийн санг байгуулахаас өмнө одоо байгаа сангуудаа цэгцлэх ёстой гэсэн мэдээллийг Сангийн сайд Ч.Улаан өглөө. Түүнчлэн баялгийн санг улс төрийн нөлөөллөөс хол байлгах, зөв удирдлага, зохион байгуулалттайгаар ажиллуулах зэрэг асуудлаар судалгаа хийгдэж байгаа аж. Монголын хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Эдийн зас­гийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клу­бын сэтгүүлчид өнгөрсөн баасан гарагт Сангийн сайд Ч.Улаантай уулзалт хийсэн. Энэ үеэр салбарын сайд баялгийн сан болон “Чингис” бондын зарцуулалтын явцын талаар эдийн засгийн сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

 

БАЯЛГИЙН САН ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГААС ЯЛГААТАЙ

 

Монголчууд байгалийн баял­гаасаа ард түмэндээ эн тэнцүү, эрх тэгш хувь хишиг хүртээх бодлогыг 2008 оноос хойш гаргасан. Гэхдээ энэ нь Хүний хөгжлийн сангаас иргэдэд нэг удаа бэлэн мөнгө олгох хэлбэртэй байсан. Энэ нь эдийн засгаа өсгөж, ард түмний амьдралыг тэтгэх бус эсрэгээрээ инфляцийг хөөрөгдөж, иргэдийг улам ядууруулсан гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрч буй. Энэ удаад Баялгийн санг байгуулснаар байгалийн баялгаас ард түмэндээ хувь, хишиг хүртээнэ гэж ярьж байна. Харин хувь хишиг нь чухам юу байх вэ. Дахиад л бэлэн мөнгө тараах уу гэх асуулт бий. “Бид ийм байдлыг дахин давтаж болохгүй. Үүний тулд хууль гаргах ёстой. Хуулиар энэ сангийн зарцуулалтыг маш тодорхой зааж өгөх учиртай. Түүнчлэн сангаас хөрөнгө, мөнгө гаргах журам, дүрэм маш хатуу байх ёстой. Энэ бол хараат бус сан байна” гэж Ч.Улаан сайд хэллээ. Баялгийн сан Хүний хөгжил сангаас ялгаатай. Ямар нэгэн байдлаар бэлэн мөнгө тараахгүй. Түүнчлэн орлого бүрдүүлээгүй байж зарлага гаргахгүй. Хүний хөгжил сан нь анхнаасаа л улс төрийн зорилготой байгуулагдаж байсан. Харин баял­гийн сан улс төрийн богино хугацаатай, дөрвөн жилийн циклтэй бус улс орны хэтийн урт, хугацааны хөгжил, Монголын ард түмний нийтлэг эрх ашигт захирагдана гэж байлаа. Баялгийн сан цаашид томоохон томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийх, өөрийн хөрөнгөө арвижуулна. Сангийн худалдаж авсан хувьцааны ашгаас ард түмэн ногдол ашиг хүртэнэ.

 

МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ БАЯЛГИЙН САНГААС ХУВЬ, ХИШИГ ХҮРТЭХ ВЭ

 

Баялгийн сан юун түрүүнд зарлага гаргахгүй. Эхлээд өөрөө бэхжиж, хөрөнгөжих ёстой гэж байна. Дэлхийн хамгийн шилдэг туршлага болох Норвеги гэхэд анх баялгийн сангаа байгуулсны дараа 10 гаруй жил хүлээсэн. Одоо Норвегийн баялгийн сан 660 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хам­гийн хүчирхэг сангуудын нэг бол­жээ. Тэгэхээр монголчууд баялгийн сан­гаа байгуулаад, эхний 5-6 жилд ямар нэгэн байдлаар хувь, хишиг хүртэхгүй, эсвэл бэлэн мөнгө авахгүй гэж хэлэх ёстой гэж байна. Нэг ёсондоо улс орныхоо хөгжил, ирээдүйн төлөөр өөрсдөө хичээж, иргэний зориг гаргах ёстой гэдгийг Сангийн сайд хэлж байна. Баялгийн сан нэн түрүүнд зарлага гаргахгүй гэдгийг дээр дурьдсан. Өөрөөр хэлбэл, баялгийн сангийн эхний зорилго нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, ирээдүй хойчдоо чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийх, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангах гэнэ. Энэ зорилгоор баялгийн сан дот­роо хоёр дэд сантай ажиллана. Нэгдүгээрт, тогтворжуулалтын сан. Хоёрдугаарт ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалтын сан. Дэлхийн жишигт баялгийн сан дотроо 2-3 дэд сантай байдаг. Энэ хүрээнд бусад сангуудыг баялгийн сантай уялдуулан өөрчлөх, зөв гольдиролд нь оруулах ёстой гэж үзэж байгаа юм байна. Манай улс эдгээрээс аль тохиромжтой хувилбарыг сонгон хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Харин монголчууд баялгийн сангаасаа хувь хишиг хүртэх тухайд 5-10 жилийн дараа л яригдах бололтой.

 

БАЯЛГИЙН САНГАА ӨӨРСДӨӨ УДИРДАНА

 

Баялгийн сан байгуулж, ажиллуулна гэдэг зүгээр нэг шийдвэр гаргаад болчих зүйл биш. Өөрөөр хэлбэл, санг ажиллуулах, удирдах, ашигтай хөрөнгө оруулалт хийх, улс төрөөс ангид байлгах гэх мэт бүхий л үйл ажиллагаа тус тусдаа нарийн онцлогтой. Жишээ нь хөрөнгө оруулалт хийнэ гэдэг олон улсын зах зээл дээр ажиллах туршлага, мэдрэмж, чадвар гээд хувь хүнээс олон зүйл шаардана. Энэ бүх үйл ажиллагааг явуулах чадвартай, шилдэг боловсон хүчин Монголд байгаа юу. Санг монголчууд өөрсдөө удирдах уу, эсвэл гадаадын мэргэжилтнүүдээр удирдуулах уу гэх асуулт бий. Сангийн сайд Ч.Улаан энэ асуултад “Бид асар их өргөн хүрээтэй зах зээл, асар их сонголтон дунд ажиллана. Үүнд үндэсний чадавхитай боловсон хүчин хэрэгтэй. Энэ ойлгомжтой, үүнийг бэлтгэх ёстой. Гэхдээ хэн ч өнөөдөр эрсдлээс даатгагдаагүй. Дэлхийн зах зээлд юу болохыг хэн ч хэлж чадахгүй. Тэгэхээр эрсдэл огт гаргахгүй байх менежментийг олно гэж байхгүй. Жишээ нь Норвегийн сан байгуулсан цагаасаа хойш тодорхой хугацаанд эрсдэлд ороод, сангийнхаа дөрөвний нэгийг хүртэл алдаж байсан. Дараа нь үүнийгээ богино хугацаанд нөхөж чадсан. Тийм учраас бид эрсдэлд огт орохгүй, эрсдлээс ангид байна гэж баталж чадахгүй. Гэхдээ эрсдэл бага гаргах чадавхитай байх ёстой. Санг гадаадын мэргэжилтнээр удирдуулж болно. Дотоодын менеж­ментээр ч ажиллуулж болно. Аль, аль нь өөрийн гэсэн давуу талтай. Сангийн сайдын хувьд энэ сангийн менежментийг монголчууд өөрсдөө авч явах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа” гэлээ. 

 

Л.Энхдэлгэр