Нэг хэсэг намтартаа дурдсан их сургуулийнхаа дипломыг жинхэнэ гэдгийг баталж, гангардаг “моод” УИХ-ын гишүүдийн дунд дэлгэрээд байлаа. Тэр давалгааны цорын ганц хохирогч бөгөөд гол баатар нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээр “поп” хэмээн өргөмжлөгдсөн УИХ-д бие даан сонгогдоод байсан С.Ганбаатар.

Тэрбээр олон улсад нэр хүнд бүхий Английн их сургуулийг амжилттай дүүргэсэн гэх хуурамч намтар зохиосноо хүлээн зөвшөөрч нэг хэсэгтээ л шар мэдээний баатар болж билээ. Нэг ёсондоо хуурамч диплом барин сонгогчдын саналыг авч төрийн эрх барих дээд байгууллагад гишүүнээр суусан явдал дэлхийн түүхэнд цор ганц Монголд тохиосон байж ч магадгүй юм. Монгол төрийн нэр хүнд талаасаа харамсалтай, байнгын гүтгэлэг доромжлолтой улс төрд хөгтэй ч гэж болохоор энэ явдал төрийн эрх барих дээд байгууллагын төв танхимын Ерөнхий сайдын индрээс эхэлж, “Би сургууль төгсөж чадалгүй ирснээр Монгол юу алдсан юм бэ” гэж ундууцсан С.Ганбаатарын үг болон өнгөрсөн парламентын сонгуулийн үр дүнтэй хамт намжсан.

Үүнтэй ижил төсөөтэй ч гэж болохоор үйл явдал өнөөгийн парламентад өрнөх боллоо. УИХ намрын ээлжит чуулганаараа ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэн баталдаг онцлогтой.

Энэ жишгийн дагуу Ерөнхийлөгч хүртэл ороо­цолдсон төсвийн халуу­хан мэтгэлцээн, гишүүдийн мэдлэг боловс­ролын тарыг таниулсан мөнгөний бодлогын хэлэлцүүлэг ид өрнөж байна. Тухайлбал,   геодезийн техникч, улс төр судлаач, бизнесийн удирдлагын менежер зэрэг хэд хэдэн давхар мэргэжилтэй, М.Билэгт гишүүн 20 сая толгой малын махаар ОХУ-аас шатахуун түлшний бартер хийх санаачилгыг баатарлаг аврагчийн дүрээр гаргаж харагдана билээ.  Дэлхийн зах зээлийн нөлөөгөөр өндөр өссөлттэй байгаа шатахууны үнэ энэ цаг мөчид улстөрчдийн амнаас чуулганы танхимд гарч болох топ сэдэв л дээ. Угаасаа дархан эрхтэй УИХ-ын гишүүд чуулганы танхимд юуг яаж ч ярьдаг парламентын соёл сул улс. Гэхдээ  гадаад худалдаанд бартер гэдэг зүйл үгүй болоод хэдий удаж байгааг мэддэггүй, түүнийг хөндөж ярьдаг төрийн түшээ байсаар л байгааг өнгөрсөн долоо хоногт монголчууд харлаа. Ялангуяа 20 гаруй жил бизнесийн салбарт амжилттай ажилласан удирдагч эмэгтэй намтартай УИХ-ын гишүүн ийм зүйл ярьж сугаа нь манай сонгуулийн тогтолцооны, улс төрийн намуудын гажгийг илтгэх шиг. Тиймээс хувь хүнийх нь хувьд дардан намтар болон бага, дунд боловсролын гэрчилгээнд нь ч эрзэлзээ төрлөө. Тэрбээр “Бид газрын доорх баялгаа л экспортолж мөнгө болгох тухай яриад байдаг. Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүнээ экспортолж, эдийн засгаа солонгоруулмаар байна. Малчдаа дэмжмээр байна. Бид шатахуун дээр хүнд байдалд орчихоод байж байна. Уг нь жилдээ нэг тэрбум ам.долларын л шатахуун орж ирдэг юм билээ. Төр зохицуулаад 20 сая бог малаар шатахуун бартер хийх юм зохицуулж болно шүү дээ. Энэ талаар Сангийн сайд юу гэж бодож байгаа вэ” хэмээн асуухад, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ууртай нь аргагүй “Сангийн яам малаар шатахуун солих тийм наймаа ярьдаггүй. Бид нар бодлогоо ярья. Бизнес эрхлэгчид тэр бизнесээ хийвэл зүгээр” хэмээн хариулаад өнгөрсөн. Энэ бол төсвийн хэлэлцүүлгийн явцад болсон яриа.

Монголбанкнаас өргөн мэдүүлээд буй Төрөөс ирэх 2019 онд баримтлах мөнгөний бодлогын баримт бичгийн хэлэлцүүлэгч ч үүнээс ялгарах юмгүй болж байгаа. Хэлэлцүүлгийн явцад эдийн засгийн онол практикийн мэтгэлцээн өрнүүлэх гол баатар нь байгаагүй ч телевизийн камер, микрофон харсан даруйдаа мэргэжлийн эдийн засагч болдог Т.Аюурсайхан гишүүн чөлөөт, хөвөгч системтэй манай зах зээлд Төв банк валютын ханшийг хүчээр барих боломжтой талаар шинэ онол дэвшүүлжээ. Зөвхөн энэхүү өгүүлбэр л түүний баялаг намтар болоод дээд, бага гэлтгүй боловсролын дипломонд нь эргэлзэхэд хүргэсэн. Азийн бар гэгдэх улсуудад эдийн засгийн шинжлэх ухааны сууриа тавьж, Монголынхоо хөдөө аж ахуйн их сургуульд докторын зэрэг хамгаалсан гэдгээ намтартаа өгүүлсэн тэрбээр Төв банкнаас ирэх оны хэрэгжүүлэх бодлого, гаргах шийдвэр зөв буруу эсэхийг огт сонирхохгүй байгаа. Тиймээс Монголбанкны төрийн мөнгөний бодлогоо танилцуулах урилгаас татгалзсан хэмээн сайрхан мэдэгдэж буй. Хэрэв уулзалтад очсон бол юуны нь мэдэгдэхгүй ашиг сонирхлын зөрчилтэй болох байснаа мөн мэдэгдсэн. Ямартай ч ашиг сонирхолгүй, эдийн засагч түшээд Төрийн 2019 оны мөнгөний бодлого падгүй. Харин Монголбанкны Ерөнхийлөгч хэн байх нь илүү сонин байгаа нь төрийн ордонд өрнөж буй хэлэлцүүлгийн явцаас харагдсан.    

Бодит байдал дээрх шатахуун болоод ам.долларын ханш

Ирэх оны төсөв, мөнгөний бодлогын зөв бурууг хэлэлцэн батлах үүрэгтэй УИХ-ын гишүүдийг харахад дээрх дүр зурагтай асуудалд хандаж байгаа. Тиймээс  ам.долларын ханш болоод шатахууны үнийн өсөлтийн бодит шалтгааныг товчхон өгүүлэх нь зөв байх. Эдийн засагч, судлаачид ам.долларын ханшийн сүүлийн үеийн чиг хандлагыг дотоодын гэхээсээ илүүтэй гадаад зах зээлийн нөлөөтэй хэмээн тайлбарлаж байгаа. АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүгээ хурдацтай нэмэгдүүлж буйтай холбоотойгоор ам.долларын ханш дэлхийн ихэнх улсын валютын эсрэг чангарч, ам.доллар хөгжиж буй улс орнуудаас зугтаах хандлагатай болж ирсэн. Зарим хөгжиж буй улс орны төв банкнаас мөнгөний бодлогын төлөвтөө өөрчлөлт оруулах арга хэмжээ авч эхлээд байгаа. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ хүлээгдэж буй хэмжээнээс хурдтай, магадгүй 3.25 хувьд хүргэсэн тохиолдолд хөгжиж буй улс орнуудын Төв банкууд бодлогын хүүгээ өсгөх хандлагатай байгаа аж. Судалгаанаас харахад, 142 орны валютын ханш ам.долларын эсрэг сулраад байгаа нь ханшийн дарамт улс орнуудын нийтлэг хүндрэл болохыг илтгэж байгаа. Ялангуяа, уул уурхайгаас хамааралтай боловч илүү төрөлжилт өндөртэй эдийн засгууд болох Австрали, Чилийн үндэсний валютын ханш сүүлийн есөн сар гаруйн хугацаанд есөн хувь давж сулраад байна. Дэлхийн томоохон эдийн засгууд болох БНХАУ-ын юань зургаа, ОХУ-ын рубль 13, Энэтхэгийн рупигийн ханш 14, Бразилийн риалын ханш 12, Индонезийн рупигийн ханш 11, Туркийн лирийн ханш 38, Өмнөд Африкийн рандын ханш 16 хувиар тус тус сулараад байна.  Эдгээр  томоохон эдийн засгууд ханшаа хамгаалах оролдлого хийж байгаа боловч гадаад валютын нөөцөд ирэх дарамтаа харгалзан үзэж, валютын ханшийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрч эхэлжээ. Турк, Өмнөд Африк, Аргентин зэрэг улсууд хэт уян хатан бус ханшийн бодлого баримталснаас үүдэлтэй сөрөг үр дагавартай нүүр тулж байгаа аж. Харин бусад улс орнууд эдийн засгийн гадаад тэнцлээ хангахын тулд мөнгөний бодлогын хүүгээ өсгөж эхлээд байна.

ОХУ өнгөрсөн хоёрдугаар сард бодлогын хүүгээ бууруулж байсан бол зөвхөн   энэ сард бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар нэмэгдүүлсэн, мөн Малайз 0.25  хувиар, Индонез 1.5, Филиппин 1.5, Энэтхэг 0.5, Турк 16, Аргентин 32 хувиар бодлогын хүүгээ өсгөжээ. Эдийн засгийн амьдралын 50 орчим хувь нь гадаад зах зээлээс хамааралтай манай улсын хувьд энэ хүндрэлийг тойрох боломжгүй бөгөөд эхний хагас жилд харьцангуй тогтвортой байсан валютын ханш  оны эхнээс 5.7 хувиар суларч, одоо эргэн тогтворжоод байгаа. Гэсэн хэдий ч Монголбанкны зүгээс ирэх онд эдийн засгийн тогвортой өсөлтийг дэмжихийн тулд бодлогын хүүгээ 10  хувьд хадгалах зорилт тавиад буй. Улмаар инфляцын төвшинг найман хувьд барихаар тооцсон байна.  Мөн төгрөгийн доллартай харьцах ханш сулрахад эдийн засгийн сэргэлт дагасан хөрөнгө оруулалт болон хэрэглээний импортын өсөлт, 2012 онд босгосон бондуудын эргэн төлөлт, экспортын тээвэрлэлттэй холбоотой хил дээрх түгжрэл зэрэг дотоод хүчин зүйлс нөлөөлжээ. Зөвхөн импорт 2018 оны эхнээс хөрөнгө оруулалтын импорт 298 сая доллараар буюу 46 хувиар өссөн байна.  2012 онд босгосон “Чингис” бондын үлдэгдэл 125 сая доллар, “Дим Сам” бондын 160 долларын төлбөрийг 2018 онд төлж барагдуулсан. Бондуудын төлбөрт валютын улсын нөөцийн тодорхой хэсэг гарсан. Энэ нь санхүүгийн дансны томоохон гарах урсгал болж, тэнцлийн алдагдалд нөлөөлсөн байна. Харин шатахууны үнийн тухайд Монгол Улс жилд нэг сая тонн газрын тос олборлодог ч нэг литр шатахуун үйлдвэрлэдэггүй. Улмаар хэрэглээнийхээ шатахууны 95 хувийг ОХУ-аас авдаг бөгөөд дэлхийн зах зээлийн газрын тосны ханшийн өсөлтийн нөлөөгөөр дотоодын жижиглэнгийн үнэ тогтож ирсэн. Тиймээс Монгол Улс дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болж, өөрсдийн хэрэглээг хангаж эхлэхээс нааш шатахууны үнийг монголчууд өөрсдөө тогтоох талаар мөрөөдөөд ч хэрэггүй.  Ямартай ам.долларын ханш болон шатахууны үнэ өсч буй бодит шалтгаануудын зах зух энэ. Харин биднийг УИХ-д төлөөлж буй зарим гишүүн мэдлэг мэдээлэлгүйгээсээ болоод юу гэж ч залж болдог нь харамсалтай. Магадгүй С.Ганбаатарын түүхийг давтахгүйн тулд эртхэн мэргэжлийн дипломыг нь сөхөж үзсэн дээр биз. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин