Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид их хэмжээний хохиролтой хулгайлах гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэний орон сууцнаас үнэт эдлэл хулгайлах гэмт хэргийг үйлдсэн Б гэгч нь хулгайлсан эд зүйлээ иргэдийн нэрлэж заншсанаар “Урт цагаан”-д үйл ажиллагаа явуулдаг алт, мөнгөний ченжид авчирч худалдсан нь шалгалтын явцад тогтоогджээ.

Үүний дагуу Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хулгайн эд зүйл худалдан авсан байж болзошгүй ченжийн ажлын байранд прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр шалгалт явуулж 30 орчим хөөрөг, алт, монет болон бусад үнэт эдлэлийг хураан авч, хэргийн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.  

Тэдгээр ченжээс хураасан үнэт эдлэлээс дөрвөн хөөргийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдээс авсныг цагдаагийн байгууллагаас тогтоожээ. Тиймээс бусад эд зүйл хулгайлагдсан байж болзошгүй гэж үзэн хуулийн дагуу хохирогчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна. Эдгээр эд зүйлийн дунд таны хулгайд алдсан болон ижил төстэй үнэт эдлэл байвал Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс /утасны дугаар: 90060360/-т хандана уу.

Зохих зөвшөөрөлгүй хууль бусаар үйл ажиллагаа явуулж, хулгайн эд зүйл худалдан авдаг байсан алт мөнгөний дархан, ченж гэх этгээдүүдийг саатуулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн Б нарын хоёр этгээдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна.