Өнгөрсөн өдөр цахим орчинд Энэтхэг улсад суугаа Элчин сайд өөрийн улсын иргэний биед халдсан гэх мэдээлэл тарж олон хүний анхаарлыг татаад байгаа билээ. 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Г.Ганболд тус улсад хүүхдээ эмчлүүлж буй иргэн Г.Оюуныг зодсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсан.

Тодруулбал, иргэн Г.Оюун "Нөхөр бид хоёр Энэтхэгт ирээд дөрвөн сар болж байна. Хүүхдээ эмчлүүлээд эх орон руугаа буцах гэсэн чинь олон асуудал тулгараад, үнэхээр аргагүйдсэн. Эмчилгээний зардалгүй болоод хандивын аян өрнүүлсэн. Намайг элчин сайд Г.Ганболд цээж, ходоод, савны тус газар руу өшиглөсөн. Бид яах ёстой вэ. Хэрэг гарах үед Элчин сайд Г.Ганболдын эхнэр, жолооч, туслах болон Энэтхэгийн иргэд байсан бөгөөд уг үйлдэл нь ЭСЯ-ны камерт бичигдэн үлдсэн" хэмээн ярьсан бичлэгээ үлдээж энэ нь цахим орчинд олон хүний бухимдал үүсгээд байгаа. 

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Элчин сайд Г.Ганболд бодит байдалд нийцээгүй мэдээлэл байна, харин Элчин сайдын яамны зүгээс шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлж байгаа, цаашид ч дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ мэдэгдээд байна. Үүссэн нөхцөл байдлыг газар дээр нь нягтлан шалгах, холбогдох байгууллагын төлөөлөл орсон хамтарсан Ажлын хэсгийг тус улсад томилолтоор ажиллуулахаар шийдвэрлэж, иргэдэд шаардлагатай дэмжлэг, туслалцааг үргэлжлүүлэн үзүүлэх чиглэлийг Элчин сайдын яаманд өгөөд байна. Мөн гадаад яамнаас Г.Оюуны ар гэр, эцэг эхтэй уулзаж байна" гэсэн юм.  

Харин энэ хэрэгт холбогдоод буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Г.Ганболд тайлбар хэлэхдээ: 

"Иргэн Б.Батчулуун, Г.Оюун нар 12 дугаар сарын 7-нд тус ЭСЯ-д ирж, “Шинэ Дели хотын “BLK” эмнэлэгт цаашид охиноо эмчлүүлэхгүй, санал болгож байгаа эмчилгээг нь хийлгэхгүй, даруйхан нутаг буцахаар шийдлээ. Энэтхэгт байх визний хугацаа хэтэрсэн, торгуулийн хэмжээ их болоод байгааг хөнгөлүүлж, хилээр гарах зөвшөөрөл олгож тусална уу” гэж хүссэн. Үүнийг ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга, консулын ажилтан Л.Батсуурьт даалгаснаар асуудал шийдэгдсэн. Түүнчлэн ар гэрт нь тусалж, онгоцны тасалбар зэргийг захиалж өгсөн ч тэд үл тоомсорлон нислэгийг хоёр цаг хойшлуулан онгоцноосоо буулгуулсан гэх мэт олон асуудал үүсгэсэн. Өмнө нь Элчин сайдын яамны зүгээс эмчилгээний зардалд тусламж үзүүлсэн гэх мэтээр олон зүйлд тусалсан. Тэд энэтхэг эмчийг хөлсөөр авч, охиныг Монголд хүргэхийг шаардаж байна. Энэ тохиолдолд өмнө гаргасан 3300 ам.доллар дээр нэмж 10 мянган орчим ам.доллар шаардагдахаар байгаа юм. Эдгээр иргэдийг эмнэлэгт эргэж, хоол унд зөөх зэргээр ЭСЯ-ны ажилтнууд халуун сэтгэлээр хандсаар байтал нийтийн дунд буруу зөрүү ойлголт төрүүлэхээр бодитой бус мэдээлэл түгээсэнд харамсч байна. нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. 

Ямартаа ч энэ хэргийн хоёр тайлбар иймэрхүү эсрэг тэсрэг үзэл бодлыг харуулж байна. Ер нь бол гадаадад байгаа монголчууд цаашид ийм асуудал үүсвэл хэрхэн тусламж авах талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй гэдэг үүднээс нэмэлт мэдээллийг хүргэж байна. 

Хилийн чанадад байгаа болон зорчиж буй иргэдийн дунд нас барах, осолд өртөх, өвдөх, хохирох явдал нэлээд гардаг. Хэрэг төвөг үйлдэн баривчлагдах, шийтгэгдэх, ял эдлэх тохиолдол ч гарсаар байна. Ийм нөхцөлд төрийн зүгээс иргэддээ төрөл бүрийн тусламж үзүүлдэг ч хамгийн чухал мөнгө, санхүүгийн тусламжийг үзүүлж чадахгүй байгаа юм. Тиймээс “Засгийн газрын тусгай сангийн тухай” хуулийн дагуу дээрх дүрмийг боловсруулсан бөгөөд сангийн хөрөнгийн зонхилох хэсгийг буюу 500.0 сая төгрөгийг улсын төсвөөс бүрдүүлэх бөгөөд иргэд, байгууллагаас өгсөн хандив тусламж, гадаад улс, олон улсын байгууллагаас Засгийн газрын шугамаар олгосон зээл уг санд ордог байна. 

Иймд Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан байгуулахаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.4.16, 26.3-т заасныг үндэслэн Иргэдэд туслах сангийн дүрмийг боловсруулжээ. Энэ дүрэм дээр үндэслэгдэн хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар 2009-08-28нд “Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн дүрмийг хэрэгжүүлэх заавар Сайдын тушаалаар батлагдсан байна.

Сангийн хөрөнгөнөөс хилийн чанадад байгаа Монгол Улсын төлбөрийн чадваргүй иргэнд нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэхээр дүрмийн төсөлд тусгажээ.

Сангийн зөвлөл 7 хүний бүрэлдэхүүнтэй, дарга нь Гадаад хэргийн сайд байна. 

“Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан” нь 2009-2017 онд өргөдөл гаргасан иргэдэд Дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан 1.3 тэрбум гаруй төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

Сангийн хөрөнгийн 40-50 хувийг нас барсан иргэний шарилыг эх оронд нь авчрахад зарцуулдаг  байна. Үлдэх хувийг гадаадад ял эдэлж байгаа иргэдээ эргэх, гэмт хэргийн улмаас хохирсон, эд хөрөнгөө гээж төлбөрийн чадваргүй болсон иргэдийг эх оронд нь буцаах зэрэгт олгодог судалгаа гарчээ.

Хамгийн сүүлийн мэдээгээр тус сангаас зөвхөн энэ онд л 182,715,550 төгрөгийг зарцуулаад байгаа аж. 

ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН
ИРГЭДЭД ТУСЛАХ САНГИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.4.16-д заасан Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан (цаашид “Сан” гэх)-гийн хөрөнгийг зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.
1.2. Сангийн үйл ажиллагаа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байна.

Хоѐр. Сангийн эх үүсвэр
2.1. Сангийн хөрөнгө нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
2.1.1. улсын төсвийн хөрөнгө;
2.1.2. гадаад улс, олон улсын байгууллага болон гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өгсөн буцалтгүй тусламж, хандив.
2.2. Гадаад хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага улсын төсвөөс Санд олгох хөрөнгийн хэмжээг өмнөх онд Санд төвлөрүүлсэн орлого болон гарсан зардлын гүйцэтгэл, жилийн эцсийн үлдэгдлийг харгалзан төлөвлөнө.
2.3. Гадаад хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын Санд төвлөрүүлэхээр төлөвлөсөн хөрөнгийн хэмжээг санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд заасан журмын дагуу хянаж, тухайн жилийн төсвийн хүрээний мэдэгдэл болон улсын төсвийн төсөлд тусгана.
2.4. Сангийн хөрөнгийг төрийн сан дахь гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тусгай дансанд байршуулна.

Гурав. Сангийн удирдлага, зохион байгуулалт
3.1. Сангийн удирдлага нь 7 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус Сангийн зөвлөл байна.
3.2. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Сангийн зөвлөлийн дарга байна. Сангийн зөвлөл нь дэд дарга, гишүүд, нарийн бичгийн даргатай байна.
3.3. Сангийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байх бөгөөд 5-аас доошгүй гишүүн оролцсоноор хурал хүчинтэйд тооцогдоно.
3.4. Сангийн зөвлөлөөр хэлэлцсэн асуудлыг Сангийн зөвлөлийн 4-өөс доошгүй гишүүний саналаар шийдвэрлэнэ. Хурлын тэмдэглэлд Сангийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.
3.5. Сангийн зөвлөл нь дараахь эрх, үүрэг хүлээнэ:
3.5.1. Сангийн үйл ажиллагааг удирдлагаар хангах, хяналт тавих;
3.5.2. тусламж хүссэн өргөдлийг холбогдох дипломат төлөөлөгчийн газрын саналын хамт хянаж, тусламж үзүүлэх эсэхийг шийдвэрлэх;
3.5.3. шаардлагатай бол гадаад, дотоодын байгууллага, иргэдээс нэмэлт мэдээлэл, тодруулга гаргуулж авах;
3.5.4. Сангийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтын талаар гадаад хэргийн болон санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад санал тавих;
3.5.5. Сангийн хөрөнгийн зарцуулалт, иргэдэд үзүүлэх тусламжийн талаар дипломат төлөөлөгчийн газарт чиглэл өгөх, гүйцэтгэлийг нь хянах;
3.5.6. олон улсын байгууллага, гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, бусад сантай хамтран ажиллах;
3.5.7. сангийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан байгууллага, албан тушаалтанд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх асуудлаар холбогдох байгууллагад санал оруулж шийдвэрлүүлэх.
3.6. Сангийн ажлын албаны үүргийг гадаад хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгж гүйцэтгэнэ.
3.7. Дипломат төлөөлөгчийн газар нь иргэдээс тусламж хүссэн өргөдөл хүлээн авч энэхүү дүрмийн “Дөрөв”-т заасны дагуу хянан шалгаж, нөхцөл, шаардлагыг хангаж байгаа өргөдлийг өөрийн саналын хамт Сангийн зөвлөлд хүргүүлнэ.
3.8. Шаардлагатай бол дипломат төлөөлөгчийн газар нь суугаа болон хавсран суугаа орны байгууллага, иргэдээс нэмэлт мэдээлэл, тодруулга гаргуулж авна.
3.9. Дипломат төлөөлөгчийн газар нь Сангийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн өргөдөл гаргасан иргэнд тусламж үзүүлнэ.
3.10. Дипломат төлөөлөгчийн газар нь иргэдэд үзүүлсэн тусламжийн талаар Сангийн зөвлөлд мэдээлэл өгч, холбогдох баримт материалыг хүргүүлнэ.

Дөрөв. Сангийн хөрөнгийг зарцуулах нөхцөл, шаардлага
4.1. Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 17.2-т заасан зориулалтаар зарцуулна.
4.2. Сангийн хөрөнгөөс хилийн чанадад байгаа Монгол Улсын төлбөрийн чадваргүй иргэнд тусламж дэмжлэг үзүүлнэ.
4.3. Дараахь тохиолдолд Сангийн хөрөнгөөс тусламж олгоно:
4.3.1. хилийн чанадад нас барсан иргэний гэр бүл нь түүний шарилыг эх оронд нь буцаах зардалгүй, эсхүл гэр бүл, төрөл садан нь тогтоогдоогүй тохиолдолд түүний шарилыг хадгалах, чандарлах, шарил болон чандрыг эх оронд нь буцаах буюу тухайн улсад нь нутаглуулах;
4.3.2. хилийн чанадад байгалийн онц аюултай гамшиг, алан хядах ажиллагаа, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн, эсхүл осол, гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авсан, сэтгэцийн өвчтэй болсон, амь насанд нь аюул учирсан иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эх оронд нь буцаах;
4.3.3. хилийн чанадад хорих ял эдэлж байгаад, эсхүл албадан саатуулагдаж байгаад суллагдсан иргэнийг эх оронд нь буцаах;
4.3.4. гэмт хэргийн улмаас хохирсон буюу эд хөрөнгөө хаяж гээгдүүлсний улмаас төлбөрийн чадваргүй болсон иргэнийг эх оронд нь буцаах;
4.3.5. энэхүү дүрмийн 4.3.1-4.3.4-т заасан иргэний үндэсний гадаад паспортын хугацааг сунгах, буцах үнэмлэх олгох, эх оронд нь буцаахтай холбогдсон бусад үйлчилгээ үзүүлэх;
4.3.6. хилийн чанадад гэмт хэргийн улмаас хохирсон иргэнтэй холбоотой асуудлыг тухайн улсын холбогдох хууль хяналтын байгууллагаар хянуулах, эрх ашгийг нь хамгаалахад шаардагдах өмгөөлөгч, орчуулагчийг хөлслөх;
4.3.7. хилийн чанадад хорих ял эдэлж байгаа иргэнийг дипломат төлөөлөгчийн газраас эргэх.
4.4. Сангийн хөрөнгөөс үзүүлэх тусламжийн хэмжээг дараахь байдлаар тодорхойлж тооцно:
4.4.1. гарсан бодит зардлаар;
4.4.2. энэхүү дүрмийн 4.3.1-4.3.4-т заасан иргэнийг эх оронд нь буцаах замын зардлыг тухайн үеийн хамгийн хямд, дөт замаар буцаах тээврийн зардлаар;
4.4.3. энэхүү дүрмийн 4.3.5-д заасан тусламжийн хэмжээг Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, тухайн улсын визний хураамж, холбогдох дипломат төлөөлөгчийн газрын зардлын гүйцэтгэлээр.
4.5. Энэхүү дүрмийн 4.3.5-д заасан тохиолдолд тухайн иргэн үндэсний гадаад паспорт эзэмших, хадгалах журмыг зөрчсөн байвал Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан торгуулийг Сангийн хөрөнгөөс төлнө.
Тав. Өргөдөл гаргах, хянан шийдвэрлэх ажиллагаа
5.1. Сангийн хөрөнгөөс тусламж хүссэн өргөдлийг холбогдох дипломат төлөөлөгчийн газарт гаргана.
5.2. Өргөдлийг дараахь байдлаар гаргана:
5.2.1. иргэн биечлэн болон баталгаат шуудангаар;
5.2.2. эрүүл мэндийн буюу хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас өөрийн биеэр өргөдөл гаргах боломжгүй иргэний өргөдлийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч;
5.2.3. энэхүү дүрмийн 4.3.1-д заасан тохиолдолд өргөдлийг түүний гэр бүлийн гишүүн, хууль ѐсны төлөөлөгч, эсхүл тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, сонирхсон байгууллага болон консулын албан тушаалтан.
5.3. Өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:
5.3.1. үндэсний гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг иргэний харъяаллыг тодорхойлох баримт бичиг, эсхүл тэдгээрийн баталгаажуулсан хуулбар;
5.3.2. тусламж үзүүлэх шаардлагатай болохыг нотлох суугаа орны цагдаа, шүүх, эмнэлэг зэрэг зохих байгууллага, иргэний тодорхойлолт, мэдүүлгийн эх хувь;
5.3.3. энэхүү дүрмийн 4.3.1-4.3.4, 4.3.6-д заасан тохиолдолд төлбөрийн чадваргүйг нотлох өрхийн ам бүл, орлогын хэмжээний талаар харъяалах баг, хороо, аймаг, нийслэлийн захиргааны байгууллагаас уламжлан авсан тодорхойлолт.
5.4. Дипломат төлөөлөгчийн газар өргөдлийг хүлээн авч энэхүү дүрмийн “Дөрөв”-т заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан шалгаж, шаардлага хангаж байгаа бол ажлын 3 хоногийн дотор өргөдлийг өөрийн саналын хамт Сангийн зөвлөлд цахим шуудангаар мэдүүлнэ.
5.5. Сангийн зөвлөл өргөдлийг дипломат төлөөлөгчийн газраас хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ.
Зургаа. Сангийн хөрөнгийг зарцуулах
6.1. Сангийн зөвлөлөөс шийдвэр гарснаас хойш ажлын 2 хоногт багтаан Сангаас хөрөнгө гаргаж холбогдох дипломат төлөөлөгчийн газрын дансанд шилжүүлнэ.
6.2. Сангийн хөрөнгийг батлагдсан төсвөөс хэтрүүлэх, өөр зориулалтаар ашиглах, зарцуулахыг хориглоно.
Долоо. Сангийн гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавих
7.1. Сангийн зарцуулалтын тайланг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 30.1-д заасны дагуу хагас, бүтэн жилээр гаргана.
7.2. Сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.
7.3. Гадаад хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Сангийн хөрөнгийн зарцуулалтын жилийн эцсийн тайланг аудитын дүгнэлтийн хамт тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор хэвлэлд нийтэлж нийтэд мэдээлнэ.
7.4. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу Сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт, шалгалт хийнэ.

 С.Отгон