Шинэ оны босгон дээр “Улаанбаатар хот, 2018 оны арванхоёрдугаар сарын 31: Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой ХХК Таван толгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж байгуулах талаар “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурав.

Ингэснээр Оюу толгой уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчдийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрч байна. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрийн хүрээнд бид энэхүү гэрээг үзэглэж байна. Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын талаарх тус гэрээгээр Оюу толгой компани уул уурхайн үйл ажиллагаандаа шаардлагатай эрчим хүчээ 100 хувь дотоодоос авах суурь нөхцөл бүрдэж байгаа юм. Оюу толгойн компани БНХАУ-аас 100 гаруй МВт-ын цахилгаан эрчим хүчийг импортлон авч байгаа. Энэ нь 160-170 орчим сая доллар. Нийт авч байгаа эрчим хүч нь манай улсын хэрэглээний 20 хувьтай тэнцэнэ. 2019 оноос эхлэн Оюу толгой эрчим хүчний хангамжийн тодорхой хэсгийг дотооддоо хангаж эхэлнэ. Улмаар 2023 оноос дотоодоосоо 100 хувь Оюутолгойд эрчим хүчээ хангадаг болсноор 200 гаруй сая долларыг эх орондоо авч үлдэнэ. Станц баригдсанаар Рио Тинто хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж хэллээ” гэсэн таатай мэдээ гарлаа.

Энэ мэдээ Эрчим хүчний яам болон Оюу толгой ХХК-ийн цахим хуудсанд тавигджээ. Гэхдээ Эрчим хүчний яамны мэдээнд гэрээнд гарын үсэг зурснаар “Рио тинто гэрээнийхээ үүргээ биелүүллээ” гэсэн байна. Харин Оюу толгойн мэдээнд шинэ цахилгаан станцын дийлэнх хувийг Оюу толгой ХХК эзэмшинэ гэсэн. Хэрэв Рио тинто энэ хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлж чадвал Монголд гурав дахь удаагаа томоохон хөрөнгө оруулалт хийнэ. Дээр нь өмнөд бүсийн эрчим хүчний асуудал дотоодоос шийдэгдэж, Хятадад жил бүр тушаадаг 200 шахам сая доллар Монголд үлдэх бололтой юм. Эндээс өнгөрсөн хугацаанд олж болох энэ их ашгийг яагаад монголчууд авахгүй өнөөг хүрэв гэсэн асуулт гарна.

Харин Оюу толгойн цахим хуудсанд байгаа Засгийн газартай Оюу толгойн ордод хөрөнгө оруулсан компаниудтай 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулсан гэрээгээр бол өөр зураг харагдана. Оюу толгойг цахилгаан эрчим хүчээр хангах заалт Долдугаар бүлэг буюу дэд бүтэц гэсэн бүлэгт хамаарч байна.

Үүнд:

7.1. Оюу толгой төслийн хэрэгцээ шаардлагыг хангах, бүтээн байгуулалтын графикт ажлыг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд эрчим хүчний хамгийн зохистой, найдвартай эх үүсвэрийн шийдлийг тодорхойлох талаар Засгийн газар, Хөрөнгө оруулагч нар сайн санааны үндсэн дээр нээлттэй хамтран ажиллах

7.3. Хөрөнгө оруулагч нь Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 4 /дөрөв/ жилийн дотор Оюу толгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх дор дурдсан нэг буюу түүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангана:

7.3.1. Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц;

7.3.2. Гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц;

7.3.3. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ.

7.4. Засгийн газар Хөрөнгө оруулагчийг эрчим хүчээр хангах тохиолдолд эрчим хүчний эх үүсвэр нь арилжааны болон үл ялгаварлах нөхцөлтэй байх бөгөөд Оюу толгой төсөлд хангалттай хэмжээний эрчим хүчийг тогтвортой, найдвартай, тасралтгүй нийлүүлнэ. Гэрээнд зааснаар бол эрчим хүчний хангамжийн талаар ийм л зарчим баримтална. Гэрээнд зааснаар Оюу толгойн үйлдвэрлэл эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Засгийн газар Рио тинтотой сайн санааны үүднээс хамтран ажилласнаар дотоодоос эрчим хүчний хэрэгцээг хангана. Гэтэл Оюу толгойн үйлдвэрлэл 2013 оны долдугаар сарын 9-нд эхэлсэн байдаг. Хөрөнгө оруулалтыг гэрээгээр бол Оюу толгойн орд 2017 оны долдугаар сарын 9-нөөс эхэлж дотоодоос эрчим хүчний хэрэгцээгээ хангана. Гэтэл 2017 он бүү хэл 2019 оноос ажил эхэлж 2023 онд л Оюу толгой монгол цахилгааны бараа харна. Өнөөг хүртэл Оюу толгой өмнөд хөршид эрчим хүчний төлбөрт тэрбум шахам ногоон өгсөн болж таарч байна. Гэрээнд заасан дөрвөн жилийн хугацаанд манайд нэг ч эрчим хүчний томоохон станц баригдаагүй. Рио тинто бас цахилгаан станц барих үүрэг гэрээгээр хүлээгээгүй. Гэтэл өнгөрсөн оны хоёрдугаар сард Эрчим хүчний яамнаас доорх мэдээг гаргаж байв. “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 2012.02.19-ний өдрөөс цацагдсан зөрүүтэй мэдээлэлтэйгээр холбоотойгоор Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Ерэн-Өлзий, Тавантолгойн цахилгаан станц төслийн нэгжийн захирал Д.Батбилэг нар хэвлэлийн бага хурал хийлээ. Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг саяхан түдгэлзүүлсэн ба ингэснээрээ Монгол Улсын Засгийн газар Таван толгойн цахилгаан станцыг барихаас татгалзсан зүйл үгүй юм. Төслийн нэгж нь 2013 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд төслийн техник эдийн засгийн үндэслэл болон бусад бүх судалгаа шинжилгээний ажлуудыг хийн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлэхэд бэлэн болсон. Рио Тинто компанийн зүгээс шаардлагатай баталгааг гаргаж өгсөн тохиолдолд 2018 онд цахилгаан станцын ажил эхлэх бүрэн боломжтой юм” гэжээ. Яг үүнтэй “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес мэдэгдэгдэл гаргажээ. Үүнд "Монгол Улсын Засгийн газар Таван толгойн цахилгаан станцын төслийг дэмжихээс татгалзсан шийдвэр гаргасны дараагаар “Оюу толгой” ХХК уурхайн цогцолборын эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах гэрээний үүргээ мөрдөн ажиллахаа өнөөдөр дахин нотоллоо. Эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах урт хугацааны шийдлийг хэрэгжүүлэхийн тулд “Оюу толгой” ХХК нь Засгийн газартай 2014 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Таван толгойн цахилгаан станцын төслийн хэрэгжих боломжийг судалж, цахилгааны станцаас уурхайн цогцолбор хүртэлх 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугамын судалгааг хийж ирсэн билээ. Өнөөдөр Засгийн газрын зүгээс Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ (ӨБЭХСХАГ)-г цуцалсан нь дээрх төслийг Засгийн газар боломжит хувилбар хэмээн үзэхгүй байгаа гэж ойлгож байна. ӨБЭХСХАГ цуцлагдсанаар “Оюу толгой” ХХК дөрвөн жилийн дотор эрчим хүчний өөр хувилбарыг сонгон хэрэгжүүлэх ажил эхэлж буй бөгөөд энэ хүрээнд уурхайн талбайд цахилгаан станц барих хувилбарыг авч үзэх боломжтой. “Оюу толгой” ХХК нь эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн бүх үүргээ тууштай биелүүлэн ажиллах болно. “Оюу толгойн урт хугацааны хэрэгцээг хангах шийдлийг олж, Монгол дахь дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээ хангах гэрээний үүргээ биелүүлэх нь бидний хувьд нэн чухал. Бид эрчим хүчний хамгийн сайн хувилбарыг хэрэгжүүлэхийн тулд Монгол улсын Засгийн газар болон бүх оролцогч талуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно” гэжээ. Эрчим хүчний яамны дээрх мэдээллээс харвал Монгол Улсын Засгийн газар Таван толгойн цахилгаан станцыг барихаас татгалзсан зүйл үгүй юм байна. Тэгвэл өнгөрсөн хугацаанд барих эсвэл барихгүй гэсэн шийдвэрээ яагаад танилцуулаагүй вэ гэсэн асуулт гарна. Харин Засгийн газрын зүгээс Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцалсны дараа Оюу толгой хашаандаа станц барих санаа дэвшүүлсэн байна. Гэтэл өнөөдөр манай зүгээс Оюу толгойн дэргэдээ барих санал гаргасан цахилгаан станцын байршил өөрчлөгдсөн учраас байгаль орчны үнэлгээ дахиад хийнэ гэсэн юм яриад сууж байна. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр манай зүгээс иймэрхүү аар саархан асуудал тавьсаар өнөөг хүрсэн бололтой юм. Харин өнөөдөр Рио тинто гэрээнд зааснаар дотоодоос эрчим хүч авна гэдгээ ацаггүйгээр ойлгууллаа. Мэдээж манай Засгийн газрыг хараад бүтэхгүй. Тиймээс өөрсдөө станц барин. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн хэлснээр бол хөрөнгө оруулалтад манай Засгийн газар оролцохгүй. Хууль эрх зүйн орчинг л бүрдүүлж өгөх бололтой юм. Хэрэв сайд маань хэлсэндээ хүрч чадвал Таван толгойн цахилгаан станц 2023 онд ашиглалтад орно. Жаахан оройтсон ч энэ үйлдвэр төр, өмнөд бүс, Рио тинтод багагүй ашиг өгнө. Хэрэв бид усны асуудлыг шийдэж чадах технологи оруулж ирвэл Азийн эрчим хүчний супер сүлжээнээс ашиг олох боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өнөөдөр өмнөд хөрш маань нүүрсний хэрэглээгээ бууруулж байгаа. Тэд агаарын бохирдлын эсрэг “Парисийн COP 21” гэрээнд нэгдсэн. Энэ нь цаашид нүүрсний хэрэглээг бууруулах үүрэг хүлээсэн гэсэн үг аж. Монголчууд ирээдүйд хятадуудад коксжсон нүүрс зарах боломжтой гэсэн таамаг бий. Харин хятадуудын цахилгааны хэрэглээ жил тутам хоёр хувиар өсөх судалгаа бий. Энэ нь бидэнд нүүрсээ цахилгаанд хувиргаж, маш их хэмжээгээр зарах боломж үүсгэнэ гэж хэдэн жилийн өмнө нэгэн Японы эдийн засагч ярьж байсан. Асар өндөр өртгөөр төмөр зам барих нь ч сайн шийдвэр биш тухай оросууд ярьдаг. Өнөөдөр захын нэг хятад дуртай үедээ манай нүүрсний экспортыг зогсоодог болсон. Ойрын хугацаанд бидэнд дэвжих боломж нүүрсний цахилгаан станцууд. Магадгүй хотын утааг шийдэх гарц ч нүүрсний цахилгаан станц байж болно гэнэ. Харин сэргээгдэх эрчим хүч гэх өндөр үнэтэй хөрөнгө оруулалт хэрэгтэй юу гэсэн асуулт бий. Хэдийгээр хурдан баригдах боловч сэргээгдэх эрчим хүчээр том үйлдвэрүүдийг хангах боломж бага. Дээр цахилгааныг өндөр үнээр борлуулж байж зардлаа нөхнө. Өөрөөр хэлбэл банкны өндөр хүүтэй зээл үг аж. Харин өнөөг хүртэл өндөр ашигтай нүүрсний цахилгаан станц баригдаагүй нь жил бүр урагшаа урсдаг 200 сая долларт л байгаа болов уу.