"Ажилд авна".  Энэ хоёр үг зарын сонинд үй түмэн олон хуудсыг эзэлж байдаг. Гэвч ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж, ажлын байр олдоц муутай байна.

Учир юу гэхээр дээрх заруудад ихэвчлэн нас заасан байдагтай холбоотой аж. Мөн ажлын туршлагатай гэсэн шаардлагыг давах хүн ажил хайж буй иргэдэд тун цөөн. Учир нь тэдний дунд өмнө нь ажил хийж байгаагүй сургуулиа төгсөөд "хүүхдээ гэртээ харсан", ямар нэг хүндэтгэх шалтгааны улмаас хөдөлмөр эрхлэх жил нь тасарсан зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг гэнэ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэдийн тоо наймдугаар сарын эцэст 43.2 мянга болжээ. Үүний 23.4 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 30.4 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 2.5 мянган хүн буюу 7.5 хувиар, өмнөх сарынхаас 0.6 мянган хүн буюу 2.0 хувиар буурсан байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 55.1 хувь буюу 16.8 мянга нь эмэгтэйчүүд байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны наймдугаар сард ажилгүй 76.3 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 14.6 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 68.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 13.5 мян.хүн буюу 21.4 хувиар өсч, ажилд зуучлагдан орсон иргэд 2.8 мянган хүн буюу 16.0 хувиар буурчээ. Харин ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд өмнөх оны мөн үеийнхээс 12.9 мянган хүн буюу 23.3 хувиар өсчээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 46.5 хувийг бүрэн дунд, 29.2 хувийг дипломын дээд болон бакалаврын, 7.3 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.6 хувийг суурь, 6.2 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.2 хувийг бага, 1.0 хувийг магистр, доктор, 1.0 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 63.8 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд энэ үзүүлэлт Өмнөговь, Говь-Алтай, Говьсүмбэр, Төв, Орхон, Баянхонгор, Ховд, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Хэнтий, Баян-Өлгий, Завхан аймагт улсын дунджаас 0.2-15.9 пунктээр илүү байна хэмээн ҮСХ-ны судалгаанд тусгагдав.