Солонгос улсын кино урлагийн зах зээл багагүй өрсөлдөөнтэй байдаг хэдий ч нээлтээ хийж байгаа олон ангит кино бүр амжилт гарган үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байдаггүй билээ. Мэдээж бидний сайн мэдэх “Дэ Жан Гум“, “Амьдралын ээдрээ”, “Өвлийн хайрын дуу” гэх мэт шилдэг бүтээлүүдтэй дүйцэхүйц бүтээлүүд байнга гарахгүй хэдий ч сүүлийн үед Солонгосын кино урлагийн зах зээл улам л өрсөлдөөнтэй болсоор байгаа юм. 2018 оны сүүлээр дэлгэцнээ гарч байсан “Sky castle” хэмээх 20 ангитай олон ангит кино үзэгчдээс нэлээн өндөр буюу 24,3%-ын үнэлгээ авч байсан бол өнгөрөгч 3 сарын 27-ноос дэлгэцээр гарч эхэлсэн 16 ангитай “Хосуудын ертөнц” хэмээх бүтээлийн дөнгөж 12-р ангийнх нь үзэлт гэхэд 26,7%-ын үнэлгээ авч Солонгосын кино урлагийн түүхэнд байгаагүй өндөр үнэлгээ авч шуугиан тарьжээ. Тэгвэл уг киноны талаарх мэдээллийг онцлон хүргэж байна.

Уг бүтээл нь BBC телевизийн “Doctor Foster” хэмээх цувралын Солонгос хувилбар бөгөөд найруулгын хувьд тун төстэй хэдий ч ялгаатай хэсгүүд мөн байгаа аж. Англи хувилбар болох “Doctor Foster” цувралын хувьд 1,2 дугаар бүлэг хэдийн үзэгчдийн хүртээл болсон байна.  Солонгос хувилбарын хувьд илүү Солонгос улсын соёл, уур амьсгалыг шингээсэн бүтээл болсон бөгөөд эх бүтээлээ бодвол найруулгын хувьд нэлээн баяжуулсан аж.

Жүжигчдийн товч танилцуулга 

Өдгөө 44 настай жүжигчин Пак Хэ Жүн уг бүтээлийн эрэгтэй гол дүрийг бүтээсэн бөгөөд тус цуврал нь түүний тоглосон хамгийн өндөр үнэлгээтэй олон ангит кино ажээ.

Жүжигчин Хан Со Хы нь 1994 онд төрсөн бөгөөд кино урлагт хөл тавихаасаа өмнө сурталчилгааны модель хийж клипэнд тоглодог байжээ. Тэрээр 2017 онд SBS телевизийн “Reunited Worlds” хэмээх бүтээлд анхны дүрээ бүтээж байжээ.

1967 онд төрсөн жүжигчин Ким Хи Э нь өдгөө 53 настай бөгөөд 1983 онд анхны кинонд дүрээ бүтээж байсан аж.

Киноны товч танилцуулга

Эгэл жирийн амьдралдаа сэтгэл хангалуун байх Жи Сон Ү хэмээх бүсгүй нөхрийгөө өөр хүнтэй болсныг мэдсэнээр кино эхэлдэг ба түүнийг зөвхөн нөхөр нь биш түүний найз нөхөд, ажлын хамтрагч гээд бүгд хуурч байсныг удалгүй олж мэдсэнээр үйл явдал цааш өрнөдөг аж. Одоогоор тус киноны 12 дугаар анги дэлгэцнээ гарсан ба төгсгөлийн анги хэрхэн өрнөхийг хэдийн үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа юм.

WWW.MGLRADIO.COM