ТАНИЛЦ: Хориотой бодис хэрэглэж барилдах эрхээ хасуулсан бөхчүүд
18 цагийн өмнө

Монгол Улсын Допингийн эсрэг үндэсний байгууллагаас эрх хасах, эсхүл түр түдгэлзүүлэх шийтгэл нь хүчин төгөлдөр байгаа үндэсний бөхийн тамирчдын жагсаалтыг олон нийтэд танилцууллаа.
УИХ-аас 2024 онд баталсан Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан Допингийн эсрэг үндэсний дүрэм, мөн Үр дүнгийн удирдлагын олон улсын стандартын хүрээнд ийнхүү олон нийтэд мэдээлж буй аж.
Биеийн тамир, спортын тухай хуульд Допингийн эсрэг үндэсний байгууллага нь Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон үндэсний дүрмийг хэрэгжүүлэх, допингийн хяналтын хөтөлбөр зохион байгуулах, үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлж, шаардлагатай тохиолдолд шийтгэл ногдуулах чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу тамирчинд зохих мэдэгдэл хүргүүлсний дараа допингийн эсрэг дүрэм зөрчсөн, хориотой бодис, арга хэрэглэсэн, эсхүл түр түдгэлзүүлэх шийтгэл ногдуулсан талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх боломжтой юм.
Тус жагсаалтад багтсан, эрх хасах болон түр түдгэлзүүлэх шийтгэл нь хүчин төгөлдөр байгаа үндэсний бөхийн тамирчид бөхийн барилдаанд оролцох эрхгүй болохыг Допингийн эсрэг үндэсний байгууллагаас анхааруулав.
Тодруулбал, энэхүү жагсаалтыг 2026 оны долоодугаар сарын 6-ны өдрийн байдлаар гаргасан бөгөөд зөвхөн хүчин төгөлдөр шийдвэрээр эрх хасагдсан болон түр түдгэлзүүлсэн тамирчдыг хамруулжээ. Цаашид шийдвэр өөрчлөгдөх, хүчингүй болох, эсвэл шийтгэлийн хугацаа дууссан тохиолдолд мэдээллийг тухай бүр шинэчлэх юм байна.
Допингийн эсрэг үндэсний байгууллагаас одоогоор М.Бадарч 4 жил, М.Буяндэлгэр 2 жил, Г.Хишигбат 3 жил, Д.Отгонбаяр 3 жил, Д.Оргилох 1 жил 6 сар, А.Баяртогтох 3 жил, Г.Пүрэвбаатар 1 жил 6 сар, Б.Ганзолбоо 4 жил, Б.Хаш-Эрдэнэ 3 жил, Б.Буяндорж 3 жил, Б.Анандпүрэв 4 жил, У.Одбаяр 3 жил, Ц.Болдбаатар 3 жил, Д.Төрбаяр 3 жил, О.Амгаланбямба 1 жил 5 сар, С.Цогтсүмбэр 6 жил, Б.Сундуйжадамба 3 жил, Э.Гантөмөр 3 жил, Э.Мөнхтөр 1 жил, Б.Сүх-Эрдэнэ 1 жил 6 сар, Н.Баяржаргал 3 жилээр барилдах эрхийг нь хасжээ.








Бат · 17 цагийн өмнө
Бөх дутсан биш хориотой бодис хэрэглэсэн бол насаар нь барилдах эрхийг нь хас