“GS25” сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалж, алахыг завдсан этгээдийн шүүх хурал ирэх сарын 1-нд болно
2 цагийн өмнө

Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GS25” сүлжээ дэлгүүрийн ажилтныг ажлын байрандаа ажиллаж байх үед үл таних эрэгтэй хүн шалтгаангүйгээр хутгалж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сард бүртгэгдэж байв.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад иргэн Б нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ бусдын биед зэвсгийн чанартай зүйл ашиглан халдаж гэмтлийн хүнд зэрэгт хамаарах хохирол учруулсан нь тогтоогдсон аж.
Баянгол дүүргийн прокурорын газраас “GS25” сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалж, алахыг завдсан, мөн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх хэрэгт шүүгдэгч Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн дөрвөн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх уг хэргийн шүүх хуралдааныг 2026 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 13:30 цагт эхлүүлэхээр товложээ.
Шүүгдэгч Б.Б-ийн хэрэгт оногдуулсан зүйл анги:
- 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах”;
- 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”;
- 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Заналхийлэх”;
- 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.






