МӨНГӨН УСАНД ХҮҮХДҮҮД ХОРДСОН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ЦАЦАГДСАН. 

Тэгвэл эл үйл явдлын талаар албаны хүмүүсээс тодруулсан "БАЙР СУУРЬ"-ийг хүргэж байна. 

Энэ сарын 18-нд "Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 21-р худгаас авсан ундны уснаас мөнгөн ус илэрсэн" гэх дуудлага бүртгэгдсэн байдаг. Тодруулбал, тус хорооны хоёр айлын хоол хийх гэж байсан тогоотой усны ёроолд нь мөнгөн ус тунасан байжээ. Иймд цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ.

Эл дуудлагын дагуу ЦЕГ, Тагнуулын ерөнхий газар болон Онцгой байдлын газар хамтарсан шалгалт явуулж тухайн айлын савтай уснаас 5-8 гр мөнгөн ус ялган авчээ. Ингээд Гамшиг судлалын хүрээлэнгийн химийн лабораторид шинжилгээнд өгчээ. Шинжилгээний хариуны талаар холбогдох газраас тодруулахад, "Урьдчилсан байдлаар мөнгөн ус болох нь тогтоогдсон. Дахин нарийн шинжилгээг хийнэ" гэв.

Энэ асуудлаар Ус сувгийн удирдах газраас тодруулахад "Төвийн шугамд холбогдсон худгаас мөнгөн ус илрэх ямар ч боломжгүй. Тус 21-р худаг нь төвлөрсөн цэвэр усны шугамд холбогдсон тул олон давхар ус цэвэршүүлэх шүүлтүүрээр дамждаг. Хэрэв худгаас мөнгөн ус гарсан бол тухайн хорооны 1,000 орчим өрх хордох байсан. Одоогоор худгийг хаасан байгаа.

Урьдчилсан шинжилгээгээр тус хоёр айлаас авсан ус мөнгөн ус болох нь тогтоогдсон. Гэхдээ хаанаас, хэн ямар зорилгоор мөнгөн ус авчирсныг Тагнуулын байгууллага шалгаж тогтооно. Тухайн айлын усны картыг шалгахад хамгийн сүүлд Яармаг орчмын Ус түгээх цэгээс ус авсан байсан. Ямар шалтгаанаар "төвийн шугамд холбогдсон худгаас мөнгөн ус илэрсэн" гэснийг нь Тагнуул тогтооно"  хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 

Уг үйл явдлын талаар ТЕГ-аас тодруулахад "Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм. "Мөнгөн усанд хордож эмнэлэгт хүргэгдсэн" гэх нэг айлын гурван хүүхэд ЭХЭМҮТ-д эмчлүүлж буй. Тэдний биеийн байдлын талаар тодруулахад "Яаралтай шинжилгээ хийхэд мөнгөн усны бус, харин угаарын хийн хордлого байсан нь тогтоогдсон. Хордлогын эсрэг эмчилгээ хийсэн, биеийн байдал хэвийн байгаа”  гэх хариултыг өглөө.