Солонгосын алдарт охидын Kara хамтлагийн гишүүн дуучин, жүжигчин болох Хара өнгөрсөн оны 11-р сард амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Дуучин, жүжигчин Хара Солонгос болон Японы урлагийн зах зээлд тун алдартай нэгэн байсан бөгөөд хөрөнгийн хувьд чамлахааргүй их байсан аж.

Тэрээр нас бараад хэдийн нэг жил өнгөрсөн хэдий ч түүний талаарх мэдээллүүд Солонгосын хэвлэл мэдээллээр гарсаар байгаа юм. Учир нь дуучин Хараг 9 настай байхад нь ээж нь хаяж явсан бөгөөд ах болон аавтайгаа хамт өсжээ. Гэтэл алдарт дуучин амиа хорлосны дараа 20 жилийн турш сураггүй байсан ээж нь гэнэт гарч ирэн охиныхоо өв хөрөнгийн талыг залгамжилж авахаар шүүхэд хандсан байна. Солонгос улсын хуулийн дагуу нөхөр, хүүхэдгүй хүний хөрөнгийг төрсөн эцэг эхэд нь өвлүүлдэг байна. Ингээд тус хуулийн дагуу бага байхад нь хаяж явсан ээжид нь өв залгамжлах эрх үүсчээ. Харин алдарт дуучны ах хаяж явсан ээждээ нас барсан дүүгийнхээ хөрөнгийг өгөх хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Солонгос улсын засгийн газрын сайтад хүртэл тус хуульд өөрчлөлт оруулах хүсэлт тавьсан байна. Дуучны шүтэн бишрэгчдийн хувьд ч мөн хаяж явсан ээжид нь өв залгамжлах боломж олгож байгаа хуулийг өөрчлөх шаардлагатай хэмээж байгаа юм. Одоо хэрэгжиж байгаа хуулийн хувьд гэр бүлийнхнийхээ аминд хүрэх, гэрээслэл хуурамчаар үйлдэх зэрэг хэрэг хийсэн тохиолдолд өв залгамжлах эрхийг түдгэлзүүлдэг бөгөөд хүүхдээ хаяж явсан эцэг, эх дээрх хоёр заалтыг зөрчөөгүй бол бүрэн өв залгамжлах эрхтэй байдаг юм байна.

Солонгос мэдээ булан

WWW.MGLRADIO.COM