ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нас баралт 7 болов
9 цагийн өмнө
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний тархалт 11 мянга давж, нас баралт долоо болсон талаар мэдээллээ. Улсын хэмжээнд улаанбурхан өвчнөөр нийт 11,179 тохиолдол батлагдсанаас долоон хүн нас барсан байна. Эмчилгээ хийлгэж эдгэрсэн хүний тоо 9598 бол гэрийн ажиглалтад 964 хүн байна. Харин эмнэлэгт 610 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 36 нь хүнд, хоёр нь нэн хүнд байгаа гэдгийг мэдээлсэн юм
. Нийт өвчлөгчдийн дийлэнх нь буюу 4508 тохиолдол 10–14 насныхан байгаагаар бүртгэгдсэн бол дараа нь 0–4 насных 2218, 15–19 насны 1405 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь улаанбурхан өвчин хүүхдүүдийн дунд өндөр тархаж буйг харуулж байна. Мөн өнөөдрийн байдлаар нийт 75,657 хүн хавьталд орсон гэж бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тун вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.