Хуурамч баримтаар 2.5 тэрбум төгрөгийн урамшуулал авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
58 минутын өмнө

Прокурорын байгууллага 2026 оны аравдугаар сарын 12-16-ны өдрүүдэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,201 эрүүгийн хэрэгт хяналт тавьж, 342 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ГААЛИЙН БАЙЦААГЧИД 19.5 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ ӨГСӨН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ
Энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 1,476 гомдол, мэдээлэл бүртгэж, хэрэг бүртгэлтийн 770 хэрэг шинээр нээсэн байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд дэх гаалийн газарт бүрдүүлэлт хийлгэхдээ зөрчилгүй хяналт шалгалт хийлгэж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор гаалийн улсын байцаагчид 19.5 сая төгрөгийн хахууль өгсөн гэх Н.М-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Мөн “Ц...” ХХК-ийн албан тушаалтнууд холбогдох дүрэм, журмыг зөрчин компаниудад цементийг зээлээр олгож, бусдад давуу байдал бий болгосон, нүүрсний техникийн тодорхойлолтод төсөвт өртөг болон тээвэрлэлтийн хэмжээг үндэслэлгүйгээр өөрчилсөн гэх хэргүүдэд яллах дүгнэлт үйлдсэн байна.
ХҮНСНИЙ НОГООНЫ УРАМШУУЛАЛД ХУУРАМЧ БАРИМТААР ХАМРАГДСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг Л.А, Э.У нар 2024 оны наймдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд шар манжин худалдан борлуулсан мэтээр санхүүгийн анхан шатны баримт болох и-баримтыг хуурамчаар үүсгэж, ашигласан хэрэгт холбогджээ.
Улмаар хүнсний ногооны урамшуулалд хамрагдаж, Л.А нь 2 тэрбум 203 сая төгрөг, Э.У нь 354 сая төгрөгийг хууль бусаар авсан гэх хоёр хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Прокурорын байгууллагын мэдээлснээр, тухайн долоо хоногт шүүхэд шилжүүлсэн 342 хэргийн дотор хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 131, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 84, өмчлөх эрхийн эсрэг 81 хэрэг багтжээ.
Мөн хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 17, хүрээлэн буй орчны эсрэг болон хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр долоо, авлигын эсрэг таван хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.







