Б.Мөнхтамир: АИ-92 автобензиний үлдэгдэл 22,000 тонн буюу 10 хоногийн хэрэглээ байна
50 минутын өмнө

Шатахууны нөөц болон газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотой цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир дараах байдлаар мэдээллээ.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар
- АИ-92 автобензиний үлдэгдэл 22,000 тонн буюу 10 хоногийн хэрэглээ,
- Дизель түлш 108,000 тонн буюу 27 хоногийн хэрэглээ,
- АИ-95 бензиний хувьд 2,079 тонн 17 хоногийн хэрэглээ,
- Онгоцны түлш 7,081 тонн буюу 34 хоногийн хэрэглээтэй байна.
Үндсэндээ Орос, Хятад болон гуравдагч улсаас авч байгаа шатахууны нийт хэмжээ 78,000 тонн байгаа бөгөөд эдгээрээс 38,000 тонн нь өнөөдрийн байдлаар орж ирснийг хэллээ.
Түүнчлэн ойрын хугацаанд Хятад, Солонгос улсаас АИ-92 автобензинийг оруулж ирэх хэлцлүүдийг хийж байна. Энэ сарын сүүлээр Солонгосын талтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах ажил үргэлжилж байгааг нэмж мэдээлэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир "Шатахууны оочер дараалал үүсэж, газрын тосны бүтээгдэхүүнийг дамлан зарахтай холбоотой цагдаагийн байгууллагад үүсэж байгаа зөрчил, гэмт хэргийн мэдээллийг товч танилцуулъя.
Өнгөрсөн хугацаанд Цагдаагийн Ерөнхий Газарт 786 дуудлага мэдээлэл ирснээс давхардсан тоогоор 72, урьдчилан сэргийлж таслан зогсоосон 159 мэдээлэл байсан байна.
Үүнээс шатахуунтай холбоотой хэрүүл маргааны 431, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээхтэй холбоотой 33, бусдын эрүүл мэндийн эсрэг 36, шатахууныг шаглаж зарсан 23 тохиолдол гарчээ. ЦЕГ-аас тухай бүрд нь зөрчлийн хэрэг нээн шалгаж, ялангуяа газрын тосны бүтээгдэхүүнийг дамлаж зарах үйлдэлтэй холбоотой зөрчилд иргэдийн гомдол мэдээлэлд үндэслэсэн арга хэмжээ авч ажиллаж байна" гэдгийг хэллээ.







Зочин · 16 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh