Н.Энхбаяр: Тэнгэр, газар нийлсэн хот
16 минутын өмнө
ХАРХОРУМ - 2050
-Монголын Их эзэнт гүрний нийслэлийг хамгаалах, сэргээн байгуулах, шинээр бүтээх нь: Нотолгоонд суурилсан хөтөлбөр-

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, Хархорум хотын Зөвлөлийн дарга Н.Энхбаяр 11 дүгээр сарын 5-нд Австралийн Үндэсний Их сургуулийн урилгаар Хархорум хотын сэргээн байгуулалтын тухай илтгэл тавьсныг дор бүрэн эхээр нь нийтэлж байна.
1. Оршил: Газар доор оршиж буй нийслэл
1254 оны 4 дүгээр сарын эхээр Францискан лам Рубрук Монголын Их эзэнт гүрний нийслэл Хархорумд хүрэлцэн иржээ. Хотын хэмжээ түүнийг төдийлөн гайхшруулсангүй; хааны ордныг эс тооцвол хот Парисын захын Сен-Дени тосгоноос ч жижиг хэмээн тэрээр дүгнэжээ. Гэвч түүний цааш өгүүлсэн зүйл гайхалтай. Хотод янз бүрийн ард түмний шүтээний арван хоёр сүм, хоёр лалын сүм, нэг Христийн сүм байжээ. Лалын шашинт худалдаачдын, хятад гар урчуудын тус тусын хороолол байсан бөгөөд дөрвөн хаалга бүр өөр өөрийн захтай байжээ: тариа будааны, хонь ямааны, үхэр тэрэгний, адууны захууд.[1]
Хархорум хэмжээгээрээ жижиг ч нөлөөгөөрөө асар их байв. Европ, лалын ертөнц, хятадаас ирсэн элч, лам нар, худалдаачид, гар урчууд энд уулзаж, мэтгэлцэж, худалдаа хийдэг байлаа. Хэдэн арван жилийн турш энэ хот тухайн үед мэдэгдэж байсан ертөнц нэгэн дор цуглардаг цөөн газрын нэг байв.
Тэр хот одоо ихэнхдээ газар доор, Дэлхийн өвийн дурсгалт газарт оршдог. Түүний чулууны нэлээд хэсгийг 1585 онд Монголын өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн хамгийн эртний буддын хийд болох Эрдэнэ Зууг барихад дахин ашигласан.[2]
Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 онд зарлиг гаргасан, УИХ 2023 онд Орхоны хөндийд хот байгуулах тогтоол гаргасан; түүнчлэн 2025 оны 1 дүгээр сард Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай тухай хууль баталсан; Засгийн газар 2026 оны 4 дүгээр сард шинэчилсэн хөгжлийн үзэл баримтлал, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, Хархорум хотын зөвлөлийг байгуулсан.[3]
Ийнхүү Монгол Улс Хархорумыг дахин сэргээн босгохоор шийдвэрлэсэн юм.
Энэ шийдвэр хүнд асуултыг дагуулж байна. Хүндэтгэн дээдлэх зүйлээ сүйтгэлгүйгээр Их эзэнт гүрний нийслэлийг хэрхэн сэргээн босгох вэ?
Энэхүү өгүүлэл үүнд гурван зарчмаар хариулна.
Нэгдүгээрт, чулуугаар барихаасаа өмнө нотлох: өнгөрсний тухай аливаа баримтлал нотолгооны зэрэглэлтэй байх бөгөөд юу барьж болохыг тэр зэрэглэл шийднэ.
Хоёрдугаарт, эх дурсгалыг хамгаалж, өөр газар бүтээх: туурь байрандаа хөндөгдөлгүй үлдэж, шинэ хот чөлөөтэй өөр газарт босно.
Гуравдугаарт, барихаасаа өмнө загварчил: зураг төсөл бүрийг бетонд цутгахаас өмнө дижитал ихэрт туршина.
Эдгээр гурвыг санхүүжүүлэх дөрөв дэх нөхцөл бол хувийн хөрөнгө оруулагчид итгэх эрх зүйн горим юм.
Өгүүллийн бүтэц дараах байдалтай байна. Үүнийг тодруулбал:
-2-р бүлэгт нотолгоог зэрэглэх аргачлалыг,
-3-р бүлэгт зураг төслийг чиглүүлэх үзэл баримтлалыг танилцуулна.
-4, 5-р бүлэгт хоёр, гурав дахь зарчмын хэрэгжилтийг тус тус авч үзнэ.
-6-р бүлэгт хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг, өсөлтийн босгыг,
-7-р бүлэгт тэдгээрийг хязгаарлах ус, эрчим хүч, ландшафтын нөхцөлийг тодорхойлно.
-8-р бүлэгт Чартер хотын горимыг бүс нутгийн жишиг бүсүүдтэй харьцуулан танилцуулна;
-9-р бүлэгт зардал, үе шат;
-10-р бүлэгт засаглал;
-11-р бүлэгт гол эрсдэлийг авч үзнэ.
-12-р бүлэгт дүгнэлт хийнэ.
2. Түүхэн өгүүлэмжээс өмнө нотолгоо
Мянга гаруй жилийн турш Орхоны хөндий нүүдэлчдийн улсуудын төрийн төв байлаа. Хүннү, Түрэг, Уйгур, Монголын эзэд бие биеэсээ хэдхэн өдрийн морин замын зайд орд харшаа барьж байв.
Ийм урт түүх домог үүсгэдэг, харин домог барилгачдыг татдаг. Тиймээс энэхүү хөтөлбөр шинжлэх ухаанаас авсан нэгэн дэг журмаас эхэлнэ: өнгөрсний тухай хөтөлбөрийн дэвшүүлэх аливаа баримтлал дараах дөрвөн зэрэглэлийн аль нэгийг авна.
А зэрэглэл нь бие даасан бичгийн эх сурвалж ба биет нотолгоо бие биеэ баталдаг тохиолдолд олгогдоно; Орхоны бичээсүүд, Гүюг хааны 1246 оны захидал үүний жишээ юм.
Б зэрэглэл нь найдвартай боловч хожуу үеийн, ганц, эсхүл биет баталгаагүй бичгийн эх сурвалжид олгогдоно; жишээ нь, нийслэл байгуулсан тухай ”Юань ши”-гийн мэдээ.
В зэрэглэл нь шууд бус нотолгоо, тухайлбал хэсэгчилсэн малтлага, эсхүл ижил төстэй дурсгалтай зүйрлэсэн дүгнэлтийг хамарна; хэрэм доторх барилгын хэлбэрүүдийн ихэнх нь энэ зэрэглэлд хамаарна.
Г зэрэглэл нь орчин үеийн тайлбар буюу бэлгэдлийн нэгтгэлийг илэрхийлнэ; хөтөлбөрийн гол санаа болох “Тэнгэр, Газар Нийлсэн Хот” үүнд багтана.
Зэрэглэл хэрхэн үйлчлэхийг доорх гурван жишээ харуулна.
Күлтегин (732), Билгэ хаан (735)-ы эртний түрэг бичээсүүд Орхоны хөндийд одоо ч сүндэрлэн зогсож байгаа бөгөөд энэхүү бичээст төр улсаа байгуулан барих газар нь Өтүкэн хэмээн заасан байдаг; энэ бол А зэрэглэл.[4]
“Юань ши”-д Чингис хаан 1220 онд энд нийслэлээ барихаар тогтоосон, Өгөдэй хаан 1235 онд хотыг хэрэмлэж, Ваньань (Түмэн амгалант) ордноо барьсан гэж тэмдэглэжээ. “Юань ши”-г зуу гаруй жилийн дараа буюу 1369–1370 онд эмхэтгэсэн тул эдгээр мэдээ Б зэрэглэлтэй.[5]
Гүюг хааны 1246 онд Ромын Пап IV Иннокентийд илгээсэн захидал Ватиканд хадгалагдаж байгаа бөгөөд “Мөнх тэнгэрийн хүчинд” хэмээсэн тамгатай; энэ бол А зэрэглэл.[6]
Харин одоо болтол эцэслэн тогтоогдоогүй байгаа хэсэг нь Түмэн амгалант ордон юм. 1948–1949 онд Зөвлөлтийн археологич С.В.Киселев баганат томоохон танхим малтан илрүүлж, түүнийг Өгөдэй хааны ордон хэмээн тодорхойлсон. Хожим Монгол-Германы экспедицийн хамтарсан малтлагаар уг барилга буддын сүм байсан байх магадлал өндөр болох нь тогтоогдсон бөгөөд ордон өөрөө одоог хүртэл олдоогүй байна.[7] Өөрөөр хэлбэл, аливаа сэргээн босголтын хамгийн чухал хэсэг болох Их хаадын ордон байрлалын хувьд эцэслэн тогтоогдоогүй байна. Хөтөлбөр үүнийг олон нийтэд ил тод хэлж, зураг төслөө үүнд нийцүүлнэ.
Түүнчлэн геофизикийн зураглалаар хот гол замуудын дагуу хэрмээсээ гурван километрээс илүү зайд үргэлжилж байсан нь тогтоогдсон.[8]
Зэрэглэл бол өнгөрсөнд өгөх үнэлгээ биш, харин ирээдүйн өмнө хүлээх үүрэг юм. Зэрэглэлийг бие даасан шинжлэх ухааны зөвлөл тогтоож, нийтэлнэ. Шинэ нотолгоо гарвал зэрэглэл дээшилж болох бөгөөд нотолгоо няцаагдвал буурна. Ямар ч сайд, хөрөнгө оруулагч, дарга, тэр дундаа энэхүү өгүүллийн зохиогч зэрэглэлийг өөрийн дангаар гаргасан тушаал шийдвэрээр дээшлүүлэх, эсхүл доошлуулах эрхийг тусгайлан эдлэхгүй.
3. Үзэл баримтлал: Тэнгэр, Газар Нийлсэн Хот
Хөтөлбөрийн нэр Монгол сэтгэлгээний хамгийн эртний хоёр ойлголт болох “Мөнх хөх тэнгэр”, “Этүгэн эх”-ээс эх сурвалжтай. Энэ хэллэг өөрөө орчин үеийн нэгтгэл тул хөтөлбөрийн өөрийн дүрмээр Г зэрэглэлтэй бөгөөд түүхэн баримт бус учир түүнийг зураг төслийн баримтлах зарчим болгон ашиглана.
Энэ нь гурван хос ойлголтыг холбоно.
Нэгдүгээр хос нь хот ба ландшафт: хот хөндийтэйгөө зохицож, гол мөрөн, бэлчээр, тэнгэрийн хаяаг хүндэтгэнэ.
Хоёрдугаар хос нь өнгөрсөн ба ирээдүй: хамгаалагдсан туурийн дэргэд тухайн цаг үеийн хамгийн шилдэг технологиор төлөвлөсөн хот оршино.
Гуравдугаар хос нь Монгол ба дэлхий: Хархорум бүх зүг чигийн хүн, санаа, худалдаа, хөрөнгөд нээлттэй байна.
Хөтөлбөрийн бэлгэ тэмдэг нь Парисын уран дархан Гийом Бушегийн Мөнх хаанд зориулан урласан Мөнгөн мод юм. Ганц их биеэс нь зочдод зориулан дарс, тунгаасан айраг, зөгийн балны ундаа, цагаан будааны дарс гэсэн дөрвөн ундаа урсдаг байжээ.[9] Хөтөлбөрийн хувьд энэ дүр төрх маш оновчтой: олон ард түмэн нэг үндэснээс идээ будаагаа хүртэж, нэг дүрмийн дор үйлчлүүлнэ гэсэн үг.
Мөн энэ үзэл санааны хүрээнд Pax Mongolica буюу Монголын энх тайван бол байлдан дагуулал бус, харин олон янз байдлыг удирдах туршлага хэмээн авч үзнэ. Тодорхой хугацаанд өргөн уудам нутаг дэвсгэрт худалдааны зам нээлттэй, аливаа шашин шүтлэгт хүлцэнгүй ханддаг, худалдаачид замдаа аюул заналтай учралгүй явдаг байсан байна. Хархорумын дахин олж авахыг зорих нэр хүнд нь энэ: өөр өөр хүмүүс тодорхой, тогтвортой, итгэл төрүүлсэн дүрмийн дор амьдарч, ажиллаж, хөрөнгө оруулдаг газар байх.
4. Эх дурсгалыг хамгаалж, өөр газар бүтээх
4.1 Заавал биелүүлэх хоёр үүрэг
Орхоны хөндийн соёлын дурсгалт газар нутаг 2004 оноос хойш Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлтэй. Түүнчлэн ЮНЕСКО 2024 оны 12 дугаар сард “Монгол нүүдэлчдийн нүүдэл, түүнтэй холбоотой зан үйл”-ийг Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн.[10] Хөтөлбөр эдгээр хоёр үүргийг хоёуланг нь хүлээнэ: туурь, түүнийг хүрээлсэн амьд малчин соёл хоёулаа түүний анхаарлын төвд байна.
4.2 Варшаваас юу сурч болох, юу сурч болохгүй вэ
Түүхэн хотыг сэргээн босгохыг дэмжигчид ихэвчлэн Польшийн Варшавыг жишээ болгодог.
Варшавын түүхэн төвийн 85 гаруй хувь 1944 онд сүйрсэн; хэмжилтийн зураг, гэрэл зураг, XVIII зууны зураач Бернардо Беллоттогийн хотын дүрслэл зэрэгт тулгуурлан энэхүү түүхэн хотыг сэргээн босгож, 1980 онд Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн.[11] Варшавын сэргээн байгуулалт бидэнд сэтгэлийн хүч өгч, зорилго зөв болохыг нотолно: үндэстэн зорих юм бол үүр түүх, ой дурсамжаа сэргээж чадна. Гэвч түүний аргыг зарчмын хувьд авах нь зөв боловч Варшавт байсантай адил баримтууд Хархорумд байхгүйг тооцох хэрэгтэй. Хархорумын гудамжийг хэн ч хэмжээгүй, барилгын нүүр талыг нь хэн ч зураагүй. ЮНЕСКО сэргээн босголтыг зөвхөн бүрэн, нарийвчилсан баримтжуулалтад үндэслэсэн, ямар ч таамаглалгүй тохиолдолд хүлээн зөвшөөрдөг.[12]
4.3 Хоёр талбай
Ийм учир хөтөлбөр хоёр талбайг ялгаж сэргээн байгуулалтыг хэрэгжүүлнэ.
Эртний хот байгаа газартаа хамгаалагдана: түүнийг судалж, шаардлагатай газарт нь халхавчаар хамгаалж, ил задгай музей болгон жуулчдад үзүүлнэ.
Түүхэн хот буюу дөрвөн хаалгатай, 15,000 хүртэлх оршин суугчтай хэрэмт хотыг Дэлхийн өвийн дурсгалт газар болон түүний хамгаалалтын бүсийн гадна, археологийн хувьд чөлөөтэй газарт барина. Түүнийг эх хот өөрөө бус, эх хотын хамгийн ойрын хуулбар хот хэмээн шударгаар танилцуулна.
4.4 Нотолгооны зэрэглэлээр юуг зөвшөөрөх вэ
Шинэ талбайд юуг барьж болохыг нотолгооны зэрэглэл тодорхойлно. А зэрэглэлийн объектыг өвийн зөвшөөрөлтэйгээр бүрэн буюу хэсэгчлэн биетээр сэргээн босгож болно. Б зэрэглэлийн объектыг тодорхой тэмдэглэгээтэй, буцаах боломжтой нөхцөлд биетээр сэргээн босгоно. В зэрэглэлийн объектыг эхлээд дижитал буюу нэмэлт бодит байдлын (AR) сэргээлтээр танилцуулж, дараа нь, шаардлагатай бол тэмдэглэгээтэй биет хэлбэрээр бүтээнэ. Г зэрэглэлийн объектыг «тайлбарласан дизайн» гэж тэмдэглэх бөгөөд хэзээ ч жинхэнэ эх гэж танилцуулахгүй.
Бүх тохиолдолд эх, сэргээсэн, шинэ объектыг газар дээр ч, дижитал загварт ч олон нийтэд ялгаатай харуулна.
4.5 Журам ба нийгмийн гэрээ
Журам зарчимтай адил чухал билээ. Эргэлт буцалтгүй аливаа алхам хийхээс өмнө ЮНЕСКО-д мэдэгдэж, Өвд нөлөөлөх байдлын үнэлгээг хүргүүлнэ. Шинэ талбайг сонгох нь хүртэл сорилт юм: газрыг “чөлөөтэй” гэж зарлахаас өмнө судалгаа хийсэн байх ёстой.
Гэвч хөтөлбөрийн анхны үр дүн бол барилга бус, Хархорин сумын 15,000 орчим оршин суугчтай байгуулах нийгмийн гэрээ юм.[13] Улирлын нүүдлийн зам нь төлөвлөсөн нутгаар дайран өнгөрдөг малчид энэ гэрээний оролцогч байна, учир нь тэдний нүүдэл өөрөө дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өв юм. Нутгийн залуучууд нэн тэргүүнд гэсэн зарчмыг баримтална: одооноос эхлэх үнэ төлбөргүй сургалтын хөтөлбөр тэднийг өвийн хамгаалал, барилга, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, үрийн төв, тээвэр, эрчим хүчний салбарт ажиллахад бэлтгэж, мэргэжил олгож, төгсөхөд нь ажлын байраар хангана.
5. Барихаасаа өмнө загварчлах
Хөтөлбөр 2027–2029 онд дижитал ихрийг гурван түвшинд бүтээнэ:
-Өвийн дурсгалт газар,
-50 километрийн радиустай бүс нутаг,
-Ирээдүйн хот.
Дижитал ихэр гэдэг нь археологийн судалгаа, уур амьсгал болон усны мэдээлэл, дэд бүтцийн төлөвлөгөө, хүмүүсийн хөдөлгөөний хэв маягийг нэгтгэсэн, байнга шинэчлэгддэг компьютерын загвар юм. Түүний логик энгийн: загвар дахь алдаа бараг зардалгүйгээр засагдана, харин бетон дахь алдаа хэдэн үеийн турш засагдалгүй үлдэнэ.
Аливаа зураг төсөл батлагдахаас өмнө нийтэд зарласан “стресс тест”-ийг давах ёстой. Тестүүд эрсдэлийн дараах бүлгийг хамарна:
Уур амьсгалын тест нь хэт хүйтэн, халуун давлагаа, ган, зудыг, харин аюулын тест нь үер, газар хөдлөлт, галыг хамарна. Гал бол таамаг бус: 2019 онд Японы Окинавагийн Шюри цайзын модоор сэргээн босгосон танхимууд шатаж устсан нь галын аюул бодитой байдгийг харуулсан.[14]
Өвийн тест нь Эрдэнэ Зуу болон туурь орчмын харагдах байдал, малтлагын суваг бүрийн археологийн эмзэг байдлыг хамарна.
Хүмүүстэй холбоотой тест нь өвлийн агаарын чанар, Наадмын өдрүүдийн үеийн хүн ам, хүртээмж, яаралтай нүүлгэн шилжүүлэлтийг хамарна.
Эцэст нь системийн тест нь ус, эрчим хүч, тээвэр, кибер дэд бүтцийн доголдлыг хамарна.
Тестийн мөчлөг бүр Зөвлөлийн тэмдэглэлтэй шийдвэрээр өндөрлөж, бүх шалгуур, үр дүнг нийтэлнэ. Хөтөлбөр хэзээ ч “дижитал ихэр нотолсон” гэж мэдэгдэхгүй; зөвхөн “зураг төсөл нийтэд зарласан шалгуур болон бие даасан хяналтыг амжилттай давсан” гэж хэлнэ. Хэллэгийн энэ ялгаа бол хариуцлагын ялгаа юм.
Барилга эхэлснээр дижитал ихрийн ажил дуусахгүй. Хот амьдарч эхэлмэгц ижил загвар зам хөдөлгөөн, дулаан, ус, өвийн хяналтыг удирдахад тусална. Энэ нь хотын үйлдлийн системийн цөм, Дижитал ихэр ба хиймэл оюуны төвийн үндсэн ажил болно.
6. Босгоор өсөх таван бүрэлдэхүүн
6.1 Бүрэлдэхүүн хэсгүүд
Хөтөлбөр таван бүрэлдэхүүн хэсэгтэй.
Эртний хот нь хамгаалагдсан туурь, ил задгай музей юм.
Түүхэн хот нь шинэ газарт баригдах, 15,000 хүртэлх оршин суугчтай хэрэмт хот бөгөөд УИХ шийдвэрлэвэл үндэсний хэмжээний байгууллагуудыг байршуулах боломжтой.
Орчин үеийн Хархорум нь авсаархан, хүн төвтэй, ухаалаг, эко хот байна.
Их хаадын үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Монголын ургамлын, хожим нь бүс нутгийн ургамлын үрийг цуглуулж хадгалах Үрийн төв-ийг багтаасан ландшафтын цэцэрлэгт хүрээлэн юм.
Дижитал ихэр ба хиймэл оюуны төв нь загвар, өгөгдөл, тэдгээрийг ажиллуулах хүмүүсийг нэгтгэнэ.
6.2 Нутаг дэвсгэр ба нягтрал
Хархорумд зориулан нөөцөлсөн нутаг дэвсгэр нь Архангай аймгийн Өгий нуур, Хашаат сум, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутгийн хэсгээс оруулсан 189,363 гектар талбайг хамарна.[15] 500,000 хүн амтай болсон ч нэг гектарт ердөө 2.6 орчим оршин суугч ногдоно. Энэ нутаг дэвсгэр бол тэр аяараа барилга байшин барьсан талбай бус, харин нөөц газар юм. Хөтөлбөр нийтийн тээврийн шугамын дагуу авсаархан төвүүд барьж, газрын дийлэнхийг бэлчээр, цэцэрлэгт хүрээлэн, хамгаалалттай ландшафт хэвээр үлдээнэ. Мьянмарын Нейпьидо, Арабын Нэгдсэн Эмират Улсын Масдар хот дэд бүтэц хүн амаасаа түрүүлбэл юу болдгийг харуулсан: өргөн хоосон зам, хоосон барилгууд.
6.3 Өсөлтийн босго
Тийм учир хүн ам тушаал шийдвэрээр бус, босгоор өснө. Дараагийн шат бүр ус, ажлын байр, дэд бүтэц, институц гэсэн дөрвөн нөхцөл батлагдсаны дараа л нээгдэнэ.
Эхний шат буюу “анхны хот” 2036 он орчимд 30,000 орчим оршин суугчтай болохыг зорино; түүнээс цааш өсөхийн тулд усны тогтвортой балансыг нотолсон, анхны ажил олгогчид үйл ажиллагаа явуулж буй, үндсэн инженерийн дэд бүтэц баригдсан байх шаардлагатай.
Хоёр дахь шат буюу 200,000 оршин суугчийн анхны зорилтыг 2045 онд тавьж байна; түүнээс цааш өсөхийн тулд төмөр зам, эрчим хүчний холболт ашиглалтад орсон, сонгогдсон хотын байгууллагууд ажиллаж буй байх шаардлагатай.
2050-аад онд 500,000 хүртэлх оршин суугчтай болох урт хугацааны зорилт нь эхний хоёр шатны бие даасан үнэлгээ хийгдэж, ус болон газар ашиглалт тогтвортой гэдэг нь батлагдсан байхыг шаардана. Эдгээр бүх он амлалт бус, зорилтот он юм.
6.4 Улсын Их Хурлын байршил
Улсын Их Хурал Хархорумд шилжин нүүх тухай асуудалд онцгой анхаарал тавих шаардлагатай. Үндсэн хуульд нийслэлийг Улаанбаатар хот гэж заасан тул Улсын Их Хурлын нүүлгэн шилжүүлэхэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байж магадгүй. Иймд Улсын Их Хурал Хархорум хот руу 2036 онд шилжин нүүнэ гэсэн зорилт бол амлалт бус, зорилтот хувилбар юм.
Австралийн жишээ иймэрхүү асуудал шийдвэрлэгдэх бодит хурд ямар байж магадгүйг харуулна: тус улсын Парламент 1908 онд Канберра орчмын нутгийг сонгож, 19 жилийн дараа буюу 1927 онд тэнд анх хуралдсан.[16]
7. Ус, эрчим хүч, ландшафт
Орхон гол бол уг хөндийн амин судас тул ус хамгийн сүүлийн бус, харин хамгийн эхний босго юм. Өсөлтийн шат бүрийн өмнө бие даасан гидрологийн судалгаагаар усны тогтвортой балансыг нотлох ёстой. Судалгаа голын урсац, гүний усны тэжээгдэл, доод урсгалын малчид, тариаланчдын хэрэгцээ, дулаарч, хуурайшиж буй уур амьсгалын нөлөөг тооцсон байна. Бохир усыг цэвэршүүлж дахин ашиглах бөгөөд аль ч шатанд гүний усны нөөцийг шавхахгүй.
Эрчим хүч ч мөн адил дэг журмыг баримтална. Ихэнх сумын төвийн нэгэн адил өнөөдөр Хархорины дулаан голчлон нүүрсний эх үүсвэртэй байгаа. Шинэ хот Улаанбаатарын өвлийн утааг авчрах ёсгүй. Хот хүйтэн уур амьсгалд зориулсан өндөр үзүүлэлттэй барилга, бага ялгаруулалттай төвлөрсөн дулаан хангамж, сэргээгдэх эрчим хүчний өсөн нэмэгдэх хувь бүхий байдлаар баригдана. Эрчим хүчний хувилбар бүрийг сонгохоос өмнө дижитал ихэрт өвлийн оргил ачаалал, агаарын чанарын шалгуураар туршина.
Эцэст нь ландшафт буюу байгаль орчин өөрөө өвийн нэг хэсэг юм. Бэлчээр, нүүдлийн замыг дижитал ихэрт зураглаж, бүтээн байгуулалтыг тэдгээрээс зайлуулна. Их хаадын үндэсний цэцэрлэгт хүрээлэн голын эрэг, бэлчээрийг нөхөн сэргээж, Үрийн төвийн амьд лаборатори болно. Малчид хотоос болж дайжин нүүх бус, харин бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ шинэ зах зээлээр дамжуулан хотоос ашиг хүртэх ёстой.
8. Чартер хот: эрх зүйн үндэс ба хөрөнгө оруулагчдад санал болгох нөхцөл
8.1 Тусгай статусаас хөрөнгө оруулалтын горим руу
2025 оны Хархорумын тухай хууль хотод төлөвлөлтийн тусгай статус, хөгжлийн сан, импортын барилгын материалын НӨАТ-ыг хойшлуулах боломжийг олгосон.[17] Гэхдээ энэ бол хөрөнгө оруулалтын горим болж чадахгүй дутагдалтай зохицуулалт юм. Хөтөлбөр нийт хөрөнгө оруулалтын дор хаяж 55 хувийг хувийн эх үүсвэрээс бүрдүүлэх шаардлагатай бөгөөд энэ түвшинд хүрэхэд Чартер хот хэрэгтэй, тодруулбал өөрийн дүрэм (чартер)-тэй, бүрэн эрх бүхий удирдах байгууллагатай, үндэсний бүрэн эрхт байдлын хүрээнд үйл ажиллагаагаа бие даан явуулдаг тодорхой нутаг дэвсгэр юм.[18]
8.2 Бүс нутгийн жишиг
Бүс нутгийн өрсөлдөгчид өндөр жишгийг тогтоож байна. Казахстаны Астана хотын олон улсын санхүүгийн төв 2015 онд Казахстаны Үндсэн хуулийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд тулгуурладаг; Түүнчлэн Английн нийтлэг эрх зүй (Common law)-г хэрэглэж, өөрийн шүүх, арбитрын төвтэй, санхүүгийн үйлчилгээг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон НӨАТ-аас, гадаад ажилтнуудыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлж, эдгээр нөхцөлийг 2066 оны 1 дүгээр сарын 1 хүртэл баталгаажуулсан байдаг.[19] Казахстан 2026 оны 5 дугаар сард энэхүү амжилттай болсон нь батлагдсан зохицуулалтыг цааш нь дэлгэрүүлж, шинэ Алатау хотод тусгай эрх зүйн горим тогтоосон бөгөөд энэ зохицуулалтаа Үндсэн хуульдаа нэмж оруулсан. Уг хууль 30 хүртэлх жилийн татварын хөнгөлөлт, Англи, Уэльсийн эрх зүйд үндэслэсэн зохицуулалт тогтоох боломжийг олгодог бөгөөд 2026 оны 3 дугаар сард бүх нийтийн санал асуулгаар батлагдсан Казахстаны шинэ Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон 2026 оны 7 дугаар сарын 1-нээс үйлчилж эхэлсэн.[20]
Хятад Улс 2026 оны 4 дүгээр сард Өвөр Монголын туршилтын чөлөөт худалдааны бүсийг нээсэн бөгөөд түүний нийт 120 хавтгай дөрвөлжин километрийн 76 нь Хөх хотод хамаардаг. Энэ бүс БНХАУ-ын хууль, шүүхийн хүрээнд ажилладаг, худалдаа, боловсруулалт, ложистикт чиглэсэн, баталгаат гаалийн горимтой, онооны системээр ажлын зөвшөөрөл олгодог юм. Үүнээс тусдаа, баруун Хятадын дэмжигдсэн салбарын аж ахуйн нэгжүүд 2030 он хүртэл аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг стандарт 25 хувийн оронд багасган 15 хувиар төлдөг.[21]
Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчон нь 2003 онд чөлөөт эдийн засгийн бүсээр тогтоогдож олон салбарыг дэмжин хөгжүүлэх зорилготой шинэ хот болсон бөгөөд Солонгосын хууль, шүүхийн хүрээнд ажилладаг; эд хөрөнгө олж авсны татвараас 15 жил, үл хөдлөх хөрөнгийн татвараас 10 жил бүрэн, дараагийн 3 жил хагас чөлөөлөгдөж, гадаадын сургууль байгуулах, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлдэг билээ.[22]
8.3 Хархорумын санал болгох нөхцөл
Эдгээр хот, бүс нутагтай өрсөлдөж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татахын тулд Хархорум
-тэг татвар,
-тодорхой бөгөөд тогтвортой байдал,
-хамрах хүрээ,
-хурд гэсэн дөрвөн зүйлээр давуу байх ёстой.
Санал болгох нөхцөл зургаан онцлогтой байх болно:
Татвар: дэлхийн хамгийн бага татварын босгоос доогуур буюу экспортлогч аж ахуйн нэгжүүдэд 10-15 жилийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 0 хувь; үндэстэн дамнасан томоохон группүүдэд олон улсын дүрэмд нийцсэн татварын кредит олгох.
Тодорхой байдал: тогтворжуулалтын гэрээгээр 2050 он хүртэл эрх зүйн тогтвортой байдлыг баталгаажуулах.
Хүн: 10-15 жилийн хугацаанд оршин суух зөвшөөрлийг шуурхай олгох, гадаадын мэргэжилтнүүдэд орлогын албан татварын хөнгөлөлт, англи хэл дээрх төрийн үйлчилгээ үзүүлэх.
Газар: барьцаалж санхүүжилт татах боломжтой, урт хугацааны газрын эрх олгох.
Инноваци: хиймэл оюун, өгөгдөл, Үрийн шинжлэх ухааны зохицуулалтын туршилтын орчин (sandbox) бүрдүүлэх.
Хурд: Улсын Их Хуралд тайлагнадаг боловч сонгуулийн мөчлөгөөс хараат бус, бүрэн эрх бүхий нэг байгууллага, нэг цонхны үйлчилгээ үзүүлэх.
Жишиг бүсүүдтэй харьцуулахад Хархорумын горим нь намуудын өргөн дэмжлэгээр батлагдсан Чартер хотын тухай хуульд тулгуурлаж, тогтвортой байдлын гэрээгээр бэхжиж, цаашид Үндсэн хуулийн оновчтой зохицуулалтаар баталгаажах шаардлагатай. Энэ нь Монгол Улсын хуулийг Чартер хотын дүрэмтэй хослуулж, маргааныг Нью-Йоркийн болон ICSID-ийн конвенцоор албадан биелүүлэх боломжтой, англи хэл дээрх олон улсын арбитраар шийдвэрлэгдэнэ. Түүний хамрах хүрээ гурван жишиг бүсийн алинаас нь ч илүү өргөн байна: бүхэл хотыг, тэр дундаа хиймэл оюун, өвийн шинжлэх ухаан, үр, боловсрол, аялал жуулчлалыг хамарна. Эдгээр нөхцөл нь батлагдсан горим бус, техник эдийн засгийн үндэслэл, төсвийн нөлөөллийн тооцоо хийх санал юм.
8.4 Үндсэн хуультай холбоотой анхааруулга
Анхаарах ёстой хоёр асуудал бий.
Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулиар зөвхөн үндэсний шүүхийн тогтолцоонд багтах шүүх л шүүх эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Иймд Астанагийнх шиг тусдаа шүүхийн оронд уг хөтөлбөр англи хэл дээрх олон улсын арбитрын төвийг санал болгож байна. Энэ төв хиймэл оюуны дэмжлэгтэй байх боловч шийдвэрийг хүн гаргах бөгөөд түүний шийдвэр Нью-Йоркийн конвенцоор албадан биелүүлэгдэнэ.[23]
Хоёрдугаарт, энгийн хуулиар тогтоосон Чартер хотын хуулийг дараагийн аль ч Парламент өөрчилж магадгүй. Иймд Хархорумын Чартер хотын хууль намуудын өргөн дэмжлэгт тулгуурлаж, цаашид Үндсэн хуулиар болон Тогтвортой байдлын гэрээгээр давхар баталгаажвал түүний хэрэгжүүлэлт илүү найдвартай, үр дүнтэй болно.
9. Зардал ба үе шат
9.1 Хөрөнгө оруулалтын нийт хэмжээ
Анхны 200,000 оршин суугчийн зорилтод хүрэх хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 2026 оны үнээр 17–37 тэрбум ам.доллар орчим байна. Энэ бол зардлын тооцооны хамгийн эхний үе шат болох 5-р ангиллын тооцоо тул эцсийн дүн 50 хүртэл хувиар бага, эсхүл 100 хүртэл хувиар их гарч болзошгүй.[24] Нийт хэмжээ хоорондоо давхцалгүй дараах хэсгээс бүрдэнэ.
Орчин үеийн хотыг багтаасан төрийн үндсэн хөтөлбөр 6.1–12.9 тэрбум ам.доллар; үүний дотор өв ба суурь багц (туурь, Түүхэн хот, цэцэрлэгт хүрээлэн, дижитал ихэр) 1.6–4.2 тэрбум ам.доллар бөгөөд нийт дүнд дахин нэмэгдэхгүй.
Хувийн болон концессын хөрөнгө оруулалт 8.5–16.8 тэрбум ам.доллар, дэд бүтцийн үндэсний хэмжээний холболт (авто зам, төмөр зам, эрчим хүч, ус, шилэн кабель) 2.6–7.3 тэрбум ам.доллар байна.
Нийт дүн газар, НӨАТ, гаалийн татвар, санхүүжилтийн зардал, инфляцыг оруулалгүйгээр 17.2–37.0 тэрбум ам.доллар орчим болно.
9.2 Үе шат
Ажлыг таван үе шатад зохион байгуулах бөгөөд үе шат бүрийг хуанлиар бус, хотын Зөвлөлийн тэмдэглэлтэй шийдвэрээр нээнэ.
1-р үе шат — Суурь (2026–2027): Чартер хотын хууль, бүрэн эрх бүхий хөгжлийн компани, нийгмийн гэрээ, залуучуудын сургалт, судалгаа.
2-р үе шат — Загвар (2027–2029): дижитал ихэр, талбайн сонголт, Өвд нөлөөлөх байдлын үнэлгээ, туршиж засварласан ерөнхий төлөвлөгөө.
3-р үе шат — Анхны хот (2029–2036): 30,000 орчим оршин суугчид зориулсан Түүхэн хотын бүтэн болон Орчин үеийн хотын анхны бүтээн байгуулалтууд.
4-р үе шат — Өсөлт (2036–2045): төмөр зам, эрчим хүчний холболт, 200,000 оршин суугч.
5-р үе шат — Төлөвшил (2045 оноос 2050-аад он): босгын нөхцөл хангагдсан тохиолдолд 500,000 хүртэл өсөх.
1220 онд нийслэл байгуулагдах шийдвэр гарсны 820 жилийн ой болох 2040 он бол хяналтын цэг, 2050 он бүрэн бие даасан үнэлгээний он байна.
Ажлын дараалал нэг зарчмыг баримтална: буцаах боломжтой ажлыг түрүүлж эхлүүлнэ; нэр хүндийн төслүүд хүлээнэ.
Судалгаа, сургалт, загвар, инженерийн шугам сүлжээг засаж залруулж болох учир эдгээртэй холбоотой ажлыг түргэн эхлүүлэх бодлого баримтална. Хөшөө дурсгал, ордныг эхлүүлэхэд амархан, харин судалгаа тооцоо дутуу, дижитал ихрийн загварт бүтээлгүй, туршилтад оруулж алдааг засалгүйгээр барьвал буцаахад бараг боломжгүй болох учир ихээхэн хөрөнгө мөнгөний болон цаг хугацааны алдагдал гарч хохирол учирна. Үүнийг тооцох, ийм алдаа гаргахгүй байхыг зорих хэрэгтэй.
10. Засаглал ба хариуцлага
50 жилийн хөтөлбөр хэд хэдэн Засгийн газраас урт насална. Түүний зохион байгуулалтад дараах таван хамгаалалтыг суулгасан:
Бүрэн эрх бүхий нэг байгууллага: хуулиар тодорхой тогтоосон бүрэн эрх, нийтэд ил төсөв, Улсын Их Хуралд жил бүр тайлагнах зарчим.
Хаалга бүрт бие даасан хяналт: нотолгооны зэрэглэлд шинжлэх ухааны зөвлөл, дижитал ихрийн тестэд бие даасан инженерүүд, үе шат бүрийн өмнө бие даасан зардлын шинжээчид ажиллана.
Нээлттэй бүртгэл: хотын Зөвлөлийн шийдвэр, тестийн шалгуур, үр дүн, гэрээ хэлцлийг нийтэлж байна.
Чанарт суурилсан худалдан авалт: дэлхийн шилдэг компаниудыг урьж, зөвхөн хамгийн бага үнээр бус, юуны түрүүн чанарт тулгуурласан зарчмыг баримтлан сонгоно.
Орон нутгийн дуу хоолой: Хархорины иргэд, Эрдэнэ Зуу хийд, малчин өрхүүд нэг удаагийн зөвлөлдөөн бус, шийдвэр гаргах үйл явцад байнгын оролцоотой байна.
11. Гол эрсдэлүүд
Эрсдэлүүд тодорхой бөгөөд тус бүрд нь дээр дурдсан зохион байгуулалтын хариу арга хэмжээнүүдийг авна.
Өвд учрах хохирлоос чөлөөтэй газарт барих, нотолгооны зэрэглэл, эргэлт буцалтгүй алхам бүрийн өмнөх Өвд нөлөөлөх байдлын үнэлгээгээр сэргийлнэ.
Усны хомсдлоос усны балансыг өсөлтийн эхний босго болгох замаар сэргийлнэ.
“Хүнгүй хот” болох аюулаас ажлын байр, хүн амтай уялдсан өсөлтийн босгоор сэргийлнэ.
Зардлын хэтрэлтээс 5-р ангиллын ил тод тооцоо, бие даасан зардлын хяналт, стандарт бус хөтөлбөр хумигдах зарчмаар сэргийлнэ.
Нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхээс нийгмийн гэрээ, сургалтын баталгаа, орон нутгийн байнгын дуу хоолойгоор сэргийлнэ.
Засгийн газар солигдсоноор үүсэх эрсдэлээс намуудын өргөн дэмжлэг, тогтворжуулалтын гэрээ, Үндсэн хуулийн баталгаагаар сэргийлнэ.
Эцэст нь тухайн үеийн эрх мэдэлтнүүдэд таалагдахын тулд түүхийг хэтрүүлэн хэт гоёх, эсхүл үгүйсгэн дутуу үнэлэх хоёр туйлшралд автагдаж магадгүй албан тушаалтан зэрэглэлийг дур мэдэн тушаал шийдвэрээр дээшлүүлэх, эсхүл доошлуулах гэсэн оролдлого гаргахаас нь сэргийлэхийн тулд бие даасан зөвлөл байгуулан түүнийг хараат бус байх зарчмын дагуу ажиллуулна.
12. Дүгнэлт: Хамгийн хэцүү газарт хатуу дэг журам
Хархорумын онцлог нь хэмжээнд бус, аргачлалд нь байх ёстой. Энэ нь газар дээр босохоосоо өмнө загварт туршигдсан, бат бөх дүрмийн дор бизнест нээлттэй, эргэн тойрны байгал, орчинтойгоо зохицсон хот байх ёстой.
Рубрук бүх дэлхийд нөлөөлөл нь хүрсэн жижиг хотыг олж харсан тухайгаа тэмдэглэн үлдээсэн байдаг. Монгол Улс бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөв дэс дараалалтай, сайн түншүүдтэй хамтран, хөрөнгө оруулагчдадаа нэн таатай нөхцөлийг бүрдүүлж, шинэ технологид тулгуурлан ажиллавал ийм хотыг дахин сэргээн босгож чадна.
Тухайн цаг үедээ дэлхийн нийслэл байсан Хархорум хотоо дэлхийн шилдэг хотуудын нэг болгох зорилготойгоор сэргээн байгуулцгаая.
[1]Peter Jackson (trans.), with David Morgan, The Mission of Friar William of Rubruck: His Journey to the Court of the Great Khan Möngke, 1253–1255 (London: Hakluyt Society, 1990). Рубрук Мөнх хааны ордны хамт 1254 оны 4 дүгээр сарын 5-ны Далдуу модны ням гарагийн өмнөхөн Хархорумд хүрэлцэн ирсэн. Тэрээр хааны ордныг эс тооцвол хотыг Сен-Дени тосгонтой харьцуулж, дөрвөн хаалганы захуудыг дурджээ: шар будаа болон бусад тариа (зүүн), хонь ямаа (баруун), үхэр, тэрэг (өмнөд), адуу (хойд).
[2]Эрдэнэ Зуу хийдийг 1585 онд Автай Сайн Хан байгуулсан бөгөөд барихдаа Хархорумын туурийн чулууг хэсэгчлэн ашигласан.
[3]Улсын Их Хурлын 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар тогтоол (2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан бөгөөд одоогийн нэр нь "Орхоны хөндийд "Хархорум" хот байгуулах тухай"). https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532689993321
Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай Монгол Улсын хууль; Засгийн газар 2024 оны 12 дугаар сарын 20-нд өргөн мэдүүлж, Улсын Их Хурал 2025 оны 1 дүгээр сарын 23-нд баталсан. (Улсын Их Хурал, хэвлэлийн мэдээ, 2025 оны 1 дүгээр сар. https://www.uih.mn/n/636) https://legalinfo.mn/mn/detail?lawId=17355878201151
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 116–118 дугаар тогтоол (хөгжлийн шинэчилсэн үзэл баримтлал; 2026–2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөө; Хархорум хотын зөвлөл байгуулах тухай) https://legalinfo.mn/mn/detail?lawId=17436436171752 https://legalinfo.mn/mn/detail?lawId=17436436329412
https://legalinfo.mn/mn/detail?lawId=17436436622162 )
[4]Talat Tekin, A Grammar of Orkhon Turkic, Uralic and Altaic Series 69 (Bloomington: Indiana University, 1968); Күлтегин (732), Билгэ хаан (735)-ы бичээсийн эх бичвэрийг эндээс үзнэ үү.
[5]“Юань ши” (1369–1370 онд эмхэтгэсэн), газарзүйн бичиг, Хэлинь (Хархорум)-ий тухай бичлэг; Rashiduddin Fazlullah, Jami‘u’t-tawarikh: Compendium of Chronicles, trans. W. M. Thackston, 3 vols. (Cambridge, MA: Harvard University, 1998–99).
[6]Гүюг хааны Пап IV Иннокентийд илгээсэн захидал, 1246 оны 11 дүгээр сар, перс хэлээр бичсэн, монгол тамганы дардастай (Ватиканы Төлөөлөгчийн архив); англи орчуулгыг Christopher Dawson (ed.), The Mongol Mission (London: Sheed and Ward, 1955)-аас үзнэ үү.
[7]Hans-Georg Hüttel, “Royal Palace or Buddhist Temple? On Search for the Karakorum Palace,” in J. Bemmann et al. (eds.), Current Archaeological Research in Mongolia, Bonn Contributions to Asian Archaeology 4 (Bonn: Vor- und Frühgeschichtliche Archäologie, Rheinische Friedrich-Wilhelms-Universität, 2009), 535–548; J. Bemmann, U. Erdenebat and E. Pohl (eds.), Mongolian-German Karakorum Expedition, vol. 1 (Wiesbaden: Reichert, 2010).
[8]Jan Bemmann, Sven Linzen, Susanne Reichert and Lkhagvadorj Munkhbayar, “Mapping Karakorum, the capital of the Mongol Empire,” Antiquity 96, no. 385 (2022): 159–178, doi:10.15184/aqy.2021.153. Судалгаа 465 орчим гектар талбайг хамарсан.
[9]Jackson and Morgan (1990), 1 дүгээр зүүлтийг үзнэ үү; Leonardo Olschki, Guillaume Boucher: A French Artist at the Court of the Khans (Baltimore: Johns Hopkins Press, 1946). Дөрвөн ундаа нь дарс, тунгаасан айраг (caracosmos), зөгийн балны ундаа (boal), цагаан будааны дарс (terracina) байв.
[10]UNESCO World Heritage Centre, Orkhon Valley Cultural Landscape, No. 1081rev (2004 онд бүртгэсэн); Биет бус соёлын өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны 19.COM 7.B.49 шийдвэр (Асунсьон, Парагвай, 2024 оны 12 дугаар сар) — “Монгол нүүдэлчдийн нүүдэл, түүнтэй холбоотой зан үйл” (No. 02091)-ийг Төлөөллийн жагсаалтад бүртгэсэн.
[11]UNESCO World Heritage Centre, Historic Centre of Warsaw, No. 30 (1980 онд бүртгэсэн). Түүхэн төвийн 85 гаруй хувь 1944 онд сүйрсэн; Хуучин хотыг голчлон 1949 оноос 1960-аад оны дунд үе хүртэл, Хааны цайзыг 1971–1984 онд сэргээн босгосон.
[12]UNESCO, Operational Guidelines for the Implementation of the World Heritage Convention, WHC.25/01 (16 July 2025), 86 дахь заалт (сэргээн босголтыг зөвхөн бүрэн, нарийвчилсан баримтжуулалтад үндэслэсэн, ямар ч таамаглалгүй тохиолдолд хүлээн зөвшөөрнө) ба 172 дахь заалт (томоохон ажлын талаар урьдчилан мэдэгдэх); ICOMOS, Riga Charter on Authenticity and Historical Reconstruction in Relationship to Cultural Heritage (2000); UNESCO, ICCROM, ICOMOS and IUCN, Guidance and Toolkit for Impact Assessments in a World Heritage Context (Paris: UNESCO, 2022).
[13]Хархорин сум 2017 онд 14,765 оршин суугчтай байсан (Үндэсний статистикийн хороо); хамгийн сүүлийн тооллогын тоог баталгаажуулах шаардлагатай.
[14]1992 онд модоор сэргээн босгосон Окинавагийн Шюри цайзын гол танхим хөрш барилгуудын хамт 2019 оны 10 дугаар сарын 31-нд галд шатаж устсан.
[15]Хотын газрыг Архангай аймгийн Өгий нуур, Хашаат сум, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт 189,363.19 гектараар тогтоосон, Хархорумын тухай хууль хүчин төгөлдөр болсноос эхлэн мөрдөх Улсын Их Хурлын 2025 оны 1 дүгээр сарын тогтоол.
[16]Seat of Government Act 1908 (Cth) — Яс–Канберра орчмын нутгийг сонгосон; Австралийн парламент Канберрад анх 1927 оны 5 дугаар сарын 9-нд хуралдсан.
[17]2025 оны 1 дүгээр сарын 23-ны хууль (3 дугаар зүүлтийг үзнэ үү) болон дагалдан гарсан нэмэлт, өөрчлөлтүүд: Хархорум хотын хөгжлийн санг байгуулж, Хархорум хотын зөвлөлийн саналыг үндэслэн импортын барилгын материал, тоног төхөөрөмжийн НӨАТ-ыг дөрөв хүртэл жилээр хойшлуулах, эсвэл энэ хугацаанд хувааж төлүүлэх эрхийг Засгийн газарт олгосон. Өмнөх актууд: Ерөнхийлөгчийн 230 дугаар зарлиг (2022 оны 12 дугаар сар); Улсын Их Хурлын 07 дугаар (2023 оны 1 дүгээр сарын 12) болон 72 дугаар (2024 оны 6 дугаар сарын 5) тогтоол; зарлигийн дугаар, 2024 оны тогтоолын дугаар, огноог баталгаажуулах шаардлагатай.
[18]Paul Romer, “Technologies, Rules, and Progress: The Case for Charter Cities,” Center for Global Development Essay (Washington, DC, March 2010).
[19]Казахстан Улсын “Астана олон улсын санхүүгийн төвийн тухай” Үндсэн хуулийн хууль (2015 оны 12 дугаар сарын 7), 6 дугаар зүйл: санхүүгийн болон туслах үйлчилгээг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ-аас, гадаад ажилтнуудыг хувь хүний орлогын албан татвараас 2066 оны 1 дүгээр сарын 1 хүртэл чөлөөлнө; одоогоор бодитоор үйл ажиллагаа явуулах (substantial presence) шаардлага мөрдөгдөж байна.
[20]Казахстан Улсын “Алатау хотын тусгай эрх зүйн горимын тухай” Үндсэн хуулийн хууль; Парламент 2026 оны 3 дугаар сарын 27-нд баталж, Үндсэн хуулийн шүүх хянаж, Ерөнхийлөгч 2026 оны 5 дугаар сарын 8-нд гарын үсэг зурсан; 2026 оны 7 дугаар сарын 1-нээс үе шаттайгаар нэвтрүүлж байна. Хуулиар 30 хүртэлх жилийн татварын хөнгөлөлт олгох, хотын захиргаанд Англи, Уэльсийн эрх зүйн зарчим, хэм хэмжээ, прецедентэд үндэслэсэн зохицуулалт батлах эрхийг олгосон. Казахстаны шинэ Үндсэн хуулийг 2026 оны 3 дугаар сарын 15-нд бүх нийтийн санал асуулгаар (87.15 хувийн дэмжлэгтэй) баталж, 2026 оны 7 дугаар сарын 1-нд хүчин төгөлдөр болсон.
[21]БНХАУ-ын Төрийн зөвлөл, Хятадын (Өвөр Монголын) туршилтын чөлөөт худалдааны бүсийн ерөнхий төлөвлөгөө, 2026 оны 4 дүгээр сарын 9-нд баталсан; 2026 оны 4 дүгээр сарын 11-нд Хөх хотод нээлтээ хийсэн. Талбай 119.74 км², үүнээс Хөх хотод 76.28 км², Манжуурт 25.11 км², Эрээнд 18.35 км². 15 хувийн хувь хэмжээ нь чөлөөт худалдааны бүсээс бус, Баруун бүсийг хөгжүүлэх бодлогоос үүдэлтэй: Сангийн яам, Татварын улсын ерөнхий газар, Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны [2020] 23 дугаар мэдэгдэл, 2021 оны 1 дүгээр сарын 1-ээс 2030 оны 12 дугаар сарын 31 хүртэл хүчинтэй (стандарт хувь хэмжээ 25 хувь).
[22] Инчоны чөлөөт эдийн засгийн бүс 2003 оны 8 дугаар сарын 11-нд тогтоогдсон (IFEZ). Эд хөрөнгө олж авсны татвар: 15 жил 100 хувь (Инчон хотын татвар ногдуулах, хөнгөлөх журам, 94 дүгээр зүйл). Үл хөдлөх хөрөнгийн татвар: 10 жил 100 хувь, дараагийн 3 жил 50 хувь (Жун-гу дүүргийн татварын хөнгөлөлтийн журам, 4 дүгээр зүйл). Хөнгөлөлтийг гадаадын хөрөнгө оруулалтын эзлэх хувьтай тэнцүүлэн тооцдог. Импортын хөрөнгийн барааны гаалийн татвар 5 жил чөлөөлөгдөнө. Эх сурвалж: IFEZ, Invest Korea, Инчон олон улсын нисэх буудлын байгууллага.
[23]Монгол Улсын Үндсэн хууль, 47–48 дугаар зүйл (шүүх эрх мэдлийг зөвхөн хуулиар байгуулсан шүүх хэрэгжүүлнэ). Монгол Улс Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай 1958 оны Нью-Йоркийн конвенцод (1994 онд нэгдсэн), Улс ба бусад улсын иргэдийн хооронд хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх тухай 1965 оны ICSID-ийн конвенцод (Монгол Улсын хувьд 1991 оноос хүчин төгөлдөр) нэгдэн орсон.
[24]AACE International, Recommended Practice 18R-97, Cost Estimate Classification System (5-р анги: төслийн тодорхойлолтын түвшин 0–2 хувь; хүлээгдэх нарийвчлалын хүрээ −50-аас +100 хувь хүртэл).
Намбарын Энхбаяр






