Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл тэр дундаа хүүхдийн хүчирхийллийн асуудал сэтгэл түгшээх болсон. Уг асуудал нь өмнө нь байсан бөгөөд өдгөө эл болж буй нь энэ. Олон нийтэд дуулдах болсноор нь нийгэм урд хойчид ийм хэрэг гарч байгаагүй юм шиг хүлээж аваад байгаа гэх. Учир мэдэх улс, хүүхдийн хүчирхийлсэн хэрэг гардаг байсан "хөөрхий нутаг усны улс гээд аав, ээж нь гомдол мэдүүлэхгүй тэгс ингэсхийгээд чимээгүй өнгөрдөг" байсан талаар хуучилж байв. Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн эрийг шоронд суулгахад түүнд хариуг нь бариад явуулчихдаг овгоруудтай гэдгийг ч сонсож  байсан юм. 

Үндсэн яриандаа орьё, нийгэм даяараа дээрх асуудлыг хурцаар авч үзэн хэлэлцэх цаг хэдийн иржээ. Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн буюу бэлгийн дур хүслээ хангасан хүнийг "цаазаар авах ял" оноох талаар санал гаргах болсон. Уг нь эл хэргийг үйлдсэн этгээдийг ийм амархан хорвоогоос там руу явуулчихмааргүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж, өдөр хоногийг тарчлаан өнгөрөөх ялаар шийтгэвэл илүүтэй зохилтой юм. Бүх насаар нь чанга дэглэмтэй хорих ангид хорих саналтай иргэд ч байна. Манай улс цаазын ялгүй улс болсон болохоор үүнийг сэргээвэл НҮБ болон Европын холбоотой зөрчилдөх хэмжээнд хүрч болзошгүй. Нөгөөтэйгүүр, цаазлах ял нь тийм ч оновчтой зүйл биш. Учир нь хүчирхийлэгчийг хүчирхийллээр дарахтай агаар нэг юм. Хүчирхийлэлд өртсөн хохирогчдын зургийг ил гаргадаг хэрнээ уг хэргийг үйлдсэн этгээдийн зургийг олон нийтэд түгээх нь зөв гэх шүүмжийг зарим хүмүүс хэлдэг. Хуулийн дагуу ямар ч онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн бай тэрхүү этгээдийн зургийг олон нийтэд үзүүлэхийг хориглодог юм. Харин хүчирхийлэлд өртсөн хохирогч өөрөө зөвшөөрсөн тохиолдолд зургийг нь ил гарган нийтлэх боломжтой. 

НҮБ-ын Хүүхдийн сангаас дэлхийн нийт хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь хүүхэд байхдаа ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэсэн судалгаа гаргажээ. Үүний 12 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байхад дөнгөж гуравны нэг нь л хуулийн байгууллагаар шалгагддаг байна. Тус байгууллагын өөр нэгэн судалгаагаар хүүхдэд ээлтэй дэлхийн улсуудыг жагсаахад манай улс Пакистан, Бүгд Найрамдах Мозамбик Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс нарын хамтаар сүүлийн байрыг эзэлжээ. Мөн хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн мөлжлөгийн үзүүлэлтээр ч сүүлийн байрт ордог гэдгийг онцольё.

Бага насны хүүхдийг хүчирхийлсэн олон хар үйл явдлыг энд дурьдах нь илүүц биз ээ. Намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд хүүхдийн бэлгийн болоод бие махбодийн хүчирхийллийн асуудлаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулав. 

МАХН-ы гишүүн Н.Удвал: Цэл залуу үрсээ хүчирхийлэлд алдаж байгаа нь харамсалтай. Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх улс төрийн хүсэл зориг байхгүй байна. Үүнд эмэгтэй гишүүд онцгой ач холбогдолтой. Бие бялдраа гайхуулж нүцгэлэх яахав. Тархиа хөгжүүл, хүүхдээ хамгаал. Ямар ч хөрөнгө мөнгө хэрэггүй. Сэтгэл зүрх, манлайлал хэрэгтэй. Төрийн бодлого байдаг ч хэрэгжүүлэх чадавхи байхгүй байна. Монгол хүн ямар ч үнэ цэнэгүй болж байна.

Дэлхийн монголчууд намын гишүүн Чанцалдулам: Хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүс бүгд насанд хүрэгчид байдаг. Тэднийг бага байхад нь хүн болох төлөвшилд нь алдаа гаргачихсан байгаа юм. Эргээд харахад бид төлөвшилдөө алдаа гаргачихсан юм болов уу гэж харж байна. Өчигдөр ЕБС-ийн 4 дүгээр ангийн багштай ярилцсан юм. Тухайн багш ангийн хүүхдүүдийн дунд “Би үүнийг л хүсдэг” сэдэвт зохион бичлэг хийлгэхэд 26 хүүхэд архигүй орчин хүсчээ. Хүүхдүүд биднээс тэнэг биш шүү дээ. Өөрөөр хэлбэл, нийгмийг өөрчлөх хүч тэнд байгааг илэрхийлээд байгаа юм. Хичээлийн цаг дуусахад зари эцэг эхчүүдэд согтуу ирж хүүхдээ авдаг.  Гэвч надад хүүхдийг өгч явуулахгүй байх эрх зүйн орчин байхгүй. Өөрөөр хэлбэл, насанд хүрэгчдийг хариуцлагажуулах механизм руу оруулмаар байна.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан мэдээллээр 2017 онд 298 хүүхэд хүчирхийлэлд өртжээ. Түүнчлэн ноцтой мэдээлэл дурдахад 12-17 насны 1613 эх төрж,  20 хүртэлх насны 1668 эх үр хөндүүлжээ. Түүнчлэн 2014-2016 онд шүүхээр шийдвэрдлэгдсэн хүүхдийн хүчирхийллийн 80 баримт дээр тоон анализ хийж, насны байдлаар нь авч үзэхэд 27 хувийг 5-9 насны хүүхэд, 25 хувийг 12-14 нас, 12 хувийг 14-16 нас, 2.5 хувийг 16-18 насныхан эзэлж байна.  Ер нь энэ төрлийн хүчирхийллийн 70 орчим хувь нь ураг төрлийн орчинд үүсдэг байна.

Мөн хохирогч хүүхдүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөхгүй байна. Нөгөөтэйгүүр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг би ахалж ажилласан. Энэ хуулийг батлуулсны дараа Хүүхэд хамгаалаллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг хянаж ажиласан. Амьдрал дээр хэрэгжихгүй байгаа зүйл заалтууд зөндөө байна. Ер нь аливаа хүчирхийллийг аль аль түвшиндээ анхаарах ёстой юм байна. Энэ эмзэглүүлсэн асуудлыг нийлж байж шийдвэрлэх арга замыг хамтдаа илэрхийлэх ёстой.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал яригдаж эхлэхээр цаана нь "архидалт" гэдэг зүйл цухалзаад байгааг та анзаарч байна уу? Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэж нийгэмд гарсан гэмт хэргийн ихэнхи хувийг архидан согтуурсаны улмаас гарсан байдаг нь харамсалтай. 2018 оны байдлаар нийт 34 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсноос дийлэнх нь төрсөн эцэг, хойт эцэг, хамаатан садан, эцэг эхийн найзуудад хүчирхийлүүлсэн байжээ. Энэ оны эхний улирлын байдлаар 70 орчим хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа тоон судалгаа гарчээ.

Хүчирхийлэгчийг хэрхэн оновчтой шийтгэж ийм хэрэг дахин үйлдэгдэхгүй таслан зогсоох вэ гэдгийг  улстөржүүлэхгүй шийдэх хэрэгтэй байна. Түүнчлэн удахгүй  хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулахаар нийтээрээ оролцох нь чухал.