НИЙСЛЭЛ ХҮРЭЭНИЙ ГАНГАН ХҮҮХНҮҮД

Ардын хувьсгал ялан мандсанаас хойш манай охид, хүүхнүүдийн царай зүс улам өнгө орж, хувцас хунар нь дэгжин болохоос гадна үзэл бодол, сэтгэл санаа, соёл боловсрол нь аргагүй дээшлээд иржээ. Чухамхүү энэ үеэс “Хүрээний гангачууд” гэсэн нэр томъёо өмнөхөөсөө улам хүчээ авч хожим нэр алдараа дуурсгасан олон сайхан хүүхэн тодрон гарсан түүхтэй. Жишээ нь хүрээ дуунд мөнхөрсөн Хэенхуар, Дунжидмаа, Цэенпил, Эрдэнэдүүрэгч ван Намхайжанцангийн хатан Дашбалжир, Жинжий Бадам, “Ванлий” буюу алдар цуут Баянжаргал, “Уяхан” Тамжид, Ши данжаадын авааль эхнэр Цэенхуар, “Ихэмсэг” Пунсаа, “Цоохор” Цэнд, “Хүрээ” Янжиндулам, Минжүүр, Пагмадулам, Маа бээсийн Дулмаа, “Маршал”-ын Дэвээ, “Барон” Дашзэвэгийн эхнэр “Хар нүдэн” Гаамаа, “Орос” Долгор, Манлай баатар Дамдинсүрэнгийн охин Нацагханд нарын олон арван ганган царайлаг хүүхэн хорь, гучаад оны Нийслэл хүрээг чимэглэж байжээ. Мөн Нийслэл хүрээнд Түшээт хан Насантогтохын хатан Хулан гэгч царай зүс сайхантай ганган дэгжин хатан байсан бол хошой чин ван Цогбадрахын хатан бие томтой, билэг ухаан сайтай, өнгө тунамал, үзэсгэлэн төгөлдөр, тэр чинээгээрээ эдийн дээдийг өмсөж зүүдэг нэгэн байж. Дээр нэр дурдсан хүүхнүүдээс “Уяхан” Тамжид, Цэенхуар, “Ихэмсэг” Пунсаа, “Цоохор” Цэнд, “Хүрээ” Янжиндулам, Минжүүр нар буруу замаар явчихаж. Харин Пагмадулам, Маа бээсийн Дулмаа, “Хар нүдэн” Гаамаа, “Орос” Долгор нар гадаад дотоодод боловсрол эзэмшиж ганган хээнцэр толгойгоо эрдэмээр чимэглэсэн гавъяатай. Ингээд Нийслэл хүрээний ганган хүүхнүүдийн тухай өгүүлсү.

 

ЦАГИЙН УРТАД МАРТАГДААГҮЙ “ЦАГААН САР”-ЫН ЯНЖИНДУЛАМ

 

“Цагаан сарын шинийн нэгэн
Болоод ирэвээ дээ хө
Цагаан эсгий гаднаа дэвсээд
Тэнгэр бурхандаа мөргөлөө дөө хө хө
Царайлаг төрсөн Янжиндуламдаа
Санасныгаа хэлэвэл дээ хө хө ай хө
Цагаан гурилын суумайг жигнэсэн чиг
Амт нь үгүй болно доо хө хө хө хө” хэмээх ардын сайхан дууг сонсох бүрийд эрт цагийн хүрээний хөөрхөн хүүхэн нүдэнд тусмой. Энэхүү дуунд дуулагдан буй Янжиндулам нь бодит хүн ажээ. Тэгэхдээ бүр саяхан болтол амьдарч асан, тодруулж хэлбэл 1988 онд 90 настайдаа таалал төгссөн “эрт цагийн” урт настан байлаа. Ардын дуунд мөнхөрсөн Янжиндуламыг алтан үеийн жүжигчид андахгүй мэддэг, зарим нь түүнтэй уулзах гэж зориуд гэрт нь очиж байсан түүх бий. Харамсалтай нь дал, наяад оны үед Янжиндуламын нэр бүхий “Цагаан сар” дууг дуулуулах нь байтугай цагаан сар тэмдэглэхийг хориглож байсан удаатай. Харин өөрчлөн байгуулалт, ил тод байдал сэргэж ирсэн 1980-аад оны сүүл үеэс “Цагаан сар” хэмээх хүрээ дуу дуулагдах болсон билээ. Энэхүү дууг 1988 онд Монгол улсын гавъяат жүжигчин Ш.Даваахүү анх тайзнаа амилуулж байлаа. “Цагаан сар” дууг хятад бийрийн нарийн үзүүрээр зурж байгаа юм шиг цээл сайхан хоолойгоор уянгалуулсан гэх урмыг хүртэж явсан Ш.Даваахүү хүрээний хөөрхөн хүүхэн Янжиндуламын тухай дурсахдаа “Би 1988 онд ардын богино дууны улсын анхдугаар уралдаанд “Цагаан сар” дууг анх дуулж гуравдугаар байр эзэлж байлаа. Анх дууны үгийг хүмүүс огт мэддэггүй байсан. Харин манай хүргэн ах монгол хэл, уран зохиолын багш Гомбожав маань надад зааж өгсөнөөр энэ дууг амьдруулж олны сонорт хүргэсэн. Хүрээний хөөрхөн Янжиндулам гэдэг нь бодит, түүхэн хүн байхгүй юу. Тэр хүний хүүхдүүд 1988 онд намайг “Цагаан сар” дууг дуулж байх үед “Манай ээж 90 гарсан хөгшин амьд сэрүүн байгаа” гээд надад баярласнаа илэрхийлж билээ. Би ер нь хэнэггүй талдаа хүн. Тэр үед хүрээний хөөрхөн Янжиндуламтай уулзъя, хаана байдаг вэ гэж асуугаагүй. Удаа ч үгүй Янжиндулам гуай маань бурхан болсонд их харамссан. Да хүрээний их л сайхан хүүхэн байсан гэдэг. Тэгээд л энэ сайхан хүнд зориулж “Цагаан сар” дуу шинээр дуулагдаж байсан түүхтэй юм” гэж өгүүлсэн байх аж. “Гурван сарын шинийн нэгэн Болоод ирэвээ дээ хө хө Гуу жалгаар ургасан ногоо нь болвол доо Ганхаж найгаад ирэвээ дээ хө Гуниггүй төрсөн Янжиндуламдаа Санасныгаа хэлбэл дээ хө хө ай хө Гоодин фигээ зажлаад өгсөн чиг Амт нь үгүй болно доо хө хө хө хө” хэмээсэн цоглог дуу хүрээ хүүхэн Янжиндуламын хөөрхөн төрх, хөг аясыг эрхгүй санагдуулах буй за.

 

 

Б.Ойдов

Өмнөх цуврал:

Жавзандамба хутагтын таалалд нийцсэн жавхлан төгөлдөр авхай нар

Манлай баатар Дамдинсүрэнгийн охин Нацагханд

Цэвээн тэргүүний ганган охин Цэрмаа

Хэмжээлшгүй хөрөнгийн эзэн Хэенхуар

Данжаадын гэрийн хорионд орсон “дэгжин” Саран

Хайтангийн хашаанд хадагдсан далай вангийн Мөнхтөмөр

Богдын ногоон ордны “цэмцгэр” Ханд

Лосолын хайрыг татаж явсан Жамъян гүний Чимэд