Улстөрч Ж.Цолмон, дэд сайд Ж.Цолмон Анагаахын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр дуулиан шуугиантай томилогдож байсан цаг саяхан. Түүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрч. Улс төрийн томилгоо хойно яалтай. Гагцхүү эрхэлсэн албан тушаал дээрээ ажил хэрэгч байж, бүхнийг түмний хүүхдийн сурах боловсроход зориулж байгаа бол хэн ч юу ч хэлэхгүй байсан болов уу. Өдөр хоног өнгөрөхийн хэрээр Ж.Цолмонгийн талаархи сөрөг мэдээллүүд цахим ертөнцөд цацагдсаар. “Клиникийн профессор цолыг өвлийн өвгөний бэлгэнд дайсан”, “Сургалтын төвийн тэрбум төгрөгөөр гараа угаасан”, Оюутны хоёрдугаар байранд хийгдэж буй засварыг Хөвсгөлийн компаниар гүйцэтгүүлж буй. Түүнд нь Боловсролын яамны мэргэжилтэн оролцсон “ гэх мэтээр хөвөрсөөр. Ингээд түүний АШУҮИС-ийн захирлаар томилогдсон гэх түүхээс мэдээллээ цааш нь хөврүүлье. Саарал ордны жиг жугаар МАН түүнд өрөө төлж, түүнийг АШУҮИС-ийн захирлаар томилсон гэх яриа гарсан, түүнийг томилогдсон даруйд. МАН түүнд өргүй байсан бол мань хүн 2016 оны сонгуулийн дараа Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн, харамсалтай нь АТГ дээр бүдэрсэн. Гэвч тэрбээр ЭМДС-ийн даргаар очихоор хөөцөлдөж эхэлсэн. Тэр нь бас л бүтэлгүйтсэн. Эцэст нь тухайн үеийн Боловсролын сайдыг буланд шахсанаар Анагаахын сургуулийн захирлаар томилогдож чадсан.

Ж.Цолмонг Анагаахын сургуульд ирэх сургаар профессор багш нар эсэргүүцэж төрийн гурван өндөрлөгт мэдэгдэл хүргүүлж байв.Захирлаар томилогдсоны дараа багш нар “Академик байгууллагын соёл алга боллоо, сургууль нуран уналаа” хэмээн эсэргүүцэж, тэрүүхэндээ бужигнаад авсан. Ингээд тус сургуулийн пэйж хуудсанд тавигдсан баримт бүхий нийтлэл болоод өмгөөлөгч Д.Наранбулагийн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт хандсан мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.

Эрхэм буурал профессор нийтлэлээ улстөрч Ж.Цолмонг АШУҮС-ийн захирлаар томилогдож очоод ямар ажил амжуулж, юу бүтээснийг тоймложээ.

Хатагтай Ж.Цолмонгийн сургуулийн босго алхаад хэлсэн анхны үгээр эхлүүлжээ. Тэрбээр “Нам намайг томилсон, эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” хэмээсэн нь багш, ажилчид бидний дургүйцлийг төрүүлэх эхний алхам тавигдсан. Дараа нь олон хүнийг ажилгүй болгосон явдал.Тухайлбал, ХҮГ-ын дарга, мэргэжилтэн, хяналтын инженер, хэвлэлийн үйлдвэрийн дарга, нягтлан бодогчид (бүгд үндэслэлгүй ажлаас халсан болохыг шүүх тогтоосон), өөртөө таалагдаагүй олон хүний албан тушаалыг өөрчилсөн. Үүний дараа (Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, Санхүү эрхэлсэн дэд захирал, Захиргааны албаны дарга, Санхүүгийн газрын дарга, ШУТГ-ын дарга, Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын дарга, Оюутны албаны дарга, АУС-ийн захирал, тэнхмийн эрхлэгчид, мэргэжилтэн, туслах гэх мэтчилэн.

  1. Энэ миний хүн, чиний хүн гэх зэргээр хамт олныг санаатай хагалан бутаргаж, эв нэгдлийг үгүй хийжээ. Өөрт нь таалагдаагүй эсвэл шүүмжилсэн, үзэл бодлоо илэрхийлсэн хэнийг ч дуудаж дарамтлан орилж, хашгиран ажлаас хална хэмээн заналхийлдэг болсоор удаж байна.
  2. Манай хамт олны сэтгэл, зүтгэл, нөр их хөдөлмөр шингэсэн, Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан их сургуулийн сургалтын эмнэлгийг өөрийн хүсэлтээр ЭМЯ-нд шилжүүлж, өмчөөс нь санаатай салгасны цаана ямар эрх ашиг нуугдана вэ. Ядаж их сургуультай нь хамт хоёр яамны харъяалалд өгсөн бол өөр хэрэг. Уг эмнэлэг Анагаахын сургуулийн эрдэмтэн, багш, ажилтан, ажилчид, оюутнууд, үе үеийн төгсөгч эмч нарын олон жилийн мөрөөдөл байсан юмсан. Гэтэл хатагтай Ж.Цолмон дээрх эмнэлгийг өөрөө байгуулсан мэт аашлан гурван удаа нээлт хийж, гурван удаа тууз хайчилж улс төрийн шоу болгон хувиргасан.
  3. Шавь төрүүлж, бүтээл туурьвин, тодорхой шалгуур хангаж, нийтэд хүлээн зөвшөөрөгдөж байж хүртдэг профессор хэмээх эрхэм цолыг өөрөө өөртөө олгох, огт оролцоогүй эрдмийн бүтээл дээр нэрээ бичүүлэн уншигчдын хүртээл болгох зэргээр академик байгууллагын удирдлага байтугай жирийн багш, судлаачид ч байж боломгүй ёсзүйгүй гэхэд дэндэх увайгүй үйлдэл удаа дараа гаргах болов. Эрдэмтэн, профессорууд, академичид нь үл мэдэгчийн дүр эсгэтлээ ялзарсан юм гэж үү.
  1. Санхүүгийн мэдлэггүйгээс сургуульд 3.4 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Оюутны төлбөрийг шатлан нэмсэн аргачлалыг ч ойлгохгүй сургуулийн төсвийг УЗ-ийн хурлаар батлуулахдаа буруу тооцоолон сургуулийг 3.4 тэрбум төгрөгийн алдагдалд оруулсан. Энэ их мөнгөөр сурах орчныг сайжруулах, багш судлаачдын судалгааны нөхцөл, нийгмийн асуудлыг шийдсэн бол ямар их зүйл хийх байсан бол. Хариуцлага хүлээх хүн бас л алга уу. Ядаж ТУЗ нь хэлэлцэж, хариуцлага тооцдоггүй юм болов уу.
  2. Олон жил үр бүтээлтэй ажилласан, сургалтанд оролцож тодорхой шалгуур хангасан эмч нарт Их сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн “Клиникийн профессор” хэмээх хүндтэй цол олгодог байсаан саяхныг хүртэл. Өнгөрсөн хавраас хотын эмч нар 500.000, хөдөөний эмч нар 200.000 гэж үнэлэн “Клиникийн профессор” цолыг арилжсан, сүүлдээ өвлийн өвгөний бэлэг болгосон нь Эрдмийн зөвлөлийн нэр хүндийг уландаа гишгэсэн хэрэг болов.
  3. Мөн тэрбээр өөрийг нь тойлсон, тойрон хүрээлсэн хэсэг хүмүүст оны өмнө албан тушаалын профессор хэмээх хаана ч байхгүй, хэн ч ойлгож, хүлээж авахгүй цолыг хоёр жилийн хугацаатай олгоод багш нар дургүйцэн эсэргүүцэхээр дипломыг эргүүлэн хураан авч устгасугай хэмээн тушаал гаргав.
  4. Их сургуулийн багш судлаачдын судалгааны ажлыг санхүүжүүлэх ШУТДС-ийн журмыг зөрчин, нийтэд мэдээлж, Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэлгүй, өөрийн хэдэн хүнийг шинжээчээр томилон өөрсдөө буюу лабораторит бус албан тасалгаанд суудаг сэтэртэнгүүд 650 сая төгрөг авч ЖДҮ-дсэн байна. Тухайлбал, Ж.Цолмонгийн саяхан ажилд шинээр авсан Н.Отгон гэгч хэн ч танихгүй нөхөрт таван төсөл өгсөн байх юм.

Ж.Цолмон гэгч их сургуулийг удирдах хэмжээний мэдлэг, боловсрол, төлөвшилгүй хүн юм. Тэр манай их сургуульд гологдож байна. Ингээд л байж байг уу, энэ танд хамаагүй юу Боловсролын сайд аа.

Эцэст нь МАН-ын том даргын шийдвэргүй хэн ч юу ч хийхийг хүсдэггүй мэдсэн ч мэдээгүй, харсан ч хараагүй дүр эсгэн өдөр хоногийг өнгөрөөсөөр өдийг хүрлээ. МАН-ын том дарга ТА шийдвэрээ гаргаж Анагаахын сургуулийг авраач” гэжээ.

www.Murch.mn