П.АМГАЛАНБАЯР, П.ДАВААЖАРГАЛ

Коронавирусийн халдвар авсан гэх нэрийдлээр дүн өвлийн хүйтэнд дөнгөж амаржсан эмэгтэйг гадуур хувцасгүй, гэрийн углааштай, хүй нь цөглөж амжаагүй үрийг нь эмнэлгийн хөнжилд ороон цэрвүүдүүхэн тэвэрч тусгаарлах байр руу зөөвөрлөж буй дүр зураг монголчуудын уур бухимдлыг дээд цэгт нь тулгав. Тодруулбал, энэ сарын 19-нд Нийслэлийн өргөө амаржих газар буюу нэгдүгээр төрөхөд амаржсан эхээс “Ковид-19” халдвар илэрсэн тул ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ ийн хүнлэг бус үйлдэл гаргасан юм.

Дэрээр амаа даран, халтирч унахгүйн тулд аажуухан алхах амаржсан эмэгтэйн нимгэн өмдний хормой салхинд дэрвэхэд эхээс төрсөн хэн бүхний өр өвдөхгүй байхын аргагүй. Тамирдаж сульдсан эх жавар тачигнасан хүйтэнд гадагш гарч, ханхай тэрэгний арын бүхээгт цомцойтол суух байтугай бие засах, хүүхдээ хөхүүлэхэд хүндрэлтэй. Гэтэл Монголын төр, хүний төлөө гэх уриатай эрүүл мэндийн салбарынхан шинэ иргэн, нялх биетэй эхэд харгисаас харгис хандсан юм. 

Уг үйлд явдлаар жил тойрон цар тахлын эсрэг тэмцэж буйгаа тунхагласан Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам хэдий хэмжээний бэлэн байдалтай байгаа нь харагдав. Камерын дуранд өртсөн нь ганц болохоос нүднээс далд хүний эрх хэдэнтээ зөрчигдөж байгааг таашгүй. Манай сонины 2021 оны нэгдүгээр сарын 13-ны лхагва гарагийн №08 (3718) дугаарт халдвар аваад эдгэрсэн иргэн “Эмч,сувилагч нар халдвар авсан хүнтэй дээрэнгүй харьцдаг” гэсэн нь үүгээр нотлогдов. 

Дэндүү хариуцлагагүй хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэмд байж боломжгүй эл үйлдэл “хүлцэнгүй” ард түмнийг цочроож, дуу хоолойгоо нэгтгэн, хөл хориог үл харгалзан жагсахад хүргэлээ. 

 

ХҮНИЙ ТӨЛӨӨ БАЙГУУЛЛАГУУД ХАРГИС ҮЙЛДЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ УУЧЛАЛТ ГУЙХ ХАНГАЛТГҮЙ 

Уг үйл явдлаас хойш 20 цагийн дараа “Нийслэлийн Өргөө амаржих газраас гүнээ уучлал хүлцэл өчих тухай” гэх албархуу, утга найруулгын алдаатай гарчигтай арьсаа хамгаалсан тайлбар цахим хуудастаа нийтлэв. Утгыг сийрүүлбэл, “Хэвтэн эмчлүүлэгч эх нярайн аюулгүй байдлыг хангахын тулд бид бүрэн бүрэлдэхүүнээрээ зохион байгуулалтад орж, шуурхай арга хэмжээ авч ажилласан. 

Халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, хавьтагчийг илрүүлэх, цааш тархаахгүй байх асуудал дээр гол анхаарлаа төвлөрүүлэн хариуцлагагүй алдаа гаргасанд төрсөн эх, нярай, түүний гэр бүлийнхнээс Өргөө амаржих газрын хамт олон гүнээ уучлал хүсэж байна” гэжээ. Дэлгэцийн ц а а н а а с у у ч л а л т г у й га а д өнгөрчихөж болно гэсэн хандлага олныг улам ч эгдүүцүүлэв. 

Мөн 11:00 цагийн хэвлэлийн хурлаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Биднийг уучлаарай. Цаашид эмнэлэг хооронд зөөвөрлөхдөө ийм алдаа дутагдал гаргахгүй” хэмээн мэд эгд эв. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал “Энэ бол хувь хүний хариуцлагагүй, сэтгэлгүй байдлаас үүдсэн алдаа дутагдал. “Өргөө” амаржих газар тусгаарлах өрөөтэй. 

Халдвартай иргэнийг эмнэлэг хооронд зөөвөрлөхдөө баримтлах дүрэм журмыг мөрдөөгүй. Хүлээн авч, шилжүүлж байгаа хоёр тал хариуцлага алдсанд маш их харамсаж байна” гэсэн юм. Хэзээ ч чин сэтгэлээсээ уучлалт гуйдаггүй хүчирхийлэгч нөхрийн амны уншлага шиг эл үгс гайхаж цочирдсон, гүн эмзэглэсэн иргэдийн чихний хажуугаар өнгөрөх нь тодорхой. Коронавирусийн дуулиан, хүнд сурталтай төрийн албан хаагчдын гороор цөөнгүй элэг нэгтнээ алдсан болохоор тэр. Халдвартай бүс нутгаас ирсэн нэрийдлээр 10 настай охиныг товчооны гадна хүлээлгэж, ээж аавтай нь уулзуулахгүй орь ганцааранг нь тусгаарласаар орчлонгоос явуулсан тохиолдол ч бий. Олныг цочирдуулсан энэ үйл явдал Хүний эрхийн үндэсний комисс үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн өдөртэй давхацсан юм. 

Харамсалтай нь, Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалах цор ганц төрийн байгууллагаас дараа өдрийнх нь үдийн алдад “Ирсэн гомдол, мэдээллийн дагуу ажиллаж, хүний эрхийг ханган ажиллах талаар санал, зөвлөмж боловсруулж УОК-д хүргүүлсэн. Хатуу хөл хорио тогтоосон учраас зарим талаар хэвийн ажиллахад хүндрэлтэй байлаа. “Өргөө” амаржих газарт болсон тохиолдол бол хүний эрхийн зөрчил мөн. Комиссын гишүүд эх, нярайн эрүүл мэнд эмнэлгийн ажилтан олон хоног өндөр ачаалалтай ажилласан ч байж болно. Хувь хүний хариуцлагагүй үйлдэл үү, тогтолцооны алдаа юу гэдгийг судалж тогтооно. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагын хувьд хэт нэг талыг барьж, бусдыг чичилж болохгүй” гэх мэдэгдэл хийв. 

Ард иргэд нь үзсэн харсандаа итгэж чадахгүй, эх, үр хоёрын эрүүл мэндийн уймарч дэн дун суухад хүний төлөө ажиллах чиг үүрэг бүхий байгууллагынхан “Судалж байна”, “Зөвлөмж хүргүүлсэн”, “Алдаа гаргасан ажилтантай хариуцлага тооцно” гэдэг жижүүрийн үгсээ хэлсээр хээвнэг суух аж. Ерөөс энэ түмэн дугаартай тушаал гаргаж, эрээн алаг болтол нь тамгалж өөд уруугүй шидэлцдэг ч учрыг нь ухаж, хэрэгжүүлдэггүйн тод жишээ. Хийсэн болж харагдах, алдаа дутагдлыг өөрөөсөө холдуулах гэсэн аминчхан сэтгэлгээ нь тэр. Тангараг өргөсөн эмч байтугай жирийн монгол ээжээс өлхөн гарах халамж, санаачлалыг умартсан албан тушаалтан, сайд дарга нар ажлаа өгөх ёстойг ард түмэн чангаар мэдэгдэв. 

 

Х.ТЭНГЭРХҮҮ: ДОТРОО БОДООД ӨНГӨРӨХ АСУУДАЛ БИШ 

“Уучлалт хэрэггүй”, “Одоо хангалттай УОК огцор”, “Ард түмнээ доромжилж ханалаа”, “Монголд хүний эрх гэж байна уу” гэсэн бичиг бүхий лоозон барьсан хүмүүс төв талбайд цугларчээ. Амаржсан эхэд хүн ёсоор хандаагүй, цар тахлаар далайлган жирийн иргэдээ дарангуйлж буйг эсэргүүцсэн иргэд сэтгэлийнхээ дуудлагаар нэгдээд буй нь энэ. Цугларсан олны дунд гэрийн халаад өмссөн нэг эрэгтэй гартаа “Монголд хүний эрх гэж байна уу” гэсэн самбарыг барьжээ. 

Энэ үеэр түүний санал бодлыг хуваалцсан юм. “Тэр эмэгтэйн дүр зургийг хараад маш их эмзэглэсэн. Шөнө ч унтаж чадаагүй. Миний ээж бие муутай эмнэлгээр байнга явдаг болохоор надад илүүтэй хүнд туссан. Магадгүй миний ээж, эгч, эхнэрийг минь ийм байдалтай авч явсан бол би хэзээ ч зүгээр сууж чадахгүй. Тэр эмэгтэй хэрэг хийсэн ялтан биш шүү дээ. Гэхдээ дотроо бодоод өнгөрөхийг хүссэнгүй. Иргэнээ сонсдог төрийн төлөө, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө энд халаадтай зогсож байна. Энэ үйлдэл дарга цэрэг нарын хүмүүсийн уучлалтыг сонсоод өнгөрөх асуудал биш” гэсэн юм.

 

 Н.ДАВААЖАРГАЛ: АМАРЖСАН ЭХЭД ИНГЭЖ ХАНДАЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ БУСАД ХҮНИЙГ ЯАХ НЬ ТОДОРХОЙ 

Цахимаар, амаржсан эмэгтэйг эмнэлгээс авч гарч байгаа дүр зургийг хараад нүдэндээ ч итгээгүй. Эхлээд УОК-ыг буруутгах гэсэн эвлүүлэг байх гэж бодсон. Гэтэл бодит үйл явдал гэдгийг мэдээд нойр ч хүрээгүй. Жавар тачигнасан өвлийн хүйтэнд нимгэн халаад, өмд, улавчтай, амаа дэрээр хааж, бяцхан үрээ өөр хэн нэгэнд тэврүүлээд тусгаарлалтын байр руу явж буй эхэд нь юу бодогдсон бол гэж бодохоор зүрх зүсэгдэх шиг болсон. Энэ бүхэн эцсийн эцэст хүн чанар, сэтгэл дутсан асуудал. Бүхэл бүтэн эмнэлэгт тэр эмэгтэйг ороогоод гарах хөнжил байгаагүй гэж үү дээ.

Хүмүүний хорвоод амьдарч буй бүхэн эхийн хэвлийгээс мэндэлж, ангир уургыг хөхөж хүн болсон. Тэгэхэд УОК, эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсээс эх хүнийг хайрлах сэтгэл гарсангүй. Өнгөрсөн хугацаанд тандалт судалгаа хийж байна”, “Халдварын эсрэг арга хэмжээ авч байна” гэж ярьсаар ирсэн. Гэтэл ганцхан эмэгтэйг, нялх хүүхэдтэй эмнэлгээс аваад гарах ажлыг ч олигтойхон хийж чадахгүй байна. 

Хэдхэн хоногийн өмнө хүүхдийн сайн сайхны төлөө гээд хандив цуглуулж, бүх сувгаар нэвтрүүлэг цацсан. Хүүхдийн төлөөх амлалт, ажил хэрэг тэнгэр, газар шиг зөрүүтэй байна. Дөнгөж амаржсан эхэд ингэж хандаж байгаа юм чинь бусад хүнийг яах нь тодорхой. Үр хүүхдийнхээ ирээдүйд үнэхээр санаа зовж байна. 

 

А.ОТГОНБААТАР: УОК АЛБАН ТУШААЛДАА ҮЛДЭХИЙН ТУЛД УУЛЧЛАЛТ ГУЙЖ БАЙНА 

“Гурван хүүхэдтэй аав хүний хувьд миний эхнэрийг ийм байдалд хүргэсэн бол зүгээр байж чадахгүй. Тэгээд өнөөдөр(өчигдөр) өглөө талбай дээр эхнэртэйгээ хамт ирж хүний эрхийн төлөө дуу хоолойгоо өргөж, лайв хийж байна. Зүрх сэтгэлээрээ нэгдсэн маш олон хүн хэдхэн цагийн дотор цугларлаа. Тухайн эмэгтэйг эмнэлгээс гаргахдаа ядаж хөнжил нөмрүүлээгүй нь хүн чанарын асуудал. 

Харин ийм байдал үүсгэх нөхцөл бүрдүүлж байгаа нь УОКын буруу шийдвэрийн үр нөлөө юм. Хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл ямар арга хэмжээ авах вэ гэдгийг тооцож, үүнд зориулсан шийдвэр гаргасан байх ёстой. Мөн 22-н товчоон дээр Архангайгаас ирсэн хүн харамсалтайгаар амиа алдсан. Тухайн үед дэргэд нь байсан эмч шийдтэй хариу сонсохоор удирдлага руугаа хэдэн зуун удаа утасдахад дуудлагыг нь авалгүй хугацаа алдсан байдаг. Төрийн дүрэм журам, бодлого шийдвэр, асуудал шийдвэрлэх тогтолцоо тодорхой байх ёстой. Ялангуяа, ийм нөхцөл байдалд. 

Гэтэл манай төр тендер иддэг, авлига авдаг газар болон хувирчээ. УОК уучлалт гуйсан ч алдаагаа ухаарсан үйлдэл биш юм. Албан тушаалдаа үлдэх гэсэн зүйл. Уучлалт гуйгаад а м и а а л д с а н и р г э н б о с о о д ирэхгүй. Амаржсан эхийн сэтгэлийн эмзэглэл, түмэн олны итгэл эргээд сэргэхгүй шүү дээ. Төрсний дараах гам алдсанаас маш олон эрсдэл үүсдэг. “Ковид19”-ийг эмчиллээ ч насан турш эрүүл мэндээрээ хохирно. Дахин ийм үйлдэл гаргахгүйн тулд бид одоо л таслан зогсоох ёстой. 

 

ШАДАР САЙД Я.СОДБААТАР, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН НАР ОГЦРОХ ӨРГӨДЛӨӨ ӨГЛӨӨ 

Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн салбарын хариуцлагагүй үйл ажиллагааг эсэргүүцэн Сүхбаатарын талбайд хийсэн иргэдийн жагсаал хэдхэн цагийн дотор хүрээгээ тэлж, даруй таван мянга гаруй хүн цуглав. Энэ бол эцсийн дүндээ цар тахлаар далайлган сүрдүүлж, иргэдийг хонины морь шиг номхон, дуулгавартай байлгахыг хүссэн төр засгийн эсрэг ард түмний нэгдэл юм. Элэг нэгтнээ харьд эндсэнийг сонсож, эцэг, охин хоёр уулзаж амжилгүй хагацахыг харсан ч чимээгүй мэгшин суусан олныг тамирдсан эхэд “танхайрсан” үйлдэл нэг мөсөн сэрээв. Цагийн цагт ойлгож, дэмжиж, тэвчиж ирсэн иргэдийн цөхрөл тартагтаа тулахдаа төв талбайдаа углааштай жагслаа.

Зар мэдээ, ухуулга сурталгүйгээр цугларсан үй ол он хүнийг харахад өнөөг хүртэл шүд зууж ирсэн нь илт. Мөдхөн амаржих эх өвлийн хүйтэнд, олны өмнө нүцгэлснээр тэмцэл дээд цэгтээ тулсан юм. Сонгуулиар намжиж, баяр ёслолоор идэвхэждэг коронавирус тэднийг айлгахаас өнгөрчээ. Хэдхэн цагийн өмнө гэртээ бүгж, гадуур харахдаа хүнээс зайдуухан алхаж байсан иргэд эх орон ирээдүй хойчийнхоо төлөө дуу хоолойгоо нэгтгэж УОК, ЭМЯ-ны холбогдох албан тушаалтныг огцрохыг шаардсан юм. Дээрх үйл явдал, иргэдийн шаардлагын дагуу УОК-ын дарга бөгөөд Шадар сайд, Эрүүл мэндийн нар өчигдөр мэдээлэл хийж, огцрох болсноо мэдэгдсэн юм. Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар “Өчигдрийн үйл явдалд гүнээ харамсаж, би чин сэтгэлээсээ мэдэгдэл гаргалаа. 

Шууд миний хариуцсан асуудал биш ч хүнлэг бус хүмүүс Монголын төрд ажиллаж байгаад харамсаж байна. Хариуцлагатай албанд томилсон Ерөнхий сайд болон нийт ард иргэдээсээ уучлал хүсэж байна. Хариуцсан салбар, даалгасан ажлаа хоёргүй сэтгэлээр гүйцэтгэж ирлээ. Алдаатай, оноотой ч бидний тэмцэл стратегийн том алдаа гаргаагүй гэдгээ цохон тэмдэглэе. “Ковид 19” цар тахалтай хамгийн амжилттай тэмцэж буй таван орны нэг нь манай улс байна. Хүнд цаг үед галын фронтод ажилласан эмч, цагдаагийн ажилтан, онцгой, цагдаагийн албан хаагч, нийслэл, дүүргийн албан хаагч нартаа баярлалаа. Засгийн газар, УИХ-д хамтран ажилласанд талархал илэрхийлье. 

Ингээд би Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын хувьд огцрох өргөдлөө хуулийн дагуу Ерөнхий сайдад өнөөдөр хүргүүлж байна. Дахин хэлэхэд нийт ард иргэдээсээ уучлалт хүсэж байна” гэлээ. Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн салбарт олон жил бугшсан асуудлыг сайжруулахын төлөө ажилласан. Тодорхой үр дүн гарсан гэж ойлгож байна. Эрүүл мэндийн салбарт 57 мянган ажилтан албан хаагч бий. 

Хэдэн хариуцлагагүй хүний үйлдлээс болж нойр хоолгүй зүтгэж буй олон мянган эрүүл мэндийн салбарынхныг буруутгаж болохгүй шүү гэдгийг хэлэхийг хүсэж байна. Ингээд Эрүүл мэндийн сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлж байна ” гэв. Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ХӨСҮТийн захирал Д.Нямхүү, “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгалан нарыг ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн юм. 

Ийн хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр, иргэнээ энэрдэггүй "хахир” төрийн эсрэг иргэдийн тэмцэл үр дүнд хүрэв. Хагас өдрийн дотор эвлэлдэн нэгдэж, үндс эн эрх ашиг, ирээдүй хойчийнхоо төлөө жагсаж чадсан нь Монголын ард түмний мөн чанар, хүч чадлын илэрхийлэл байлаа. Гагцхүү цаашид ч төр засгийн шийдвэрт хяналт тавьж, шаардлага хүргүүлж, хүнд суртал бугшин лавшрахаас сэргийлэх нь чухал юм.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН